
ХасБанк ОУ-ын санхүүгийн байгууллагуудаас 105 сая ам.долларын санхүүжилт татлаа
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн голлох хөдөлгүүр болох бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүдийг дэмжих болон уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон бизнес, байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр ХасБанк Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-аас 80 сая ам.доллар, Нидерландын Хөгжлийн Агентлагаас 25 сая ам.долларын эх үүсвэрийг амжилттай татлаа.
Эдгээр эх үүсвэрүүд нь өнгөрөгч 2022 оны төгсгөлд ОУСК /130 сая ам.доллар / болон Нидерландын хөгжлийн агентлаг /50 сая ам.доллар /-тай байгуулсан гэрээний хүрээнд хийгдэж буй санхүүжилт бөгөөд бичил жижиг дунд бизнес эрхлэгч олон мянган иргэд, ялангуяа эмэгтэйчүүдэд бодит дэмжлэг болохын зэрэгцээ багагүй хувь нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль ээлтэй ногоон төсөл хөтөлбөрүүдэд зориулагдаж байна.
Уг санхүүжилттэй зэрэгцэн бид зорилтот сегментэд оновчтой, хүртээмжтэй хүрэх зорилгоор бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү сайжруулан, харилцагчдад таатай болгох ажлуудыг хийлээ.
Тухайлбал, бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн хэрэгцээ байвч тэр бүр ажлын байраа орхин банк руу явж чаддаггүй бэрхшээлтэй байдлыг цахимаар шийдэж, дижитал банкаараа бизнесийн зээлийн хүсэлт хүлээн авч, хэмжээг нь тодорхойлон, цаг алдалгүй газар дээр нь шийдвэрлэх таблет банкны үйлчилгээг бүрэн нэвтрүүллээ. Ингэснээр бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тэлэх, тогтвортой явуулахад шаардлагатай санхүүжилтээ өдөрт нь авах боломжтой боллоо.
Түүнчлэн эдгээр санхүүжилтийн зорилгын хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү таатай нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг орон даяар зохион байгуулж, 4,300 орчим бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд нийт 170 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бол байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон төсөл хөтөлбөрүүдэд энэ оны эхний 5 сарын байдлаар 6.9 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна.