Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Торстен Клайн Бойнинг: Активын чанарын үнэлгээ банкуудын эрсдэлийн удирдлагын туршлагад маш том дэвшил авчирсан

ХасБанкны Эрсдэл хариуцсан захирал, Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгч Торстен Клайн Бойнингтэй ярилцлаа.

- Манай "Монголбанкны мэдээлэл" товхимлын Банкир буланд оролцож байгаа танд баярлалаа. Юун түрүүнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар яриагаа эхэлье.

- Миний бодлоор эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал харьцангуй таатай байна. Бид эдийн засгийн маш хүнд байдлаас гарч чадсан, түүнээс хойш амжилттай сэргэлээ. Манай банкны хувьд эерэг өөрчлөлтүүд, ялангуяа багц дээр багагүй ахиц гарлаа. Би энэ чиг хандлага 2018 оныг дуустал болон 2019 оны турш үргэлжилнэ гэж өөдрөгөөр харж байна.

- Та ХасБанкинд 2017 оноос хойш Эрсдэл хариуцсан захирлаар ажиллаж байгаа. Мөн эрсдэлийн удирдлага тал дээр өндөр туршлагатай хүн. Банкны салбарт ихээхэн ахиц гарч, өмнөхөөс илүү тогтвортой болоод байгаа ч аливаа салбарт үргэлж тодорхой эрсдэл оршсоор байдаг. Таны бодлоор Монголын банкны салбарт ямар эрсдэл оршиж байна гэж үзэж байна вэ?

- Тийм ээ, Би ХасБанкинд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Банкны салбарын эрсдэлийн талаар ярих юм бол үл хөдлөх хөрөнгийн зах болон хэрэглээний зээлийн талаар онцлон ярих нь зүйтэй болов уу. Та бидний харж байгаачлан бүтээн байгуулалтууд эрчтэй явагдаж байгаа энэ цаг үед үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хэт нийлүүлэлт үүсээд байна. Мөн валютын ханшийн эрсдэл. Гэхдээ банкууд өмнөх түүхээс суралцсан гэдэгт итгэж байна. ХасБанкны хувьд, бид харилцагчид ханшийн эрсдэлийн талаар идэвхтэй зөвлөж, гэрээний үндсэн дээр албадан хөрвүүлэлт хийх зэрэг чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Ингэснээр бид харилцагчдаа удирдаж, үл болох ханшийн эрсдэлээс хамгаалж байгаа юм. Тухайлбал, гадаад валютын ханш өсч тодорхой төвшинд хүрэх үед зээлийг төгрөг рүү шилжүүлж, харилцагчийн зээлийн эрсдэлийг хязгаарладаг.

Цаашлаад уул уурхайн салбарыг дурдахгүй өнгөрч болохгүй бөгөөд энэ салбар нь мөчлөгийн шинжтэй. Тиймээс өмнөх мөчлөгийн өөрчлөлтөөс банкууд сургамж авсан болов уу гэж найдаж байна. Энэ оны 10 дугаар сарыг авч үзвэл системийн чанаргүй зээлийн төвшин 12 хувьд хүрч өссөн нь өндөр өсөлт юм. Гэхдээ, мөн үед ХасБанкны чанаргүй зээлийн төвшин 5.3%-аар буурсан нь энэ хандлагаас эсрэг чиглэлд байна. Системийн чанаргүй зээл болон үүнтэй холбоотой эрсдэлүүдийг Монголбанк зохицуулж, арга хэмжээ авч чадна гэдэгт би итгэж байгаа. Тиймээс ч зах зээлд тогтворгүй байдал үүсэхгүй. Банкуудад 2017 болон 2018 онд Активын чанарын үнэлгээг хийсэн. Энд онцолж хэлэхэд Монголбанк, цаашлаад Монгол Улсын бодлого тодорхойлогч нар энэхүү үнэлгээг хийснээр хэд хэдэн маш хэрэгтэй зохицуулалтыг бий болгосон. Үүнд арга хэмжээ авах, дахин хөрөнгөжүүлэх, үйл ажиллагаа доголдох үед тогтворжуулж, нөхөн сэргээх, чанаргүй зээлийг бууруулах стратеги хэрэгжүүлэх гэх мэт зохицуулалт багтаж байгаа. Эдгээр зохицуулалт нь хэрэгжсэнээр банкны салбар аливаа нөхцөл байдалд бүрэн бэлтгэлтэй байх юм.

- ОУВС-ийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж, улирал тутам хийгддэг ээлжит үнэлгээг хийж дуусгасан. Тус үнэлгээний, ажлын хэсгийн мэдэгдэлд банкны салбарын өөрийн хөрөнгө тал дээр эмзэг байдал оршсон хэвээр байна гэжээ. Үүнийг та хэрхэн үзэж байна вэ?

- Монгол Улсын банкны салбар, түүний чиг хандлага 3, 4 жилийн өмнөхөөс ихээхэн сайжирсан. Гэхдээ Активын чанарын үнэлгээ болон түүний үр дүнгийн талаарх олон нийтийн ойлголт, ухамсарлах өнцөг дээр маш болгоомжтой ажиллах хэрэгтэй. Энэ үйл ажиллагаан дээр Монголбанк маш тогтвортойгоор анхаарч байгаа гэж би үзэж байна. Зээлийн өсөлт сүүлийн үед эрчимжлээ. Үүнийг дагаж эрсдэл хуримтлагдахаас сэргийлэн Монголбанкнаас шинэ үйл ажиллагааны чиглэл, макро зохистой бодлогын хүрээнд хэд хэдэн бодлогын шийдвэр гаргасан. Тухайлбал, иргэдийн хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 70%-д, хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр боллоо.

Үүнийг хэрэглээний зээлийн хязгаарлалт гэж хэлж болно. Үнэнийг хэлэхэд гол зорилго нь хязгаарлахаас илүү хэрэглэгчийг хамгаалахад чиглэдэг. ХасБанк нь үргэлж хэрэглэгчийг хамгаалах зарчим бүхий олон улсын туршлага, бодлогыг дагадаг бөгөөд үүнийгээ гадны байгууллагаар үнэлүүлдэг. Тиймээс ч бид дотоод журмаараа өр-орлогын харьцааг 65%-д тогтоож, зээлийн эргэн төлөлтийн хугацааг 48 сараар хязгаарласан. Миний бодлоор эдгээр зохицуулалт, бодлогын арга хэмжээ нь Иргэдийн зээл хэт их өсөхөөс сэргийлэхэд тустай.

- Банкны салбарт эрсдэлийг сайн удирдаж чадсан нь илүү их өгөөж хүртдэг. Таны бодлоор өнөөг хүртэл Монголын банкны салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоо хэрхэн хөгжиж байна вэ?

- Миний бодлоор саяхан хийгдсэн Активын чанарын үнэлгээ нь банкны салбарын эрсдэлийн удирдлагын туршлагад маш том дэвшил авчирсан. Энэ нь банкуудын барьцаа хөрөнгийн үнэлгээ, актив ангилал, тайлагнал зэрэгт дэвшил авчирч, олон улсын туршлагатай ойртуулж өгсөн. Хэдийгээр хүмүүс, тухайлбал би, АЧҮ-ний хэрэгжилт дээр гомдоллож байсан ч, энэ нь банкны салбарыг чадавхжуулж, сайн туршлагыг нутагшуулж чадсаныг хэлэх хэрэгтэй. Миний хувьд одоо сэтгэл хангалуун байгаа. ХасБанк ч энэ чиглэлийн туршлагыг хэрэгжүүлж байсан. Тиймээс тус үнэлгээ тийм ч их хүндрэлийг үүсгээгүй. Өдгөө чанаргүй зээлийг бууруулах стратеги, нөхөн сэргээх төлөвлөгөө зэрэг шинэ зохицуулалт нь сайн туршлагыг авчирна гэж харж байна. Хэрвээ надад хүсэх зүйл байгаа бол Монголбанк гүйцэтгэлд суурилсан сэтгэлгээнээс эрсдэлд суурилсан сэтгэлгээ бүхий зохицуулалтад шилжих нь чухал юм.

- Энд ярихгүй өнгөрч болохгүй өөр нэг сэдэв бол актив удирдлагын компани. Актив удирдлагын компани нь эрсдэлийн удирдлагад томоохон давуу талыг бий болгодог. Гэхдээ үүн дээр бага зэрэг зөрүүтэй байр сууриуд ажиглагдах боллоо. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

- Актив удирдлагын компанийг бие даасан арга хэмжээ гэхээс илүү томоохон бүтцийн нэг хэсэг гэдгийг ойлгох нь зүйтэй болов уу. Чанаргүй зээлийг шийдвэрлэхийн тулд хэд хэдэн арга хэрэгсэл хэрэгтэй. 

