Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ТАСАМ ТББ-ын тэргүүн Ц.Санчир Төрийн шагнал хүртлээ

Туулсан зам, бүтээсэн зүйлээ төрд үнэлүүлэн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагнал хүртсэн Тархан суурьшсан монголчууд (ТАСАМ) ТББ-ын тэргүүн Ц.Санчир болон түүний хамтран зүтгэгч тус ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Цэрэн нарт ХасБанкныхаа нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

ХасБанк Тархан суурьшсан Монголчууд төслийг 2009 оноос эхлэн өдийг хүртэл тууштай дэмжсээр ирсэн бөгөөд "Монголын төлөөх зүрх бүхэнд" хэмээх нэрийн дор 30 гаруй удаагийн судалгааны ажлаар, хамгийн багадаа 5300км, хамгийн урт аялал нь 33,700км зам туулан, дэлхий даяар тархан суурьшсан Монгол ахан дүүсийнхээ хэрхэн аж төрж буйг харуулсан цуврал баримтат кино, гэрэл зургийн цомог, ном бүтээж, үзэсгэлэн дэлгэж байсан билээ.

Хамгийн сүүлд  Монголын эзэнт гүрний баруун жигүүрт Ил хаадын ивээл дор өрнөж байсан бүтээн байгуулалтын бахархалт баримт болох хаадын зоос, шавар ваар, шилэн хийгээд төмөрлөгийн урлал, уран бичлэг зэрэг таван төрлийн хоёр зуу гаруй хосгүй үнэт соёлын дурсгалыг монгол, кирил, англи, перс гурван хэлийн дөрвөн бичгээр эрхлэн гаргасан "Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд" номыг бүтээхэд мөн ХасБанк хамтран ажиллаж, ивээн тэтгэсэн агаад чухамхүү энэ бүтээлд Төрийн соёрхол хүртээснийг бахархан дурдахад таатай байна.

Мөн бид "Эзэнт гүрний нэвтэрхий толь" хэмээх бас нэгэн томоохон бүтээлд хамтран ажиллаж байгааг дуулгахын ялдамд цаашид ч олон аялалд ганзага нийлэн, түүх соёлын үнэт өвүүдийг түгээн дэлгэрүүлнэ гэдэгт итгэж байна.

Ц.Санчирын фейсбүүк хуудастаа нийтэлсэн талархлын хэсгээс:

"Гүрний түүхийн харгуйгаар замнасан энэ он жилүүдэд ТАСАМ буюу Тархан Суурьшсан Монголчууд ТББ олон нийтэд зориулж хорь гаруй баримтат цуврал, арван есөн үзэсгэлэн, зургаан төрлийн хэвлэлийн бүтээл, гурван зуу гаруй ярилцлага нийтлэлийг олноо хүргэжээ. Энэ бол ТАСАМ-ын туулсан замын тав хүрэхгүй хувь билээ.., Хамтран зүтгэгч ТАСАМ-ын гүйцэтгэх захирал, Манчестрийн Их Сургуулийн Мастер, докторант Б.Цэрэндээ, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий Консул Э.Мөнх-Очирт, 2009 оноос тууштай дэмжиж ирсэн М.Болд Захиралтай ХасБанкны хамт олонд, шинэ бүтээлийн ивээн тэтгэгч Ж.Амаржаргал Захиралтай Riverside golf club-ын хамт олонд, ТАСАМЫГ ДЭМЖИГЧДИЙН КЛУБ-ийнхэндээ, үйлс бүтээлийн минь төлөө цай сүүний дээж, сайн сайхны ерөөлөө өргөн суудаг дэлхийн Монголчууддаа гялайлаа.”

Түүний 2014 онд ikon.mn сайтын Өглөөний хүн буланд өгсөн ярилцлагыг доорх холбоосоор орж уншина уу.

http://ikon.mn/lr/flq​