
Уур Амьсгалын Ногоон Сангаас ХасБанканд Санхүүжилт Олгож Эхэллээ
2017 оны 5-р сарын 11-ний өдөр, БНСУ-ын Сонгдо хот.
Уур Амьсгалын Ногоон Сангаас Монгол Улсын тэргүүлэгч банк болох ХасБанканд 20 сая долларын санхүүжилтийн эхний багцыг шилжүүллээ.
УАНС-ийн эхний ээлжийн санхүүжилтийн томоохон хэсэг нь тус улсын хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг салбарт уур амьсгалын өөрчлөлтийн тухай болон түүнийг хэрхэн сааруулах боломжийн талаар мэдлэг, мэдээлэл олгоход чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл энэ санхүүжилтийн тусламжтайгаар ХасБанк бизнес эрхлэгч иргэд, ААН-үүдэд уг салбар дахь шинэ бизнесийн санаа, боломжуудыг олж нээхэд нь чиглүүлж, сэргээгдэх эрчин хүч болон эрчин хүчний хэмнэлттэй хамгийн сүүлийн үеийн техник технологиудыг нэвтрүүлэхэд хөрөнгийн эх үүсвэрээр хангах юм.
ХасБанкны төслийн ахлах мэргэжилтэн Б.Ананд “УАНС-ийн туслалцаатайгаар ХасБанк Монгол Улсын Засгийн Газраас голлон баримталж буй эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ болон сэргээгдэх эрчин хүчний салбарыг хөгжүүлэх бодлогод дорвитой дэмжлэг үзүүлэх боломжтой болж байна” хэмээн өгүүлсэн юм.
Монгол Улсын Засгийн Газраас иргэдээ цахилгаан эрчим хүчийг ахуйн хэрэглээндээ бүрэн ашиглахыг дэмждэг боловч одоог хүртэл хүн амын багагүй хэсэг нь чанаргүй нүүрс түлж гэр орноо дулаацуулан, хоол ундаа хийдэг байна.
Монгол Улсын нийслэл буюу дэлхийд агаарын бохирдлоороо хамгийн өндөрт тооцогддог Улаанбаатар хотын хувьд энэ нь маш ноцтой асуудал юм. Монгол Улсын Засгийн Газраас агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сүүлийн 3 сарын турш томоохон алхмуудыг хийн, эрчимтэй ажиллаж байгааг Б.Ананд дурдаад, “Монголчууд өмнөхөөсөө илүүтэйгээр уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдлын хоорондох уялдааг ойлгож эхэлж байна. Мөн энэ жил агаарын бохирдол урьд урьдынхаасаа илүү их байсан тул хүмүүс ч анхаарал хандуулан санаа зовж эхэлж байна.” гэсэн юм.
УАНС Удирдах зөвлөлөөсөө зөвшөөрөгдсөн санхүүжилтээс эхний ээлжид 500,000 ам.долларыг ХасБанканд олгож байгаа бөгөөд уг санхүүжилт нь хүлэмжийн хийг бууруулах санаачилга гаргаж буй бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд, тэр дундаа тал хувь нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулагдана.
Түүнчлэн, УАНС-аас олгож буй нийт 20 сая ам.долларын санхүүжилт нь ХасБанкны бусад эх үүсвэрүүдтэй нийлэн хүлэмжийн хийг бууруулах 5 жилийн хугацаатай, 60 сая ам.долларын санхүүжилт бүхий нэгэн том хөтөлбөр болно.
ХасБанк нь 2009 онд улсдаа анхны Эко банкны хэлтсийг байгуулснаас хойш Монголын тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдийг бий болгон дэмжиж, хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2016 оны 10-р сард УАНС-ийн магадлан итгэмжлэгдсэн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллага болсноор сэргээгдэх эрчим хүчний том хэмжээний төслүүдийг дэмжихэд түлхүү анхаарч эхэлсэн байна.