
ХасБанк ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Гүмэнжавын Цэвэгжав томилогдлоо
ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Банкны тухай хуулийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Гүмэнжавын Цэвэгжавыг ХасБанкны Гүйцэтгэх захирлаар томиллоо.
Гүмэнжавын Цэвэгжав нь 2011-2013 онуудад ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн (ТСН) Санхүү эрхэлсэн захирлаар, 2015 оны 9-р сараас эхлэн XaсБанкны Иргэдийн банк хариуцсан захирал, Ерөнхий захирлаар ажиллаж байсан.
Г.Цэвэгжав нь 2013 оны 3-р сараас 2019 оны 3-р сарын 26-ны өдрийг хүртэл XacЛизинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2014-2017 онуудад Тэнгэр Даатгал XXК-ийн ТУЗ-ийн даргын албыг тус тус хашиж байсан.
Тэрээр өмнө нь АНУ-д 2004-2011 онуудад хөрөнгө зохицуулалтын менежер, санхүүгийн шинжээчээр ажилласан туршлагатай.
Г.Цэвэгжав нь АНУ-ын Колорадогийн Их Сургуулийг олон улсын бизнес ба мэдээллийн системийн чиглэлээр бизнесийн удирдлагын бакалавр, АНУ-ын Режис Их Сургуулийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн.
ХасБанк болон ТСН-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) дарга Санжай Гупта “Г.Цэвэгжавыг Гүйцэтгэх Захирлаар томилж буйд таатай байна. ХасБанк болон ТСН-ийн хүрсэн амжилтыг улам бататган, бизнесийн болон цахим өөрчлөлтийг амжилттай удирдан манлайлж, хөгжлийн дараагийн түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсний зэрэгцээ “Магваны Болдоо нь ХасБанк болон ТСН, түүний бусад охин компанийн гүйцэтгэх удирдлагад 14 жил ажиллан, сайн засаглалын суурийг бэхжүүлээд зогсохгүй, хувьсан өөрчлөгдөж буй салбарт амжилттай өрсөлдөх чадавхыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. М.Болдоо нь ТУЗ-ийн даргаар шинээр томилогдсон надад болон Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжавт компанийн засаглал, залгамж халааг зохистой хэрэгжүүлэхэд тодорхой хугацаанд ахлах зөвлөхөөр ажиллах саналыг хүлээн авсанд талархаж байна.” хэмээн онцоллоо.
ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь банк, санхүүгийн түрээс, даатгал, хөрөнгө оруулалт, брокер, активын удирдлагын салбарт 2001 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.
ХасБанк нь Монгол Улсын системийн ач холбогдолтой банк бөгөөд сүүлийн арван жилийн хугацаанд Засгийн газар, МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад тогтмол дээгүүр байр эзлэн, The Banker, Global Finance, Euromoney зэрэг сэтгүүлээс гаргадаг олон улсын нэр хүндтэй санхүүгийн мэргэжилтнүүдийн үнэлгээгээр Монгол Улсын Шилдэг Банкаар жил дараалан тодорч, амжилттай ажиллаж байна.
ТэнГэр Санхүүгийн Нэгдэл
ХасБанк