Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк ОУ-ын санхүүгийн байгууллагуудаас 80 сая ам.долларын санхүүжилт авлаа

2022 оны 12-р сарын 21-ний өдөр, Улаанбаатар хот. – ХасБанк Нидерландын Хөгжлийн Агентлаг (FMO)-аас 50 сая ам.доллар, Швейцарт төвтэй БльюОрчард Файнанс (BlueOrchardFinance) хөрөнгө оруулалтын сангаас 30 сая ам.доллар буюу нийт 80 сая ам.долларын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Гарын үсэг зурах ёслол цахим хэлбэрээр болж, ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, Санхүү хариуцсан захирал Г.Эрдэнэбаяр болон БльюОрчард хөрөнгө оруулалтын сангийн Зээл хариуцсан захирал Normunds Mizis нар Улаанбаатараас, Нидерландын хөгжлийн агентлагийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Huib-Jan de Ruijter Нидерландаас холбогдсон юм.

Нидерландын хөгжлийн агентлаг (FMO)-ийн 50 сая ам.долларын санхүүжилт нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжихэд чиглэж байгаа бөгөөд жижиг дунд бизнесүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд зориулагдахаас гадна 15 сая ам.доллартай тэнцэх эрчим хүчний хэмнэлтийг бий болгох ногоон төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Таван жилийн хугацаатай энэхүү санхүүжилт нь ХасБанкны хувьд КОВИД цар тахлын дараа авч буй хамгийн том санхүүжилт юм.

Мөн энэхүү санхүүжилт нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болох 8: Зохистой хөдөлмөр, эдийн засгийн өсөлт, 10: Тэгш бус байдлыг бууруулах, 13: Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах зорилтуудад нийцсэнээрээ онцлог.

ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав энэ талаар “Бид Нидерландын хөгжлийн агентлагтай сүүлийн 15 жил тасралтгүй хамтран ажиллаж байна. Ногоон санхүүжилт, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд ХасБанкны үзүүлж буй манлайлал, хийж буй ажил, амжилтыг үнэлэн ийнхүү урт хугацааны санхүүжилт олгож байгаа Нидерландын хөгжлийн агентлагт талархал илэрхийлье. Энэхүү эх үүсвэр нь Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нь зайлшгүй бөгөөд ногоон санхүүжилтийн чиглэлд ХасБанкны тэргүүлэх байр суурийг улам бататгах болно.” гэсэн бол,

Нидерландын хөгжлийн агентлагийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Huib-Jan de Ruijter “Энэхүү санхүүжилт нь жижиг дунд бизнес, ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчид болон ногоон төслүүдэд санхүүжилт олгох замаар Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнчлэн эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Нидерландын хөгжлийн агентлагийн урт хугацааны амлалтыг баталж буй хэрэг юм.” хэмээн онцоллоо.

Нидерландын Хөгжлийн Агентлагийн тухай

Нидерландын Хөгжлийн Агентлаг нь хөгжиж буй орны бизнесийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хувийн хэвшлийн тогтвортой хөгжлийг дэмждэг тэргүүлэх хөрөнгө оруулагч олон улсын санхүүгийн байгууллага юм. Нидерландын Хөгжлийн Агентлагаас явуулсан 50 жилийн судалгаан дээр үндэслэн хувь хүний ур чадварыг бизнес болгож хөрвүүлэн, хувийн хэвшлийг дэмжих нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур гэж үздэг. Тус Агентлаг нь дэлхийн 85 оронд 9.7 тэрбум еврогийн санхүүжилтийг хөгжилд хамгийн их нөлөөтэй 3 салбар болох банк санхүү, эрчим хүч болон хүнс хөдөө аж ахуйн салбаруудад олгоод байна. Нидерландын Хөгжлийн Агентлаг нь дэлхийн томоохон хувийн хэвшлийн хөгжлийн байгууллагуудын нэг юм. 

www.fmo.nl


БльюОрчард Файнанс хөрөнгө оруулалтын сангаас 30 сая ам.долларын санхүүжилт татсан нь Монгол Улсын эдийн засгийн чухал хэсэг болох бичил, жижиг, дунд үйлдвэрүүд, хувиараа бизнес эрхлэгчдэд олгох зээлийн эх үүсвэрт зарцуулагдах бөгөөд тэдний үйл ажиллагааг өргөжүүлж, ажлын байр бий болгоход зориулагдах юм.

ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав уг санхүүжилтийн тухай "Бид БльюОрчард хөрөнгө оруулалтын сантай  хамтран бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч харилцагч нартаа нэн шаардлагатай байгаа зээлийн санхүүжилтийг олгох болсондоо таатай байна. Энэхүү санхүүжилт нь бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдээр дамжуулан Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн бол,

БльюОрчард хөрөнгө оруулалтын сангийн Зээл хариуцсан захирал Normunds Mizis “Бид ХасБанктай хамтран ажиллахдаа үргэлж таатай байдаг бөгөөд санхүүгийн хүртээмж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бидний алсын хараатай ХасБанкны стратеги нийцэж байгааг онцлон хэлмээр байна. Монгол Улсын тогтвортой хөгжилд бидний хамтын ажиллагаа хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” хэмээн ёслолын үеэр хэлж байлаа.

БльюОрчард Файнанс хөрөнгө оруулалтын сангийн тухай

Швейцарт төвтэй БльюОрчард хөрөнгө оруулалтын сан нь НҮБ-ын санаачилгаар 2001 онд байгуулагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд IMPACT INVESTMENT чиглэлд тэргүүлэн дэлхийн 105 орны 700 гаруй байгууллагад нийт 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, 255 сая гаруй хүнд шууд болон шууд бусаар хүрч үйлчилж байна.

IMPACT INVESTMENT гэдэг нь хөрөнгө оруулагч өгөөж хүртэхийн зэрэгцээ тухайн хөрөнгө оруулалтаар дамжуулан нийгэм, байгаль орчинд ээлтэй, хэмжигдэхүйц, эерэг үр дүнг үзүүлэх зорилготой хөрөнгө оруулалтын стратеги бөгөөд энэ чиглэлийн хөрөнгө оруулагчид тухайн хөрөнгө оруулж буй компанийн нийгмийн хариуцлага болон байгаль орчинд хэрхэн хувь нэмрээ оруулан ажиллаж байгааг чухалчлан авч үздэг.

www.blueorchard.com