Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк Ногоон бэлчээр төслийг дахин нэг суманд хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

ХасБанк Швейцарын хөгжлийн агентлаг болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран “Байгальд ээлтэй буюу бэлчээрийг зүй зохистой ашиглах Ногоон бэлчээр төсөл”-ийг Ховд аймгийн Чандмань суманд хэрэгжүүлэхээр болж, хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болдоо, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Габриелла Спирли, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нар гарын үсэг зурлаа.

Бэлчээрийн нөөцийн зүй зохистой ашиглалтыг төлөвшүүлэх замаар бэлчээрийн доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулах, малын эрүүл мэндийн үйлчилгээгээг сайжруулснаар зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мал, мах бэлтгэлийг хөхиүлэн дэмжиж, улмаармалчдын орлогыг нэмэгдүүлэх нь төслийн гол зорилго нь бөгөөд ХасБанкны хувьд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээр хангаж, тодорхой шалгуур хангасан малчин өрхүүдэд хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох байдлаар хамтран ажиллана.

Харин төсөл хэрэгжүүлэгч нэгжээс малчин өрхөд санхүүгийн болон мал эмнэлэгийн чиглэлээрх сургалт явуулж, бэлчээр ашиглалт, малын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахын зэрэгцээ малчин өрх, орон нутгийн засаг захиргааны уялдаа холбоог улам бэхжлүүлэх юм.

Түүнчлэн ХасБанк малчдаас гадна орон нутаг дахь үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх бөгөөд ингэснээр хөдөө аж ахуйн салбар дахь түүхий эд нийлүүлэгч малчин өрхүүд болон үйлдвэрлэл эрхлэгчдийг зуучлан холбож, тогтвортой санхүүжилтийн олон улсын практикт шилдэг туршлага болно гэж үзэж байгаа юм.

Төсөл амжилттай хэрэгжсэнээр малчин өрхийн санхүүгийн боловсрол, үр ашиг дээшлэхийн зэрэгцээ, өрсөлдөх чадвар бүхий хөдөө аж ахуйн тогтолцоог бүрдүүлэх, байгаль орчин, нийгмийн үр ашиг сайжрах зэргээр харилцан ашигтай түншлэлийн эхлэл болно хэмээн талууд үзэж байна.

Амьдралд - ашид хамтдаа.