
ХасБанк Тогтвортой санхүүжилтийн “Онцлох ТоС байгууллага”-аар шалгарлаа
“Монгол Улсын тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр”-ийн хүрээнд ТоС холбоо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран жил бүр Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн бодлогыг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд салбартаа манлайлан, үнэтэй хувь нэмэр оруулсан банкнуудыг тодруулдаг уламжлалтай бөгөөд 2023 оны “Онцлох ТоС Байгууллага”-аар ХасБанкийг шалгарууллаа.
Шалгаруулалтад банкнуудын Байгаль орчин нийгмийн эрсдэлийн удирдлагын хэрэгжилт, тухайн жилд гаргасан санал санаачилгыг голчлон авч үздэг бөгөөд ногоон зээлийн бодлого, бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан эрчим хүчний хэмнэлт, хүлэмжийн хийн бууралтыг дэмжсэн байдлыг харгалзан үздэг байна.
ХасБанкны хувьд ёс зүйтэй, ил тод, байгальд ээлтэй, зөв бизнес, зөв харилцагчийг дэмжин, Нийгэм байгаль орчны удирдлагын болон ТоС-ын зарчмуудыг үйл ажиллагаа, бодлого журамдаа тусган ажиллаж ирсэн. Бид 2016 онд НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллагаар Монголд төдийгүй хөгжиж буй орнууд дундаа магадлан итгэмжлэгдсэн анхны хувийн хэвшлийн байгууллага болж байсан бол 2022 онд 2 дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн.
Банк санхүүгийн салбар нь нийгэм, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бүтээгдэхүүн үйлчилгээ, харилцагчдаараа дамжуулан онцгой нөлөө үзүүлдэг, үүрэг оролцоо бүхий салбар юм. Эх дэлхий, эрдэнэт хүмүүн, эрүүл ашгийг эрхэмлэгч ХасБанктай хамтран ажиллаж, үйл ажиллагаа, үзэл баримтлалаа байгаль орчин, нийгэмд ээлтэйгээр нийцүүлэн, ногоон ирээдүйг бүтээлцэж яваа эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч та бүхэндээ баярлалаа.