ХасБанк ОУ-ын санхүүгийн байгууллагуудаас 75 сая ам.долларын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа
ХасБанк бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон байгаль орчинд ээлтэй бизнес, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих зорилгоор FMO (Нидерландын хөгжлийн агентлаг)-аас 50 сая ам.доллар, PROPARCO(Франц улсын хөгжлийн санхүүгийн байгууллага)-аас 25 сая ам.долларын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг санхүүжилтүүдийн 60-70% нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дэмжлэг болж, тэдний бизнесийн тогтвортой өсөлтийг хангах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд зарцуулагдана. ХасБанк санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх бодлогынхоо хүрээнд 2017 оноос эхлэн эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн илүү таатай боломжийг олгож, хүүгийн болон барьцааны хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож эхэлсэн бөгөөд зөвхөн 2023 онд гэхэд 10 мянга орчим бизнес эрхлэгч эмэгтэйд 352 тэрбум төгрөгийн бизнесийн зээлийг барьцаагүй болон барьцааны хөнгөлөлттэй олгосон байна.
Харин нийт эх үүсвэрийн 30%-аас 40%-ийг эрчим хүчний хэмнэлттэй болон сэргээгдэх эрчим хүчний техник технологиудын хэрэглээг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулна. Тухайлбал бизнес эрхлэгчид үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ тоног төхөөрөмжийг эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжөөр шинэчлэн сайжруулах, бизнесийн болон ахуйн барилга орон сууцыг сэргээгдэх эрчим хүчээр хангах зэрэг байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэхэд санхүүжилт авах боломжтой.