
Бизнес өдөрлөг боллоо
ХасБанк Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан, олон мянган ажлын байр бий болгож буй жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хямд өртөгөөр бүрдүүлэн, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход онцгой анхаарч ирсэн.
Түүнчлэн бид харилцагчдадаа зөвхөн зээл олгоод зогсохгүй бизнесээ өргөжүүлэхэд нь хэрэгтэй мэдээллээр хангах "зөвлөх үйлчилгээ", харилцагчдаа хооронд холбож, бизнесийн хамтрагчаа олоход нь туслах "зуучлалын үйлчилгээ"-г үзүүлдэг билээ.
Энэ хүрээнд ХасБанк бизнес эрхлэгч харилцагчдадаа эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх, бизнесийн болон санхүүгийн зөвлөгөө өгөх зорилгоор Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD), Монголын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Хүрээлэнтэй хамтран "БИЗНЕС ӨДӨРЛӨГ"-ийг өнөөдөр Блью Скай зочид буудлын Кристал танхимд зохион байгууллаа.
Тус өдөрлөгт 70 гаруй бизнес эрхлэгч оролцож, Эдийн засгийн төлөв байдал, Бизнесийн судалгаа, зөвлөгөө, Хүний нөөцийн бодлого, Татварын төлөвлөлт зэрэг сэдвүүдээр илтгэл сонсож, сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Мөн өдөрлөгийн төгсгөлд зохион байгуулагчдын зүгээс нийт оролцогчдод бизнесийн болон санхүүгийн ганцаарчилсан зөвлөгөөнүүдийг өгсний зэрэгцээ ХасБанкнаас шаардлагатай санхүүжилтийг газар дээр нь шийдвэрлэсэн нь оролцогчдын талархлыг хүлээсэн юм.