ХасБанк СЭЗИС-тай хамтран ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
ХасБанк Санхүү эдийн засгийн их сургуультай хамтран олон улсын ERASMUS хөтөлбөр буюу ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг 6 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичигт ХасБанкны Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Зул, СЭЗИС-ийн Ректор Б.Мөнхбаяр нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлийнхээ дагуу ХасБанкны холбогдох газар, нэгжид бүтэн цагаар цалинтай дадлага хийн, ажиллангаа хичээлийн кредитээ бүрэн тооцуулж, богино хугацаанд туршлага хуримтлуулах боломжийг олгоод зогсохгүй нөгөө талаас Банкны хувьд шинэ залуу үеийнхний инновацлаг санал санаачилгад суурилан бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах харилцан үр ашигтай хамтрал юм.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд энэ хавар банк, санхүүгийн чиглэлээр төгсөж буй 10 оюутны дипломын ажлыг ХасБанкны менежментийн түвшинд ажиллаж буй 10 удирдах ажилтан менторлох бөгөөд ингэснээр банкны салбарт ажиллаж буй туршлагатай ажилтнуудын үнэ цэнтэй зөвлөгөөг авч, төгсөх боломж оюутнуудад олдож байгааг СЭЗИС-ийн Бакалаврын сургалт судалгаа хариуцсан проректор Б.Мөнхзаяа олзуурхан хэлж байлаа.
Хоёр тал хамтын ажиллагааны эхлэл болгон оюутнуудын дунд “GRIT with Us” өдөрлөгийг зохион байгуулж, ХасБанкны төлөөллүүд банканд ажиллаж буй туршлагаасаа хуваалцан, оюутнуудад зөвлөгөө мэдээлэл өгсөн бол урилгаар Youtuber, “Burii University” контентын үүсгэн байгуулагч Г.Бөридэм ирж оюутан залууст өөрийгөө таньж мэдэх, зорилгоо тодорхойлоход нь туслах сонирхолтой яриа өрнүүллээ.