Монголын Бизнесийн Зөвлөлийн Ёс зүйн ажлын хэсгийн тусгай хуралдаан боллоо
Монголын Бизнесийн Зөвлөлийн Ёс зүйн ажлын хэсгийн тусгай хуралдаан болж “Бизнесийн орчинд нөлөөлөхүйц Макро асуудлууд - Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ази-Номхон далайн бүсийн байгууллага (APG)-аас Монгол Улсын харилцан үнэлгээний тайлан” сэдвээр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дэд дарга Т.Дуламсүрэн, ХасБанкны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг, Стептоу энд Жонсон Хуулийн нөхөрлөлийн гишүүн Ричард Вагнер болон ХасБанкны Хуулийн асуудал хариуцсан захирал Т.Тайшир тус ажлын хэсгийн даргын хувьд оролцов. Түүнчлэн Монголын Хуульчдын болон Банкны холбоод, бизнесийн төлөөлөл хэлэлцүүлэгт идэвхитэй оролцлоо.
Хэлэлцүүлгийн оролцогчид Ази-Номхон далайн бүсийн байгууллага APG-ээс гаргасан зөвлөмжүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх буюу “эрчимтэй хяналт”-аас гарах талаар Монгол Улсын Засгийн газар, Төв банкнаас авах арга хэмжээний талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.
ХасБанкны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг “Харилцагчийг таньж мэдэх, Эрсдлийг бууруулах буюу хянан нийцүүлэлтийн цогц арга хэмжээ авах нь ХасБанкны Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашиг гэсэн эрхэм зорилготой бүрэн нийцэж байна” гэдгийн онцолж Ази-Номхон далайн бүсийн байгууллага APG-ээс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, “эрчимтэй хяналт”-аас гарах талаар Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв.