Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк “Оюу толгой” ХХК-тай “Тэтгэвэр/хуримтлалын сан” үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ байгууллаа

Сайн засаглал, санхүүгийн хүртээмж, тогтвортой өсөлтийг эрхэмлэгч ХасБанк эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлсийг бүтээгч Оюу толгой ХХК-тай “Тэтгэвэр/хуримтлалын сан” үйлчилгээгээр хамтран ажиллахаар сонгогдож, ХасБанкны Гүйцэтгэх захирал Гүмэнжавын Цэвэгжав, Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Иргэдийн банк хариуцсан захирал Энэбишийн Уламбаяр, “Оюу толгой” ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Мелисса Шаненганге  болон Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Дашнямын Амарбаясгалан нар хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү “Тэтгэвэр/хуримтлалын сан”-д хамрагдсанаар “Оюу толгой” ХХК-ийн үндсэн ажилтнууд ХасБанканд данс нээлгэж, цалингаасаа сар бүр тодорхой хувиар хуримтлал үүсгэх бөгөөд “Оюу толгой” ХХК-ийн зүгээс мөн тухайн ажилтны үндсэн цалингийн тодорхой хувьтай тэнцүү дүнг сар бүр уг дансанд нэмж, харин ХасБанкнаас зах зээлд өрсөлдөхүйц хувиар сар бүр хүү тооцож олгосноор урт хугацаанд, тогтвортой өсөх хуримтлалыг бий болгох юм.

ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав гарын үсэг зурах ёслолын үеэр хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг, хөгжил дэвшилд үлэмж хувь нэмэр оруулж буй “Оюу толгой” ХХК-тай хамтран ажиллаж, олон мянган монгол залуусын ирээдүйн сайн сайхан байдал, санхүүгийн бат бэх суурийг бий болгох эхлэлийг тавьж байгаадаа баяртай байна. ХасБанк 2007 оноос Тэтгэвэрийн нэрийн дансны хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах урт хугацааны хуримтлалыг үүсгэж эхэлсэн нь санхүүгийн салбартаа төдийгүй Монголын нийт ажил олгогчдын хүний нөөцийн бодлогод үлгэр дуурайл, сайн жишээ болсон хөтөлбөр болж чадсан.” гэсэн бол,

“Оюу толгой” ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Мелисса Шаненганге хэлсэн үгэндээ “Тэтгэврийн хуримтлалын сан” бол ажилтнуудын маань урт хугацааны санхүүгийн баталгааны хөтөлбөр юм. Иймээс бид тухайн чиглэлээр нэр хүндтэй, итгэл хүлээсэн сайн банк сонгох зорилгоор олон оролцогч талаас бүрдсэн төслийн баг байгуулж өргөн хүрээтэй, өрсөлдөөнт сонгон шалгаруулалт явуулсан. Манай ажилтнуудад зориулан өгөөжтэй, найдвартай үйлчилгээ үзүүлэхээр санал болгосон ХасБанканд талархаж байна.” хэмээн онцолсон юм.