Гүйцэтгэх захирлын илгээлт
ХасБанк нь Нийгэм, байгаль орчны удирдлагын бодлогоо (НБУБ) анх 2002 онд Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө батлуулснаас хойш Эрхэм зорилго, хэтийн зорилтынхоо хүрээнд Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашиг хэмээн тодорхойлсон гурван тулгуур зарчмаар дамжуулан компанийн засаглал, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн нийгэм, байгаль орчны чиглэлийн стратегийн асуудлуудыг олон улсын дээд жишиг, шаардлагуудад нийцүүлэн хэрэгжүүлж ирлээ.
Банкны гурван тулгуур зарчмаа таниулан түгээх, нийгэм, байгаль орчны асуудлуудын талаар мэдлэг ойлголтыг дэлгэрүүлэх зорилгоор бид банкны харилцагч, хувь эзэмшигч, хөрөнгө оруулагч, ажиллагсад, ханган нийлүүлэгч, түншүүд болон нийгмийн бүлэг, иргэд зэрэг өргөн хүрээнд эрчимтэй хамтран ажиллаж байна.
Банкны нийгэм, байгаль орчны удирдлагын үндсэн үйл ажиллагаа, санаачлага болон хөгжил нь бизнесийнхээ чиглэл тус бүрээр ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах бидний хүсэл зоригт тулгуурлаж байгаа юм.
Бид хандив тусламжийн үйл ажиллагаа, уулзалт, мэдээлэл сурталчилгаагаараа дамжуулан сургууль, харилцагч, нутгийн иргэд, бизнес эрхлэгч болон оюутан сурагчдад ХасБанкны нийгэм, байгаль орчны зорилтуудтай танилцах боломжийг олгож байна. Эдгээр зорилтуудыг биелүүлэхийн тулд бид өөрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны улмаас байгаль орчинд үзүүлж болох сөрөг нөлөөг бууруулах санаачлага, ажлуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ харилцагч, түншүүдээ боловсруулах, зохистой хандлагуудыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн дүрэм, журам, жишиг болон арга, аргачлалыг ашиглан ажиллаж байна.
Өөрийн компанийн хэмжээнд хариуцлагатай бодлого хэрэгжүүлэх замаар бид эрчим хүч, ус, цаас, тээврийн түлш зэрэг нийт хэрэгцээ, хог хаягдлаа бууруулан ажиллаж байгаа нь бодит үр дүн өгч байна. Жишээлбэл, дотоод харилцаа, үйл ажиллагаандаа цаасан дээр хэвлэхээс зайлсхийх санаачлагыг хэрэгжүүлснээр бид нэг жилд 9 тонн цаасыг хэмнэж ирлээ.
Байгаль орчныг хамгаалах, энэрэл, сайн дурын хүчин зүтгэлээр зохистой хандлагуудыг олон нийтэд таниулан төлөвшүүлэх зорилгоор бид жил бүр уламжлал болсон мод тарих, орчноо цэвэрлэх, тохижуулах зэрэг ажлыг Улаанбаатар хот болон орон нутагт хэрэгжүүлж байна.
Банкнаас эрчим хүч хэмнэх, байгаль орчинд ээлтэй зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосноор хэрэглэгчийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, Улаанбаатар хотын нийт хүн ам, иргэдэд бодит, урт хугацааны үр ашиг өгч байна. 150,489 өрх буюу Улаанбаатар хотын нийт гэр хорооллын 81 хувь болох хүн амд нийлүүлсэн эрчим хүч хэмнэх бүтээгдэхүүн нь нүүрс, мод зэрэг түлшний хэрэглээ болон өрхийн зардлыг 50 орчим хувиар бууруулсан юм. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, түүнийг бууруулах талаар авч болох арга хэмжээнүүдийг таниулан тайлбарлах аян, үйл ажиллагааг хэрэгжүүллээ. 2014 онд бид нүүрстөрөгчийн хоёрдогч ислийн ялгаруулалтыг 330,000 тонноор бууруулсан байна.
2013 онд эхлүүлсэн Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зээлийн хөтөлбөрийн хүрээнд ХасБанк нь Дэлхийн Цаг Уурын Түншлэлийн Сан (GCPF)-тай хүчээ нэгтгэн эрчим хүчний хэрэглээ, нүүрстөрөгчийн хоёрдогч ислийн ялгаруулалтыг бууруулахад чиглэгдсэн төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулсан өртөг багатай санхүүжилт эрэлхийлж байгаа компани болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад туслалцаа үзүүлэв.
Бид санхүүгийн боловсролыг нийгэм, олон нийтэд түгээх замаар банкны бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулж ирсэн хандивын хөтөлбөрүүдээ үргэлжлүүллээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар, хөдөө орон нутгийн 38,140 хүүхэд, багш болон сайн дурын ажилтнууд хөтөлбөрт хамрагдан ач тусыг нь хүртээд байна.
Банкны зээлийн бодлогоор харилцагчийн үнэлгээг нийгэм, байгаль орчны чиглэлийн хууль тогтоомж, шаардлагуудад нийцэж байгаа эсэхээс хамааруулан тодорхойлж, хяналт мониторингийг хэрэгжүүлэх бөгөөд эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ банк болон харилцагчийн эрх ашгийг харгалзан үзнэ.
Бид Smart Campaign-ийн харилцагчийг хамгаалах стандарт жишигүүд, тэр дундаа ядуурлыг бууруулах зорилтыг хамруулсан нийгмийн чиглэлийн эрхэм зорилгыг батлан хэрэгжүүлж байна.
Даян Дэлхийн Ил Тод Тайлагналын гишүүний хувьд ХасБанк нь нийгэм, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллөө тогтмол хянаж, ядуурлыг бууруулах, эко банк, хариуцлагатай зээлийн ажиллагааны үзүүлэлтүүдийг ашиглан нөлөөг хэмждэг. Жишээлбэл, 2011 онд 16,550 харилцагчийг GRI-ийн “Бичил харилцагчийн онооны карт” хэрэглэн судалгаанд хамруулав.
ХасБанк нь Даян Дэлхийн Ил Тод Тайлагнал (GRI), НҮБ-ийн Даян Дэлхийн Гэрээ, Экваторын Зарчмууд, Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банкны Амлалтууд, Дэлхийн Бизнесийн Андгай, CITES болон ОУСК-ийн Гүйцэтгэлийн Стандартууд болон Нийгмийн Гүйцэтгэлийн Удирдлагын Түгээмэл Стандартуудад нэгдэж орсон байгууллагын хувьд тогтвортой хөгжлийн нийтлэг зарчим, жишиг стандартуудыг өдөр тутмын удирдлага, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Эдгээр үүрэг, зарчим нь банкны тогтвортой хөгжлийн стратеги, биелэлтүүдэд нөлөөлөн тодорхойлж байгаа юм.
ХасБанк нь Нийгмийн Хариуцлагатай Банкны Үйл ажиллагааг Дэмжих Дэлхий Нийтийн Эвсэл (GABV)-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд бүс нутгийн 110 гаруй гишүүн байгууллагыг нэгтгэн бичил санхүүгийн үйл ажиллагааг идэвхитэй хөгжүүлж буй Бичил Санхүүгийн Төв (Microfinance Center)-ийн гишүүн юм.
Үүнээс гадна Авилгалын Эсрэг Түншлэл (PACI)-ийн өмнө хүлээсэн үүргийн дагуу бид Авилгалтай Тэмцэх бодлого батлан хэрэгжүүлж байна.
Дотооддоо бид Монголын Менежментийн Холбоо, Монголын Банкны Холбоо, Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим болон байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, технологийг дэмжих зорилгоор шинээр байгуулагдсан Монголын Ногоон Технологийн Холбоо зэрэг байгууллагуудын гишүүн аж.
Банк нь нийгэм, байгаль орчны гүйцэтгэлийн тайлан, мэдээллээ олон нийт болон бусад сонирхогч тал тус бүртээ тогтмол хүргүүлж байна. Монгол Улсын нийгэм, байгаль орчин болон ард түмэнд ач тустай байхын тулд илүү их хүчин зүтгэл гаргах шаардлагатайг бид хүлээн зөвшөөрч, нийгэм, байгаль орчны гүйцэтгэлийнхээ ил тод байдлыг нэмэгдүүлэх, банкны сул, давуу талуудыг тогтоож, цаашид сайжруулах шаардлагатай ажил, асуудлуудыг тодорхойлох зорилгоор нийгмийн үнэлгээ хийлгэдэг. 2014 онд Planet Rating-ээс хоёр дахь удаа хийсэн Нийгмийн Гүйцэтгэлийн Үнэлгээгээр банкны рейтинг үнэлгээ “4 –“-аас 4 болж дээшилснээр ХасБанк дэлхийн хэмжээнд үнэлгээнд хамрагдсан 160 байгууллагаас топ 15, Азид 1 дүгээр байранд тус тус шалгарлаа.
Монгол Улсын тогтвортой өсөлт, хөгжилд үлгэрлэн манлайлан хувь нэмрээ оруулах зорилгоор ХасБанк нь тэргүүлэгч байгууллагын үүрэг ролийг Монголын Тогтвортой Санхүүжилтийн санаачлага, үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна. Бид Монгол Улсын бусад банкуудтай хамтран улс орны тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжих санаачлагыг гаргаж, Үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийг нийт банкны салбар болон ХасБанкны хэмжээнд батлав. Ийнхүү бид бизнесийн чиглэлийн үндсэн стратеги зорилтуудаа нийгэмд оруулах хөрөнгө оруулалттай тэнцвэржүүлэх талаар авсан үүрэг амлалтаа дахин баталгаажууллаа.
Тогтвортой санхүүжилт, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээрх үүрэг амлалтуудаа биелүүлэхийн тулд бид цаашид ч хүчин зүтгэл гаргана. ХасБанк шинэ зүйлийг санаачлан ард түмэнд ач тустай байж, Монгол Улсын тогтвортой хөгжилд нэмэрлэх оролцоогоо нэмэгдүүлэх болно.