
ОУСК-аас ХасБанкийг “Хурдацтай өсөж буй банк”-аар тодрууллаа
Олон Улсын Санхүүгийн Корпорациас хэрэгжүүлдэг “Дэлхийн худалдааны санхүүжилтийн түншүүд” хөтөлбөрийн шилдэг банкнуудыг тодруулах 9 дэх удаагийн шалгаруулалтаас ХасБанкийг Зүүн Ази, Номхон далайн бүсийн Хамгийн хурдацтай өсөж буй түнш банкаар нэрлэлээ. Уг шалгаруулалтыг 2019 оны үр дүнд тулгуурлан явуулж, дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй банкнаас 47 банкийг шалгаруулсан бөгөөд ХасБанк ийнхүү 3 дахь удаагаа шилдгээр шалгарч байна.
Манай улс шиг хөгжиж буй орнуудын бизнес эрхлэгчдэд дэлхийн зах зээлд гарахад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг нь санхүүжилт асуудал юм. Энэ асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахаар ОУСК-аас “Дэлхийн худалдааны санхүүжилтийн хөтөлбөр”-өө 2005 онд эхлүүлж байсан бол өдгөө 73 орны 235 орчим санхүүгийн байгууллагыг хамарсан өргөн сүлжээ бий болж, байгуулагдсан цагаасаа хойш нийт 54,000 гүйлгээнд 60 тэрбум ам.долларын баталгааг гаргаад байна.
ХасБанкны хувьд уг хөтөлбөрт 2007 онд нэгдсэн бөгөөд өөрийн харилцагч бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж тэдний бизнесийн онцлогт нийцсэн үйлчилгээг цаг тухайд нь чанартай хүргэхэд онцгой анхаарч ирсэн. Бид гадаад худалдаа эрхэлдэг харилцагч нартаа барааны захиалгыг урьдчилгаа төлбөргүй хийх, төлбөрийн баталгаа гаргаж өгөх, дараа төлбөрт нөхцөлөөр тохиролцох зэрэг төлбөрийн уян хатан байдлаар хангаад зогсохгүй тус шугамын хүрээнд харилцагчид маань хямд эх үүсвэртэй дахин санхүүжилтийн зээлд хамрагдах боломжтой зэрэг чухал ач холбогдолтой юм.
Амьдралд – ашид хамтдаа.