ХасБанк ЖДБ-үүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөрт шалгарсан ААН-үүддээ батламж гардууллаа
ХасБанкнаас Стандарт, хэмжил зүйн газартай хамтран хэрэгжүүлж буй “Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөр”-ийн эхний шат амжилттай хэрэгжиж, шалгарсан ААН-үүддээ өнөөдөр батламжийг нь гардууллаа.
Уг хөтөлбөрт чанар, аюулгүй байдал, удирдлагын тогтолцооны 8 төрлийн олон улсын стандартыг хэрэгжүүлэхээр зорьж буй 100 гаруй ААН хамрагдах хүсэлтээ илэрхийлэн, материалаа ирүүлснээс 16 ААН-ийг сонгон шалгаруулж, ISO стандарт нэвтрүүлэхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний болон баталгаажуулалтын зардлын 80 хүртэлх хувийг ХасБанкнаас санхүүжүүлж байгаа юм.
Стандарт хэрэгжүүлснээр бизнесийн үйл ажиллагаа, дотоод процесс сайжрахын зэрэгцээ боловсон хүчнүүд чадавхжиж, суралцдаг бөгөөд уг хөтөлбөрийн зорилго ч зөвхөн санхүүжилтээр зогсохгүй мөн чадвартай боловсон хүчин бэлтгэж, мэргэшүүлэхэд зөвлөгөө, сургалтаар ханган, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.
Батламж гардуулах үеэр ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “ISO нэвтрүүлснээр бизнесүүдийн үйл ажиллагааг жигдрүүлж, хүний нөөцийг сайжруулан, өрсөлдөх чадварыг нэмэх, мөн экспортод гаргах боломжийг улам баталгаажуулна гэж бид энэхүү хөтөлбөрийг анх харж санаачилсан. Монгол улсад хүнсний аюулгүй байдал, чанар стандартын асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед шалгарсан 16 байгууллагын тал нь хүнсний үйлдвэрлэл байгаа нь тун олзуурхууштай байна.” гэсэн бол,
Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар “Үндэсний үйлдвэрлэгчдийн менежментийг сайжруулах замаар тэдний чадварыг дээшлүүлэх хүрээнд стандартын талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх стандартыг хэрэгжүүлэх, ач холбогдлыг сурталчлах, стандартыг хэрэгжилтийг хангуулах, менежментийн тогтолцооны стандартуудын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Стандарт хэмжил зүйн газар ХасБанктай хамтран ажиллалаа. Хөтөлбөрийн үр дүнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежменттэй, стандарт хэрэгжүүлсэн байгууллагын тоо нэмэгдэх төдийгүй үндэсний хэмжээнд гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулах, хүлээн зөвшөөрүүлэх боломж нээгдэнэ гэж харж байгаа.” хэмээн онцоллоо.
Мон Пэллетс ХХК гүйцэтгэх захирал Б.Алтангадас:
Манай компани хаягдал хонины ноосоор бордоо хийж Герман, АНУ руу экспортлодог. Бид гадны зах зээл рүү бизнесээ тэлэх тусам олон улсад хүлээн зөвшөөрөгддөг стандартуудыг байгууллагадаа нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Яг энэ үед ХасБанкны санаачлан хэрэгжүүлж буй жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөр зарлагдсан нь бидний хувьд маш завшаантай хэрэг болсон. Бид ХасБанкны харилцагч биш байсан ч энэхүү хөтөлбөрт сонгогдож байгууллагадаа ISO стандарт нэвтрүүлэх зардлын 80 хувийн тэтгэлэгийг ХасБанкнаас авахаар болсонд маш их баяртай байна.
“Эйл Би Эйч Технологи” ХХК гүйцэтгэх захирал О.Дашдулам:
Манай компани мал амьтны эрдэс, нэмэлт тэжээл үйлдвэрлэдэг, энэ салбартаа Монголын анхны бөгөөд цор ганц үндэсний үйлдвэрлэгч байгууллага юм. Бидний үйлдвэрлэж буй органик бүтээгдэхүүнийг Өвөр Монгол, Солонгос, Япон, Казакстан гэх мэт улсууд маш их сонирхдог учраас үүнийгээ дагаад олон улсын стандарт нэвтрүүлэх шаардлага бидний хувьд зайлшгүй тавигдаж, үүнийхээ дагуу байгууллагадаа стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байсан. ISO стандарт нэвтрүүлэх нь бидэн шиг жижиг бизнесүүдийн хувьд цаг хугацаа хөрөнгө мөнгөний хувьд маш хүндрэлтэй байдаг. Яг энэ хэрэгцээ шаардлагыг мэдэрч цаг үеэ олсон хөтөлбөрийг ХасБанк зарлаж жижиг дунд бизнесүүдэд бодит дэмжлэг болж байгааг маш баяртайгаар хүлээн авч байна.