ХасБанкны Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийн хөтөлбөр шилдэг төслөөр шалгарлаа
ХасБанкны Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийн хөтөлбөр Даян дэлхийн уур амьсгалын түншлэлийн сан (GCPF)-ийн 2024 оны шилдэг төслөөр шалгарч, 10-р сарын 18-ны өдөр Швейцарын Цюрих хотноо болсон ёслолын үеэр шагналыг гардаж авлаа. Энэ нь тус сангийн шагналыг Монголоос авч буй анхны тохиолдол юм.
Даян дэлхийн уур амьсгалын түншлэлийн сангаас XасБанкны Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийн хөтөлбөрийн байгаль орчинд оруулж буй хувь нэмэр, нийгэм, эдийн засгийн үр нөлөөг өндрөөр үнэлэн шилдгээр шалгаруулсан бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй барилгын зээлийн салбарыг хөгжүүлж, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх чиглэлээр сүүлийн 15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тогтвортой бодлого, тууштай үйл ажиллагаагаараа XасБанк бусад олон улсын нэр дэвшигчдээс илт ялгарсныг хэлж байлаа.
ХасБанк Даян дэлхийн уур амьсгалын түншлэлийн сан хоорондын хамтын ажиллагаа 2012 оноос эхлэлтэй бөгөөд 20 сая ам.долларын санхүүжилт авах гэрээ байгуулсан нь тус сангаас уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулахад зориулж Ази тивд хийсэн анхны санхүүжилтийн гэрээ болсон түүхтэй.
XасБанк 2016 онд НҮБ-ын Уур амьсгалын сангийн (УАНС) Үндэсний Хэрэгжүүлэгч байгууллага болсноосоо хойш тус сангийн хамтарсан санхүүжилттэй Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийг зах зээлд нэвтрүүлж, эрүүл, дулаан, тав тухтай, халаалтын цэвэр шийдэл бүхий орон сууцанд амьдрах боломжийг иргэд, харилцагчдадаа олгосоор байна.