
ХасБанк жижиг, дунд бизнесүүдийг ОУ-ын стандарт нэвтрүүлэхэд нь дэмжин ажиллана
ХасБанк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа өргөжүүлэн, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, улмаар экспортод бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд нь бодит туслалцаа үзүүлэх зорилгоор “Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөр”-ийг зарлалаа.
Уг хөтөлбөрийг ХасБанк Стандарт, хэмжил зүйн газартай хамтран хэрэгжүүлэх бөгөөд ХасБанкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар нар өнөөдөр Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хөтөлбөрийн хүрээнд чанар, аюулгүй байдал, удирдлагын тогтолцооны доор дурдсан 8 төрлийн стандартыг хэрэгжүүлэхээр зорьж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд нээлттэй шалгаруулалт зарлаж, нийт 15 аж ахуйн нэгжийг шалгаруулах бөгөөд шалгарсан байгууллагуудын олон улсын стандарт нэвтрүүлэхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний болон баталгаажуулалтын зардлын 80 хүртэл хувийг ХасБанкнаас даах юм.
Гарын үсэг зурах ёслолын үеэр ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “ISO нэвтрүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид жижиг дунд бизнесүүдийн өрсөлдөх чадварыг нэмэх гол зорилготой. Өөрөөр хэлбэл ААН-д өөрсдийнхөө дотоод стандартыг нэмж, зөвхөн Монголдоо гэлтгүй гадаад улсад бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжийг бий болгох хөтөлбөр гэж бидний зүгээс харж байна.” хэмээн тус хөтөлбөрийн ач холбогдлыг онцолсон бол Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар “Энэхүү санамж бичигт ХасБанкнаас стандартыг сурталчлах, олон нийтэд тайлбарлан таниулахад дэмжлэг үзүүлж ажиллана. Ийнхүү ISO нэвтрүүлснээр тухайн байгууллага бүтэц тогтолцоо, хүний нөөцийн хувьд чадавхжихаас гадна бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал дээшилж, үр өгөөжтэй ажиллах боломжтой. Энэ сайн үлгэр жишээг өөр байгууллагууд ч гэсэн дагаж, улам дэлгэрүүлээсэй гэж хүсэж байна.” гэж өгүүллээ.
Хөтөлбөрт хамрагдах стандартууд:
- ISO 9001: Чанарын удирдлагын тогтолцоо
- ISO 14001: Байгаль орчны менежментийн тогтолцоo
- ISO 22000: Хүнсний аюулгүй байдлын стандартын тогтолцоо
- ISO 45001: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо
- ISO 50001: Эрчим хүчний менежментийн тогтолцоо
- ISO 19011: Менежментийн тогтолцооны аудит
- HACCP: Хүнсний аюулгүй байдлын стандарт
- SMICC 1:2023: Халал хүнсний стандарт
Дээрх стандартуудын шаардлага, ач холбогдлыг бүрнээ ухамсарлан, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж буй жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд та бүхнийг хөтөлбөрт оролцохыг урьж байна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ доорх холбоосоор дамжуулан цахимаар илгээх ба бүрдүүлэх материалыг 2024 оны 5-р сарын 2-ны өдөр хүртэл ХасБанкны дурын салбарт цаасаар хүргүүлснээр бүртгэл баталгаажна.
Мөн тус хөтөлбөрийн хүрээнд ISO стандарт нэвтрүүлэхтэй холбоотой мэдлэг олгох сургалтыг Стандарт, хэмжил зүйн газартай хамтран 4-р сарын 11-ээс 22-ны хооронд хоёр удаа зохион байгуулах тул энэ хугацаанаас өмнө амжиж хүсэлт илгээхийг зөвлөе.
Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал зэрэг хөтөлбөртэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.