Юун түрүүнд эрсдэлийн сан байгуулах, актив ангилал хийх хэрэгтэй. Банкууд эрсдэлийн сан, актив ангиллаа зүй зохистой бөгөөд цаг тухайд нь байгуулж байх хэрэгтэй. Хоёрдугаарт хууль эрх зүйн тогтолцоо байгаа. Үүнд актив удирдлагын компани, компаний өрийн бүтцийн өөрчлөлтийн хороо буюу тогтолцоо зэрэг багтана. Компаний өрийн бүтцийг өөрчлөлтийн хороо нь чанаргүй зээл, актив нь актив удирдлагын компанид шилжихээс өмнө арга хэмжээ авах бүтэц, үйл ажиллагаа юм. Энэ тал дээр Азийн хөгжлийн банк Монголын арилжааны банкуудтай хамтран ажиллаж байсан. Гуравдугаарт, хийвэл зохих зүйл бол дампуурлын тухай хууль, буюу хамгаалалт юм. Техникийн хувьд харилцагч дампуурах үед банкууд хэзээ арга хэмжээ авч, төлөгдөхгүй болсон зээлийн барьцаа хөрөнгийг мэдэлдээ авах нь тодорхой байх хэрэгтэй.

Актив удирдлагын компанийг тухайлан авч үзвэл хэд хэдэн боломжууд байгаа. Олон Улсын туршлагад актив удирдлагын компани нь тус дэмтэй хэрэгсэл болж ирсэн. Үүнд Малайз, Индонез, Герман, БНХАУ зэрэг улсын жишээг дурдаж болно. Тэр дундаа БНХАУ нь маш сонирхолтой жишээ. Учир нь БНХАУ-д чанаргүй зээл Актив удирдлагын компанид шилжээд 10- аас олон жил болдог. 

Тэгэхээр банкуудын балансаас яагаад чанаргүй зээлийг авах ёстой юм бэ гэсэн асуулт гарна. Банкны салбараас харахад санхүүгийн зах зээлийн дийлэнх чанаргүй зээл нь эдийн засгийн өмнөх хүндрэлээс үүдэн гарч ирсэн байгаа. Тэгэхээр тэдгээр нь аль хэдийн 2-3 жилийн настай гэсэн үг. Монгол Улсын эдийн засаг нь мөчлөгийн бөгөөд дараагийн хямрал болох үед чанаргүй зээлийн хэмжээ бүр их хуримтлагдаж, илүү их хүндрэлийг бий болгоно. Үүн дээр шүүх тогтолцооны ч дэмжлэг байх хэрэгтэй. Учир нь өнөөгийн байдлаар актив, барьцаа хөрөнгийг шийдвэрлэхээр шүүх дээр очиход 3-5 жилийн хугацаа шаардаж байна. Бүр зарим тохиолдол шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлэх боломжгүй байна.

- Актив удирдлагын компани нь төрийн өмчит байвал зохимжтой юу эсвэл хувийн өмчийнх байвал дээр үү?

- Аль аль нь боломжтой учраас аль нэгийг нь би онцлохгүй. Хэрэв төрийн өмчит актив удирдлагын компани байгуулвал санхүүжилтийн эх үүсвэр нь янз янз байх боломжтой. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжигдэхгүй байвал зохино. Хэрэв чанаргүй активыг 10-15 жил байлгабал инфляци өөрөө шийдлийг олоход дэмжлэг болдог. Хамгийн гол нь тэдгээр чанаргүй активыг банкуудын балансаас авч эргэлтэд оруулах хэрэгтэй. Улсын дундаж инфляци 5-8 хувь байх үед цаг хугацаа бол хамгийн том холбоотон юм.

- Бидний бүх анхаарлыг шаардсан өөр нэг томоохон эрсдэл бол Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээний асуудлууд юм. Манай улс 2017 онд APG байгууллагаас энэ тогтолцоог сайжруулах зөвлөмж, үүрэг авсан. Өдгөө хууль эрх зүйн тогтолцоонд маш том ахиц гарсан. Гэхдээ нөгөө талд хэрэгжилт болон дагаж мөрдөх тал дээр хэр ахиц гарсан гэж үзэж байна вэ?

- Юун түрүүнд би Монголын Засгийн газар болон донор орон, салбарын хамтарсан хүчин чармайлтад маш их талархаж буйгаа хэлэх хэрэгтэй. Би банкны салбараас зохион байгуулсан “Комплаенс Форум”-д хоёр дахь жилдээ оролцсон. Тэнд оролцож байхад банкны салбар, бодит салбар, хяналт шалгалтын байгууллагууд, бодлого тодорхойлогч нарын зүгээс ихээхэн ахиц гаргасан болохыг анзаарсан. Монгол Улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, арга хэмжээг чадавхжуулахын тулд APG-ийн харилцагчаа таниж мэдэх материал зэрэг маш олон зүйл чухал.

Нэгдүгээрт өөр өөр байгууллага, зах зээлд оролцогчид мэдээллийг хуваалцах тухай. Одоогийн байдлаар банкууд мэдээллийг зөвхөн хяналт шалгалтын байгууллага Монголбанктай л хуваалцаж байгаа. Гэхдээ нөгөө талаас мэдээлэл мөн нийлүүлбэл бид илүү их хурдтай, үр дүнтэй, тодорхой ажиллаж, арга хэмжээ авах боломжтой.

Хоёрдугаарт, хяналт шалгалтын эрсдэлд суурилсан зарчим бол маш чухал. Монголчуудын буюу банкны салбарын харилцагчдын 97% нь сайн хүмүүс. Гэхдээ бусад оронтой адил хүндрэл учруулдаг харилцагчид байдаг ба энэ нь үлдсэн 3% юм. Өнөөгийн хяналт шалгалтын зарчим, үзэмжээр, бүх харилцагчдад ижил ханддаг ба энэ үед маш их цаг хугацаа, зардал, хүчин чармайлт, анхаарал, яриа хэлэлцээр шаардаж байна. Тиймээс түрүүн хэлсэнчлэн Төв банк эрсдэлд суурилсан зарчимд шилжих нь зүйтэй юм. Банкууд 97%-ийг харахаас илүү тэрхүү 3% дээр илүү их анхаарал хандуулбал зохино.

Өөр нэг чухал асуудал бол бид банкны салбар болон банкнаас бусад санхүүгийн зах зээлийн комплаенс дээр ижил төвшинд анхаарах хэрэгтэй. Одоогийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагууд, хуульчид, үл хөдлөх хөрөнгийн брокер зэрэг оролцогчид харилцан адилгүй төвшинд комплаенсийг хангаж байна. Эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхийн тулд тэдгээрийг банктай ижил төвшинд авчрах хэрэгтэй. СЗХ-ны хүчин чармайлтад баяртай байгаа ч илүү их хурдтай, нямбай ажиллах хэрэгтэй болов уу.

Гурав дахь чухал зүйл бол бид гадны клиринг банк болон бусад банкуудтай харилцаж байх үед улс төрд нөлөө бүхий этгээд (УТНБЭ), эцсийн өмчлөгч гэсэн ойлголтуудыг тодорхой болгох нь чухал. Бусад жишгээс харахад Засгийн газраас УТНБЭ-ийн нэрсийн жагсаалтыг гаргаж, банкууд үйл ажиллагаандаа ашигладаг. Өөр нэг онцлох ойлголт бол эцсийн өмчлөгч. ХасБанкны хувьд бид үүнийг маш чухлаар хүлээж авдаг. Болгар Улсын жишээн дээрээс харахад компанийн бүртгэлийг багтаасан олон нийтэд нээлттэй дата сан байдаг. Би аль нэг компанийн регистрийн дугаар хийвэл хамаарал бүхий этгээд, эзэмшигч, эцсийн эзэмшигч, шүүхийн шийдвэр – тохиолдлууд гээд өргөн хүрээний мэдээллийг авах боломжтой. Энэ нь Засгийн газраас үзүүлдэг нээлттэй үйлчилгээ бөгөөд гол гайхамшиг нь банкуудын ажлыг маш их хөнгөвчилдөг. Энэ нь зардлыг хэмнэж, харилцагчийн төлөх шимтгэл, бичиг цаасны ажлыг багасгадаг. Мөн энэ нь банкуудын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг өндөр төвшинд хадгалдаг. Одоогийн байдлаар Монголын банкууд мэдээллийг тухайн компаниас авдаг нь тийм ч оновчтой биш.

Эцэст нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар илүү их танилцуулж, олон улсад мэдээлж байх хэрэгтэй болов уу. Миний ажиглалтаар бид нэг бол хэтэрхий даруухан байна, эсвэл хэрхэн илэрхийлэх ээ мэдэхгүй байх шиг байна. Энд аль нэг нь гэлтгүй санхүүгийн салбар, хууль эрх зүйн зэрэг албан салбар, хяналт шалгалтын байгууллагууд нь бүгд хамтарч нэг чиглэлд ажиллавал эерэг үр дүнд хүрнэ. APG-ийн тайланд Монгол Улсыг сайнгүй бичсэн боловч үнэндээ нөхцөл байдал тийм ч муу биш байгаа.

- Манай ярилцлагын эхний хэсэг ийнхүү өндөрлөж байна. Хоёр дахь хэсэгт таны талаар болон таны мэргэжлийн талаар ярих болно. Таны овгоос харахад Та Герман хүн бололтой. Та Германы аль хэсэгт төрж өссөн бэ?

- Би ХБНГУ-ын баруун хойд хэсэгт орших, Мьюнстер хотод төрсөн. Энэ салбарт одоо 20 гаруй жил ажиллаад байна. Өмнө нь би Сингапур дахь “Стандар Чартерд” банкинд ажиллаж, Олон улсын тайлагналын 9 дүгээр стандартын загвар, стресс тест зэрэг эрсдэлийн засаглал, комплаенсийн загварууд дээр ажиллаж байсан. Түүнээс өмнө Ойрхи Дорнодын хамгийн том банкуудын нэг “Эмират NBD” банкинд Дубай хотноо ажиллаж байсан. Миний бие тэнд 2008 оны үл хөдлөх хөрөнгийн хямралын дараахан хөрөнгийн багц удирдах багийн гишүүнээр ажилласан. Тиймээс тэнд харж, туулж байсан зүйлс маань энд ч давтагдаж байна. Түүнээс өмнө би Саудын Араб дахь “Сауд Америкийн банк” буюу Самба (хуучин Citi банкны нэгдэлд багтдаг байсан) нэртэй банкинд ажиллаж байсан. Мөн би Австри Улсад Базелийн II-р стандартын 11 улс дахь хэрэгжилтийг хариуцан ажиллаж байлаа. Тэнд л би банкны салбарт татагдан орсон. Миний ажлын түүхийг харвал би Олон Улсын Санхүүгийн Институттэй тун ойр ажилласан. Энэ нь дэлхийн банкуудын томоохон ассоциаци юм. Мөн би Базелийн хороотой хамтран ажлын хэсэгт орж эрсдэлээр жигнэсэн актив, эрсдэлийн загварууд дээр ажиллаж байлаа.

Өдгөө би Монгол Улсад хэд хэдэн албан тушаалыг зэрэг хашиж байна. Нэгдүгээрт, хамгийн том ажил маань ХасБанкны Эрсдэл хариуцсан захирал. Маш сонирхолтой ажил. Түүнчлэн, би Тэнгэр Санхүүгийн Нэгдэлд эрсдэл хариуцан ажиллаж байна. Мөн надад итгэл хүлээлгэсэн тул Монголын банкны холбоонд дэд ерөнхийлөгчөөр комплаенс, хууль эрх зүй, кибер эрсдэл зэргийг анхааран ажиллаж байгаа. Цаашлаад DMUV буюу Герман, Монголын бизнес эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлд сууж байгаа.

Монголд ажиллах надад таалагддаг. Монгол сайн сайхан руу хүрэх өөрчлөлтийг хийх боломжтой улс. ХасБанкны ажилтнууд хэдий залуу ч тэд надад сэтгэгдэл төрүүлсэн. Тэд шинийг сурахыг, сайнаар өөрчлөгдөхийг хүсэж эрмэлздэг. Нөгөө талаас удирдлагын багт маш их эрч хүчтэй, нээлттэй сэтгэлгээтэй хүмүүс багтдаг.

- Та яагаад банкны салбарыг сонгож, эрсдэл талыг хариуцдаг болсон бэ?

- Үнэнийг хэлэхэд би банкны салбарт санамсаргүй орсон. Угтаа бол би ажлын гараагаа мэдээллийн технологийн зөвлөхөөр эхэлсэн. Би Америкт төвтэй консалтинг компанид дата сан байгуулах, дата төв сонгох гэх мэт ажлыг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Улмаар би үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагааны эрсдэл, түүний дата санг хөгжүүлэх ажлыг хийж байсан. Германы Дресднер Банк буюу тухайн үеийн хамгийн нэр хүндтэй банк манай үйлчлүүлэгч байсан, тэдний үйл ажиллагааны эрсдэлийн загварыг баталгаажуулах нэр хүндтэй ажил надад ногдсон юм. Ингэснээр би үйл ажиллагааны эрсдэл рүү орсон нь надад маш их таалагдсан. Тэнд надад Австри Улс руу явах боломж гарч Базел II-ийн хэрэгжилтийг зохицуулах ажилд очсон. Тогтолцоо, загвар, үйл ажиллагаа, хэлэлцээрт оролцогчидтой хийх харилцаа гээд маш олон зүйл дээр ажилласан. Тэнд л эрсдэлийн удирдлага хэмээх зүйлд би халтирч орсон юм даа.

Эрсдэлийн удирдлага нь банкинд тээр болохгүй, харин ч дэмжлэг үзүүлэх ёстой зүйл. ХасБанк нь “Хамгаалалтын 3 бүс” хэмээх үзэл баримтлал – концепцыг ашигладаг. Газар нэгжүүд өөрсдийн эрсдэлийг хянаж, зохицуулах нь эхний бүс. Хоёрдугаарх бүс бол, эрсдэлийн удирдлагын тогтолцоо, бодлого, журам зааврыг боловсруулах ажил багтана. Энд эрсдэлийн удирдлагын хяналтыг хийж бизнесийн үйл ажиллагаа зохих хил хязгаарыг давахгүй, эсвэл бидний зүгээс тэдэнд өгсөн зөвлөмжийн дагуу ажиллаж байна уу гэдгийг анхаардаг. Гурав дахь бүс бол хараат бус аудит хийлгэж, нэг болон хоёрдугаар хамгаалалтын бүс зүй зохистой ажиллаж байна уу гэдгийг хянадаг. Мөн Удирдах зөвлөл нь дэргэдэх дотоод аудитын нэгжээс хараат бус баталгаажуулалт авдаг. Эрсдэлийн үйл ажиллагаа нь тогтвортой ашгийг бүрдүүлэхийн тулд эрсдэлийг зохистой удирдах явдал юм.

- Та залуу банкируудад ямар зөвлөгөө өгөх вэ?

- Надад 3 зөвлөгөө байна. Юун түрүүнд, нээлттэй бай. Залуучууд хайрцаглагдаж, зөвхөн хий гэснийг хийдэг сэтгэлгээтэй байж болохгүй. Чи өөрийгөө юу хийх болон хийж чаддагаа ойлгосон байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, хэрэв чи банкны салбарт ажиллах гэж байгаа бол харилцагчийн сэтгэхүй – менталитиг ойлгосон байвал зохино. Учир нь харилцагч, хэрэглэгч гэдэг чинь л банкийг бий болгож байгаа. Дүрэм журам, зааврыг би болгосноор чи 100% эрсдэлгүй ажиллаж болох ч, нөгөө талд харилцагчдын тоо цөөрөх аюултай. Тиймээс харилцагчийн сонирхол болон банк, түүний хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Эцэст нь эрсдэлээс битгий ай. Учир нь банкны бизнес гэдэг бол эрсдэлийг удирдах урлаг юм. Хэрэв эрсдэл байхгүй бол тэнд хүү төлөхгүй. Кредит гэдэг үгний утга нь өөрөө “Итгэх” юм. Тиймээс тэнд үргэлж тодорхойгүй байдал, зээл эргэн төлөгдөхгүй байх аюул оршсоор байдаг тул алдагдлыг удирдаж, энэ бүхнийг хийж эрсдэлийг хүлээж авсныхаа хариуд шагнагдаж байх ёстой.

- Нөгөө талаас таныг залуу байхад танд өгч байсан хамгийн сайхан зөвлөгөө юу байв?

- Намайг Германд ажиллаж байхад тухайн үед миний дарга байсан хүн “Сайн гэдэг бол хангалттай гэсэн үг биш, чи илүү сайн байх хэрэгтэй” гэж байсан. Мөн “Хэцүү хэмээх шалтгаар хэзээ ч битгий ажлаас хойш сууж бай” гэж байсан.

- Сайхан зөвлөгөө байна. Ийнхүү бидний ярилцлага дуусч байна. Цаг заваа гарган ярилцсанд баярлалаа.


Эх сурвалж: "Монголбанкны мэдээлэл" сэтгүүлийн 2018 оны XI сарын дугаар №25