Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Г.Анхбаяр: ХасБанк мэдээллийн технологийн ач холбогдлыг эртнээс харж, томоохон хөрөнгө оруулалтууд хийсээр ирсэн

ХасБанкны Програм хөгжүүлэлтийн хэлтсийн захирал

Дөнгөж их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллана, ур чадвараа ахиулна гэсэн бодолтой л явсан үе. Тэр үеийн Монголын томоохон програм хангамжийн компанид ч орлоо. Банк, банк бус санхүүгийн байгууллагуудын програм хангамжийн сайжруулалт, засвар үйлчилгээний чиглэлээр  ажилладаг байв. Тэр үеэс миний сонирхлыг санхүүгийн салбар татаж эхэлсэн. Тэгээд л 2007 онд ХасБанканд орж байлаа.

Хамт олныхоо нэг хэсэг болоод 14 жил болжээ.  Програм хөгжүүлэгчээр ажлын гараагаа эхэлж байсан бол удалгүй програмын ахлах хөгжүүлэгч, ахлах системийн шинжээч, албаны менежер болсон. 2019 оноос Програм хөгжүүлэлтийн хэлтсийн захирлын албыг хашиж байна. Энэ хугацаанд олон сайхан дурсамжит мөчүүдийг хамт олонтойгоо өнгөрүүлжээ. 2010 оны нэгдүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Тавантолгойн салбар тооцооны төвүүдийг шинээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр явснаа бид дурсах дуртай. Өвөл шүү дээ, гэтэл говьд нарлаг өдрүүд налайж байсан. Удалгүй шуураад л. Бид ажлаа дуусгаад бяцхан аялалд гартал цасанд сууж, машинаа түрэхээс өөр замгүй болж билээ.

***

ХасБанкны үе үеийн чадварлаг удирдлагууд мэдээллийн технологи банкны салбарт чухал үүрэгтэй гэдгийг эртнээс харж, тухайн үедээ алс байсан боловч өнөөдөр эргээд харахад орчин цагийг угтсан алсын хараатай шийдвэр гарган томоохон хөрөнгө оруулалтууд хийсээр ирсэн юм. Тухайлбал, 2010 онд ХасБанк үндсэн системээ шинэчлэхээр болж, тухайн үед дэлхийн №1 банк санхүүгийн систем Оракл компанийн FLEXCUBE-ийг худалдан авч суурилуулж байлаа. Энэ нь олон улсын түвшинд хүрсэн санхүүгийн үйлчилгээг харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү боловсронгуй болгож сайжруулах, банкны хэвийн найдвартай ажиллагааг хангах зэрэг олон давуу талыг авчирсан шинэчлэл байв. Мөн орчин үеийн технологи болох Oracle Database, Oracle Exadata төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн.

Үүнээс гадна ХасБанк олон улсын Tier II стандартыг бүрэн хангасан Дата төвийг ашиглалтад оруулсан. Энэхүү стандарт цахилгаан эрчим хүч, хөргөлтийн систем, галын аюул зэрэг дэд бүтцийн ослоос үүдэх мэдээллийн технологийн үйл ажиллагааны доголдлыг 99.7% хүртэл бууруулсныг гэрчилдэг бөгөөд ХасБанк энэ батламжийг авсан Монгол Улсын хоёр дахь байгууллага болсон юм. Бид мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001:2005, төлбөрийн картын аюулгүй байдлын PCI-DSS зэрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлж, банкны ажиллагсад, хүний нөөц зэрэг мэдээллийн эх сурвалжтай харилцдаг бүхий л ажилтнуудаа сургаж, мэргэшүүлсээр байна.

Энэ бүгдээс надад хамгийн сорилттой нь 2010 оны банкны үндсэн системийг нэвтрүүлэх төсөл байсан юм. Нэвтрүүлсэн систем нь өмнөх системээс архитектурын хувьд эрс ялгаатай байсан болохоор мэдээллийн технологийн багийн бүтэц, зохион байгуулалт, ажиллах арга техник, мэдлэг чадварт том дэвшил авчирсан гэж боддог. Том төслийн ард гарахын тулд цаг наргүй ажиллаж байх үед М.Болдоо захирал нэг удаа “Та бүхэн цалинтай сургуульд сурч байгаа азтай хүмүүс шүү” гэж хэлсэн нь санаанаас ер гардаггүй. Ер нь дэлхийн жишигт нийцсэн системүүдийг нэвтрүүлэхээр ажиллах нь хувь хүний хувьд мэдлэг чадвараа нэмэх, суралцах боломж юм. Одоо ч бид хамгийн сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлэн ажиллаж, тэр бүрийд суралцсаар, улам мэргэшсээр байна.

***

Өнөөгийн банк санхүүгийн байгууллагууд бүтээгдэхүүнд суурилсан үйлчилгээнээс илүү технологид суурилсан үйлчилгээг харилцагчдад санал болгож байна. Харилцагчийг салбарт ирүүлэхгүй, банк нь өөрөө харилцагчид ойр байх технологийн шийдлийг нэвтрүүлж байна гэсэн үг. Бид үүний төлөө ажилладаг. Технологийн хөгжлийг дагаж үүсдэг эрсдэлүүдийн нэг нь харилцагчдын мэдээллийн аюулгүй байдал. Энэ эрсдэлийг бууруулахын тулд манай банк нууцлал, аюулгүй байдлын шаардлага хангасан системүүдийг нэвтрүүлэх, аюулгүй байдлын стандартуудыг хангах, системүүдийн аюулгүй ажиллагааг хянах, харилцагчдаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд сургах гэх мэт олон ажлыг тогтмол төлөвлөн ажил хэрэг болгосоор ирлээ. 

Хамт олон, ажиллах орчин, байгууллагын соёл гээд олон хүчин зүйл намайг ХасБанканд тогтвортой ажиллахад нөлөөлсөн гэж боддог. Хамтдаа шийддэг, хамтдаа бүтээдэг, хамтдаа баярладаг, өнөөдрийн ХасБанкны хөгжил дэвшилд гар бие оролцож байсан болон байгаа нийт Хасчууддаа 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.