Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Э.Уламбаяр: ХасБанк эмэгтэй бизнес эрхлэгчдэдээ барьцааны хөнгөлөлт үзүүлж, хүрч үйлчилдэг болсон

ХасБанкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Иргэдийн банк хариуцсан захирал Э.Уламбаяртай ярилцлаа.

-2023 он Монголын системийн нөлөө бүхий банкнуудын хувьд онцлог жил байлаа. ХасБанкны хувьд ямархуу байв, онцлох мэдээллээс дурдвал?

-2023 он банкны хувьд багагүй өөрчлөлт, өндөр амжилт гаргасан жил байлаа. Аудитлагдаагүй байдлаар татварын дараах цэвэр ашиг 34%-аар өсөж, 142 тэрбум төгрөгт хүрсэн нь IPO хийх үеийн санхүүгийн төсөөллөөс 15.7%-аар давсан үзүүлэлт боллоо. Мөн чанаргүй зээлийн хэмжээ 2.9%-тай байгаа нь банкны салбарын дунджаас 3 дахин бага буюу хамгийн сайн үзүүлэлт юм.

Бас нэг томоохон амжилт бол олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон явдал байлаа. Ингэснээр өмнө нь зөвхөн харилцагч байсан 30 мянга гаруй иргэн банкны эзэн болж, үүн дотор ажилтнууд маань ч гэсэн банкныхаа хувьцаа эзэмшигч болсон. Мөн нээлттэй компани болсноор өмнөхөөсөө олон төрлийн зохицуулалт, ил тод байдал, тайлагналын шаардлагуудыг хангаж ажиллах хэрэгтэй болсон. Гэхдээ Банкны салбар гэдэг өөрөө анхнаасаа Монголбанкны өндөр хяналт, олон улсын санхүүгийн байгууллагуудын стандартуудыг хангаж, засаглалын хувьд ч, тайлагналын хувьд харьцангуй ил тод явж ирсэн. Энэ утгаараа нээлттэй хувьцаат компани болсон өөрчлөлтөд харьцангуй бэлтгэлтэй, хурдан дасан зохицсон гэж хэлж болно.

-Монгол Улсын хувьд хавраас нийгэм, эдийн засаг илүү идэвхжиж, бизнес эрхлэгчид эх үүсвэрийн эрэлд гардаг. Үүнтэй зэрэгцэн банкнуудын үйл ажиллагаа идэвхжиж, зах зээлд шинэ бүтээгдэхүүнүүд гаргадаг. Танай банкны хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдийг түлхүү дэмжих хандлага ажиглагддаг. Энэ зээлийн давуу тал юу вэ?

-ХасБанк 2017 оноос эмэгтэй бизнес эрхлэгчдийн зээлийг анх удаа санаачлан зах зээлд нэвтрүүлсэн. Эмэгтэй бизнес эрхлэгчийн үнэ цэн, орлого нь нэмэгдэхээр амьдралын чанар, хүүхдийн  боловсрол сайжирдаг. Тэгэхээр эмэгтэй бизнес эрхлэгчээр дамжих дам нөлөө нийгэм, эдийн засагтаа эергээр нөлөөлдөг учраас бодлогоор дэмждэг.

Манай банкны түүхийг харвал, бид бичил бизнесийг илүү дэмжиж ирсэн бөгөөд тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчид гол цөм нь байж ирсэн. Тиймээс ХасБанк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогоо байнга шинэчилж, сайжруулж ирсэн. Тухайлбал, эмэгтэй бизнес эрхлэгчдэдээ барьцааны хөнгөлөлт үзүүлдэг болсон. Түүхээ харвал, эмэгтэйчүүд эрхээ хамгийн сүүлд эдэлдэг. Хөрөнгө эзэмших эрхээ олон зуун жилийн дараа эрэгтэйчүүдээсээ олж авсан шүү дээ. Гэсэн ч нийт массаараа эмэгтэйчүүдийн эзэмшиж буй хөрөнгө бага байдаг. Энэ нь банкнаас зээл хүсэхэд сул тал болдог. Барьцаа хөрөнгийн хязгаарлагдмал байдлаасаа болж хүссэн зээлээ авч чадахгүй байх нь түгээмэл. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж эмэгтэйчүүдэд зээл олгохдоо барьцааны хөнгөлөлт үзүүлэх нөхцөлтэйгөөр бүтээгдэхүүнээ боловсруулж, маш амжилттай зах зээлд нэвтэрсэн.

Мөн бид бүтээгдэхүүний нөхцөлөө сайжруулахаас харилцагчдад өөрт нь очиж үйлчлэх бодлого баримталж байна. Ихэнх харилцагч банканд очоод дугаарлах завгүй тул боломжит бүх сувгаар онлайнаар хүсэлт авч, эргээд хүсэлтийнх дагуу салбараас холбогдож, газар дээр нь очиж үйлчлэх зарчмыг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид, бичил зээл хүсэгчдэд цаг хугацаа маш үнэ цэнтэй. Бизнесүүд өсөлтөө хийхийн тулд хурдан санхүүжилтээ авч, бизнесээ өргөжүүлэх, худалдан авалтаа татах нь чухал байдаг. Үүнийг нь ойлгож, түргэн шуурхай ажиллах замаар харилцагчийнхаа итгэлийг алдахгүй байхад ХасБанк анхаарч ажиллаж байна.

Бүх л банканд зээлийн бүтээгдэхүүн бий. Гол нь харилцагчийн үйлчилгээ, түргэн шуурхай хүрч үйлчилж, хүссэн хэмжээнд нь зээл гаргаж чадаж байгаагаараа ялгарна.

-Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ эрчимжихийн хэрээр банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ илүү амар хялбар болж байна. Танай банкны хувьд цахим шилжилт ямар түвшинд байна вэ?

-Ер нь банкны үйл ажиллагаа бүхэлдээ л дижитал хэлбэр рүү явж байна. ХасБанкны хувьд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад бүрэн тохирох үйлчилгээг яг хэрэгтэй цагт нь төвөг чирэгдэл багатай, хурдан, найдвартай үзүүлэх зорилгоор дижитал банкны платформдоо шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг тогтмол нэвтрүүлж байна. Тухайлбал, 2023 онд Цалингийн зээлийг онлайнаар авах боломжтой боллоо. Ингэснээр зөвхөн ХасБанкаар цалингаа авдаг биш, НДШ төлдөг хүн бүр ХасБанкнаас цалингийн зээл авах боломж бүрдсэн. Мөн цалингийн хадгаламж, Storepay апп-тай хамтран гаргасан Уртаар үйлчилгээ, Амар онлайн зээл гээд хэд хэдэн цахим бүтээгдэхүүнийг өнгөрсөн онд нэвтрүүлсэн байна. Амар зээлийг онцлоод хэлэхэд, зарим харилцагчдад цалин буух хүртлээ мөнгө зээлэх хэрэгцээ өндөр байдаг. Мөнгө хэрэгтэй болох бүрд цалингийн зээл аваад байх боломжгүй учраас энэ хэрэгцээг харгалзан бага дүнтэй зээл олгох “Амар” нэртэй бүтээгдэхүүнийг гаргасан нь харилцагчдын эрэлтэд нийцэж, зах зээлд нэлээн танигдаад байна.

Өнөөдрийн байдлаар ХасБанкны нийт харилцагчдын 99 хувь нь салбар дээр ирдэггүй, нэг хувь нь салбарт ирж байна. Нийт гүйлгээний хоёр хувь салбар дээр хийгдэж байна. Ковидын өмнө энэ тоо 11 хувь байсан. Ковидын нөхцөл байдал цахим шилжилтийг түргэтгэсэн гэж хэлж болно. Харин том дүнтэй, дижиталаар хийх боломжгүй эрсдэлтэй байна гэж харсан гүйлгээнүүдийг харилцагч салбар дээр ирж хийдэг зан төлөв хэвээрээ байгаа.

-Нөгөө талд дижитал шилжилтийг дагасан залилан луйвар их байна. Үүнээс харилцагчдаа, мөн банкны системийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалдаг вэ?

-Банкны хувьд харилцагчдын мэдээллийн нууцлал, аюулгүй байдал гэдэг нэн тэргүүнд анхаарах ёстой зүйл. Тиймээс ч бид энэ чиглэлд тогтмол хөрөнгө оруулж, үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлсээр ирсэн. Тухайлбал, мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт ISO 27001, төлбөрийн картын аюулгүй байдлын PCI DSS стандарт, дижитал банкны платформ, олон улсын Tier II шаардлагыг хангасан дата төв гэх мэт. Банк ийнхүү аюулгүй байдлаа хангахаас гадна харилцагчид маань бас мэдээллийн нууцлалаа хадгалах, картын пин код, дижитал банкны нууц үгээ бусдад өгөхгүй байх зэргээр хариуцлагатай, хэрсүү байх шаардлага үүсэж байна. Бид энэ тал дээр мөн онцгой анхаарч мэдээллийн нууцлал, аюулгүй байдлаа хэрхэн хангах, хуурамч мэдээ, холбоост болгоомжтой, няхуур хандах талаар мэдээлэл зөвлөгөө тогтмол хүргэдэг.

-ХасБанк эмэгтэй бизнес эрхлэгчийг түлхүү дэмждэг. Тэгвэл танай нийт ажилтан, удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хэр хангадаг вэ?

-Манай банк 140 орчим удирдах ажилтантайгаас 51 хувь нь эмэгтэй захирлууд эзэлдэг. Гүйцэтгэх дээд удирдлагад 10 захирал байгаагаас 40 хувь нь эмэгтэй захирал байдаг. Иргэдийн банкны гол захирлууд дандаа эмэгтэй байх жишээтэй. Гэхдээ “чи эмэгтэй юм чинь” гэдэг байдлаар хаалт хийдэггүй. Гол нь хэн хийж чадаж байна, мөн багийн ажиллагаа талаас нь харж захирлуудаа томилдог.

Миний анзаарснаар эмэгтэйчүүд хүүхдээ өсгөхөд илүү оролцоотой байдаг шүү дээ. Хүүхэд өсгөхөд маш их тэвчээр хатуужил, уян хатан зан чанар шаарддаг. Энэ нь эргээд удирдах албан тушаал хашихад давуу тал болдог. Тухайлбал, эмэгтэй хүн баг удирдахаар багийнхныгаа  яг өөрийн хүүхэд мэтээр үздэг, асуудалд уян хатан ханддаг. Эхийн сэтгэл, тэвчээр хатуужлыг гаргадаг нь эмэгтэй удирдлагуудын хувьд чухал чадвар гэж хардаг.

-Таны хувьд олон жил банкны салбарт удирдах албан тушаал хашжээ. Эмэгтэй хүн карьер ахиулахад юуг илүү анхаарах хэрэгтэй байдаг вэ?

-Мэдээж карьер ахихад ямар нэгэн байдлаар золиос гардаг. Миний хувьд ар гэрийнхэн болон хамт олныхоо дэмжлэгээр карьераа ахиулах боломж сайн хангагдсан гэж боддог. Өвөө, эмээ нар нь хоёр хүүхдийг минь өсгөлцөхөд тусалж, ардаа санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийх боломжийг олгосон. Заримдаа хүүхдүүдээ ажил дээрээ авчирдаг. Ээж нь ажлаа хийж байхад миний хүүхдүүд хажууд хичээлээ хийгээд суудаг байсан. Мөн ээж нь хэрхэн ажилладгийг дэргэдээс маань харж өссөн дөө. Эргээд бодоход, ажил дээрээ хүүхдүүдээ авчирч ажиллах нөхцөл боломжийг манай ажлынхан бүрдүүлсэн шүү дээ.

Ер нь гэр бүлийн дэмжлэг нь насанд хүрсэн хүнээс гадна хүүхдүүд өөрсдөө байдаг. Хоёр охинтойгоо ажил дээрээ болж өрнөсөн бүх зүйлийг ярьж, ээжид нь ийм асуудал тулгарсан, ингэж давсан зэргээ нээлттэй ярьдаг болсноор хүүхдүүд ажлын орчин, мэргэжлийн үнэ цэнийг илүү ойлгодог болсон. Тэгэхээр ээж, аавууддаа хүүхдүүдтэйгээ байнга ярилцаж, бие биенээ ойлгож байх нь хамгийн чухал шүү гэж хэлмээр байна.

-Та шийдвэр гаргахдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Манай захирлууд гаргах гэж байгаа шийдвэр таньасуудлыг 70 хувь шийдэж байвалшуурхай шийдвэрээ гаргаж, хэрэгжүүлэх зарчим баримталдаг. Ер нь дарга, захирал ганцаараа шийдвэр гаргахаас аль болох зайлсхийж,  багийн ажиллагааг илүү чухалчилж байх нь зүйтэй. Банкны үйл ажиллагаа баг дээр л явж байгаа шүү дээ. Олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг.

Туршлагаасаа харахад, эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй харьцуулахад асуудалд сэтгэл хөдлөлөөр хандах тал байдаг. Үүнийг балансжуулах орчноо өөрөө бүрдүүлэх нь чухал санагддаг. Манай захирлууд бие биетэйгээ нээлттэй санал солилцож, үргэлж хамтын шийдвэр гаргаж явдаг.

-Боловсон хүчин хүчин залуужиж, үе хоорондын ялгаа их байна гэж ажил олгогчид ярих боллоо. Таны хувьд залуустай ажиллахад ямар байна, өөрийгөө боловсруулахад хэр анхаардаг вэ?

-Салбар дээр ажиллаж байгаа ажилчдын 80 хувь залуус байна. Удирдах албан тушаалтны хувьд ажилчидтайгаа хөл нийлүүлэн алхах шаардлага байнга үүсэж байна. Орчин үеийн залуус ч намайг илүү сургаж байна. Ажилчдаа ойлгохын тулд тэдний тухай судална, уншина, онцлогт нь тохирсон сургалт зөвлөгөө өгөхийг эрмэлздэг. Нөгөө талд ажлаараа дамжуулан залуусыг ойлгож, таньж мэдэхэд суралцаж байгаа өөрийгөө азтай хүн гэж боддог. Залуучуудтай ажиллахад олон сорилт, өөрчлөлттэй нүүр тулдаг. Өөрөөр хэлбэл, залуустай хамт ажиллахын тулд тогтмол өөрийгөө өөрчилж, дасан зохицох ёстойг ойлгуулж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.


Эх сурвалж: www.itoim.mn