
Дэлхийн банк санхүүгийн манлайлагчид хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагаагаа Парисын гэрээнд нийцүүлэхээр боллоо
Өнгөрөгч хоёрдугаар сард Ванкуверт болсон “Үнэ цэнт банкны дэлхийн эвсэл”-ийн чуулга уулзалтаар ирэх 3 жилийн хугацаанд эвслийн гишүүн байгууллагууд өөрсдийн олгосон зээл, хөрөнгө оруулалтуудын хүлэмжийн хийн ялгаралтадүзүүлж буй нөлөөллийг судалж, хянаж байхаар тогтлоо.
ХасБанк нь Үнэ цэнт банкны дэлхийн эвслийн үүсгэн байгуулагч анхны 9 байгууллагын нэг бөгөөд тус чуулга уулзалтад ХасБанкны Ерөнхий захирал Г.Цэвэгжав оролцсон юм.
Уур амьсгалын өөрчлөлт нь бидэнд байгаль орчинд хандах хандлагаа яаралтай хийгээд дорвитой өөрчилж, дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн 2 градусаас хэтрүүлэхгүй байх Парисын гэрээний зорилтод хүрэхийг сануулсаар байгаа билээ.
“Хойд, Өмнөд Америк, Ази, Африк, Европ дахь Үнэ цэнд суурилсан банк санхүүгийн байгууллагууд бүгд тэдний хийж буй санхүүжилтүүд нь байгаль орчинд чухал нөлөө үзүүлж байгаа гэдэгт санал нэгдсэн. Санхүүгийн арга хэрэгслээр бид өөрчлөлтийг хийж чадна. Ирэх арван жилийн хугацаанд эерэг өөрчлөлт авчрахыг хүсвэл алгуурлалгүй одооноос л хийж эхлэх хэрэгтэй.” хэмээн Үнэ цэнт банкны дэлхийн эвслийн Гүйцэтгэх захирал Марко Ейгурон чуулганы үеэр хэлж байлаа.
Үнэ цэнт банкны дэлхийн эвслийн гишүүн байгууллагууд өөрсдийн олгосон зээл, хөрөнгө оруулалтуудаас бий болсон үйлдвэрлэл, үйлчилгээ байгальд хэдий хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгааг хэмжиж тогтоодог аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорьж байна.
Энэ санаачилга нь нийгэм, байгаль орчны өмнө тулгамдаад буй асуудлуудад эерэг өөрчлөлт авчрахад санхүүгийн салбараа манлайлан ажиллаж буй Үнэ цэнт банкны дэлхийн эвслийн томоохон хариуцлагын нэг хэсэг юм.