
ХасБанкны Эрсдэл хариуцсан захирлаар Торстен Клайн Бойнинг томилогдлоо
ХасБанкны Эрсдэл хариуцсан захирлын албан тушаалд 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн Торстен Клайн Бойнинг ажиллаж эхэллээ. Тэрээр ХасБанкны Зээл, Үйл ажиллагааны эрсдэл болон Хянан нийцүүлэлтийн бодлогыг удирдан ажиллах бөгөөд Монголд ирэхээсээ өмнө Лондонд төвтэй үндэстэн дамнасан компани болох Стандарт чартеред банканд Засаглал, байгууллагын эрсдэлийн удирдлага хариуцсан захирлын албыг хашиж байжээ.
Ноён Торстен нь Азийн бүсийн хөгжингүй болон хөгжиж буй эдийн засагтай улс орнуудад санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлагын чиглэлээр нийт 16 жил ажилласан арвин туршлагатай юм. Мөн тэрээр орон нутгийн болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагад Хөрөнгийн болон Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, Эрсдэлийн загварчлал боловсруулах чиглэлээр дагнан ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан ба Basel II стандартыг Азийн 11 улсад хэрэгжүүлэхэд манлайлан оролцсон байна.
Тэрээр Вильгелм хааны нэрэмжит Вестфальсийн Их Сургууль (University of Munster)-ийг Мэдээллийн системийн мастерын зэрэгтэй төгсөж, АНУ, Европын холбоо болон Ойрх Дорнодын зарим улсуудад мэргэжлээрээ ажиллаж байсан ба хамгийн сүүлд Стандарт чартеред банкны Сингапур дах салбар банкинд дээд түвшний удирдах ажил гүйцэтгэж байв.
Торстен Клайн Бойнинг захиралд нийт хамт олны өмнөөс ажлын амжилт хүсье!