
ХасБанк 25 сая ам.долларын санхүүжилтийг ЖДБ-үүд болон Эрчим хүчний хэмнэлттэй төслүүдийг санхүүжүүлэхэд зориулна
ХасБанк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас 25.0 сая ам.долларын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улсад хэрэгжиж буй Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөр / Green Economy Financing Facility - GEFF/-ийн хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /ECБХБ/-с 18.75 сая ам.доллар, НҮБ-ын дэргэдэх Уур Амьсгалын Ногоон Сан /УАНС/-с 6.25 сая ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлж, нийт 25.0 сая ам.долларын урт хугацаатай санхүүжилтийг ХасБанканд олгохоор шийдвэрлэлээ.
Энэхүү урт хугацаатай санхүүжилтээр ХасБанк нь сайн харилцагч иргэд, ААН-дэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг уян хатан нөхцөлтэйгөөр олгох бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж буй бизнес эрхлэгч нарт зээлдүүлэхээр үүрэг хүлээж байгаа болно.
ХасБанк 2016 онд УАНС-н Үндэсний хэрэгжүүлэгч байгууллагаар Монгол Улсаас анх удаа магадлан итгэмжлэгдсэн бөгөөд ХасБанкны харилцагч иргэд, ААН-үүд байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологийг сонгож, бизнестээ нэвтрүүлснээр УАНС болон Япон, ЕСБХБ-ны Хамтын Ажиллагааны сангийн санхүүжилттэй мэргэжлийн зөвлөх багаас ногоон бизнесийн талаарх зөвлөгөө, туслалцаа авах боломжтой болно.
ЕСБХБ нь байгаль орчинд ээлтэй арга зүйг ашиглан 2025 он гэхэд “Ногоон Банк” болохоор зорьж буй бөгөөд ХасБанкны хувьд тус банкнаас хэрэгжүүлж буй GEFF төсөлд нэгдсэн Монгол Улсын анхны банк болж байна.
ХасБанкны тухай:
Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашиг хэмээх 3 тулгуурт зарчмыг баримталж, байгаль орчинд ээлтэй, ногоон бизнесийг дэмжин ажилладаг Монгол Улсын анхны ногоон тодотголтой банк. 2009 оноос хойш хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн сааруулахад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ногоон бизнесийг дэлгэрүүлэх, эрчим хүчний хэмнэлт бүхий хөрөнгө оруулалтыг тууштай дэмжин ажиллаж байна.
https://xacbank.mn/page/ecobank
GEFF төслийн тухай:
GEFF төсөл нь жендерийн тэгш байдал, санхүүгийн тэгш хүрэлцээг дэмжих бодлогыг баримтлан ажилладаг бөгөөд дэлхийн 28 оронд 170 гаруй санхүүгийн байгууллагаар дамжуулан 220 гаруй мянган харилцагчид 5.8 тэрбум еврогийн санхүүжилт олгосны үр дүнд жил бүр нийт 9 сая тонн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж байна.
www.ebrdgeff.com/mongolia/mn/the-programme/the-facility/
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны тухай:
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк нь хувийн хэвшлийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх замаар Монгол Улсад олон талт эдийн засгийг бий болгох зорилготой ажилладаг. 2022 оны байдлаар Монгол Улсад 122 төсөлд нийт 2.17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.