Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


"Хуримтлал гэж юу вэ?" сургалт зохион байгууллаа

ХасБанк “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-тай хамтран Афлатон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Сонгино хайрхан дүүргийн ерөнхий боловсролын 104-р сургуулийн ахлах ангийн сурагчдад "Хуримтлал гэж юу вэ?" сэдэвтэй сургалтыг өчигдөр амжилттай зохион байгууллаа.

ХасБанк бага насны хүүхдүүдэд зориулсан "Афлатон", өсвөр насны хүүхдүүдэд зориулсан "Тэмүүлэл" санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрүүдийг 2010 оноос хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд тус хөтөлбөрөөр хүүхэд өөрийгөө танин мэдэж, авъяас чадвараа хөгжүүлэх, эрхээ эдэлж үүргээ ухамсарлах, мөнгө болон бусад баялгийг зөв зарцуулах, хуримтлуулах, төсөвлөж төлөвлөх, нийгмийн болон санхүүгийн үйл ажиллагааг өөрсдийн санаачилгаар зохион байгуулах чадварыг эзэмшдэг болно.


Сургалт дан гагц мөнгөн хуримтлал үүсгэх мэдлэг өгөхөөс гадна ур чадварын хуримтлалыг дэмжих зорилгоор "Рубик шоог хэн хурдан эвлүүлэх вэ" тэмцээнийг Дэлхийн Шооны Холбооны Монгол дахь төлөөлөгч, Монгол Улсын 3x3 рубик шооны рекордын эзэн Ө.Мягмардоржтой хамтран зохион байгуулан сурагчдынхаа авъяас чадварыг мөн сорьж, аваргуудыг тодруулсан юм.

Төгсгөлд нь тус сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан "Хуримтлал яагаад надад хэрэгтэй вэ" эссэ бичлэгийн уралдааны ялагчдыг тодруулан ирээдүйд хүрэхийг хүсэж буй мөрөөдөл зорилгодоо тууштай зүтгээрэй хэмээн ерөөж ХасБанканд хугацаатай хадгаламж нээлгэх эрх, дансанд орлого нэмэх, хамтдаа кино үзэх тасалбар зэрэг олон бэлгийг гардууллаа. 

Эссэ уралдааны ялагчдын бүтээлийг бид цувралаар та бүхэндээ хүргэх болно.

Мөрөөдөж чадвал – хийж чадна!