Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Б.Мөнхзул: Бид энэ хугацаанд ямар ч асуудлыг харилцан ойлголцож шийдвэрлэсэн

ХасБанкны харилцагч, “Жүр Үр” ХХК-ийн захирал

Гэр бүлээрээ ярилцан, бялуу бэйкери чиглэлээр ажиллахаар шийдэж, бизнесээ гурвуулаа эхлүүлж байлаа. Одоо 1000 гаруй ажилтантай, Монгол Улсынхаа “Топ-100” аж ахуйн нэгжээр 4 удаа шалгарсан өнөр гэр бүл болжээ, манай “Жүр Үр”. 90-ээд оны үед нийгэм тэр аяараа цалин орлого багатайгаас хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн зах зээлд хамгийн их борлогддог, өнөөтэй харьцуулахад хүндхэн үе байлаа. “Жүр Үр” энэ онд 23 нас хүрсэн бол ХасБанк 20 жилийн ойгоо угтаж буй нь тухайн цаг үед байгуулагдан, хамтдаа өсөж, хамтдаа хөгжиж буй ижил түүхтэй байгууллагууд гэлтэй. 

ХасБанк санхүүгийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхөө бүрдүүлэн, түмэнд танигдсан банк болон хөгжиж буйд баяртай байдаг. Бид ХасБанктай хамтарч ажиллаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бизнесийн сайн түншүүд болтлоо хамтран ажиллаж, хоёр талынхаа эрх ашигт нийцсэн, өсөлт хөгжлийг бүтээлцэж ирлээ. ХасБанк бол компаниудыг бизнесийн шалгуураар зөв харж, үнэлж дүгнэж чаддаг, бизнесийн ёс суртахуунтай байгууллага гэж би үнэлдэг. Өнөөдөр банкнуудын үйл ажиллагааны чиглэл төстэй боловч өөр хоорондоо ялгарах онцлогтой болжээ. Миний бодлоор ХасБанк цэвэр банк санхүүгийн чиглэлдээ анхаардаг төдийгүй банкны салбарын ёс зүй, итгэл хүлээх байдал, байгууллагын соёл, дүрэм журмаараа бусдаасаа ялгарч чаддаг. 

Бялуу баярын ширээнд хүндтэй байр эзэлдэг учраас үзэмжтэй, амт чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйлчлүүлэгчдийнхээ баярыг нь чимэх чин эрмэлзлээр ажлаа эхлүүлсэн бөгөөд чанарыг чухалчлан ажилласаар ирсэн нь бидний өсөлт, хөгжлийн нэг гол түлхүүр гэж боддог. “Гоё бялуу хийе”, “Авсан хүн бүрийн сэтгэлд хоногших бялуу бүтээе” гэж бид шийдсэн. “Бялууг урлаг шиг бүтээвэл ямар гоё вэ” гэсэн хүсэл мөрөөдлөөс эхэлсэн. Үйлчлүүлэгчийн амьдрал, сэтгэл санаа ямар ч байсан, манайхаар үйлчлүүлээд гарахдаа урам зориг нэмж, баяр баяслыг мэдэрч, сайхан бүтээгдэхүүнээр сэтгэлийн цэнгэл эдлээсэй гэж хүсдэг. 

Эмэгтэй бизнес эрхчлэгчийн хувьд бизнесийн салбарт жендерийн асуудал тавигдах нь зүй ёсных гэж үздэг. Эмэгтэй бизнес эрхлэгч нар эрэгтэйчүүдээс ялгаатай нь ээж хүн, эзэгтэй хүний үүргээ биелүүлэнгээ бизнестээ ч бас амжилт гаргах шаардлагатай нүүр тулдаг учраас илүү их хүчин чармайлт, цаг хугацаа, тэвчээр шаардагддаг. Үр хүүхдээ төрүүлэх хугацаандаа ажлаасаа хөндийрөхөөс өөр аргагүйд хүрдэг учраас яах аргагүй улс орнууд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг байнга хэрэгжүүлж байна. ХасБанк ч энэ хэрэгцээ шаардлагыг мэдэрч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн, эко зээлийн гэх мэт амьдрал дээр бий болж буй чиг хандлагаа харсан, зорилтот санхүүгийн бүтээгдэхүүнийг гаргадаг онцлогтой. Бизнес эрхлэх гэж буй охид бүсгүйчүүд ихэвчлэн худалдан авагчийн гар дээр очих бүтээгдэхүүнийг харах бус томоохон компаниудын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь өөр нэгэн шинэ зах зээл байдаг. Монголын дийлэнх бизнесүүд 30 нас хүрч, хөлөө олж, олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний бэлтгэн нийлүүлэгч болох, хавсран ажиллах зах зээл бий гэдгийг сануулахыг хүсдэг. 

“Жүр Үр” компани маань “Аз жаргалаа хуваалцъя” гэсэн уриатай. Манай компани олон улсын ангиллаар дундаж, Монголын ангиллаар “Топ-100” компанид нэрлэгддэг билээ. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр тавьсан зорилт, хийж хэрэгжүүлэх ажил их бий. Энэ их үйлсэд хамтран ажиллах найдвартай түнш - ХасБанкны хамт олонд 20 жилийн ойн түүхт баярын мэндийг дэвшүүлье. Бид энэ хугацаанд ямар ч асуудлыг харилцан ойлголцож, шийдвэрлэсэн туршлагатай тул цаашид ч хамтдаа өсөж хөгжин, хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.