Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ЭРХЭМ ТЭНГЭРЧҮҮД, ХАСЧУУД АА!

Өнөөдөр та бидний хувьд онцгой баярын өдөр тохиож байна. 1998 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн МикроСтарт төслөөс эхэлсэн Хөгжлийн Алтан Сан санхүүгийн компани 2001 онд "Говийн эхлэл" ББСБ-тай нэгдэж мөн оныхоо 12-р сарын 27-ны өдөр Монголбанкнаас арилжааны банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авснаар ХасБанк албан ёсоор байгуулагдсан түүхтэй. Мөн тус нэгдлийн дүнд үүссэн Х.А.С.-Г.Э. ХХК бол одоогийн ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн эх суурь нь билээ.

Аливаа байгууллагын хувьд 15 жил гэдэг урт хугацаа биш ч олон улсад нэр хүндтэй, тулхтай хувьцаа эзэмшигчид, хараат бус, тэнцвэртэй ТУЗ, чадварлаг удирдлагын баг, сайн засаглалын зарчмуудыг байгууллагын соёл, үзэл баримтлалдаа шингээсэн, хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй, шинийг санаачлагч хамт олны хувьд их зүйлийг амжуулж чадах хугацаа ажээ.

Анх 17 ажилтан, 1 сая ам.долларын хөрөнгөтэй эхэлж байсан бидний хөгжлийн жим жилээс жилд өргөжин тэлж, одоо 1,500 ажилтан, 1 тэрбум ам.доллар буюу 2 их наяд гаруй төгрөгийн активтай, банк, санхүүгийн түрээс, даатгал, хөрөнгийн удирдлагын салбарт цогц үйлчилгээ үзүүлдэг ТэнГэр Санхүүгийн Нэгдэл хэмээх өргөн дардан зам болон зурайжээ. Энэ зам үргэлж тэгш толигор байгаагүй ч бартаа нугачаа бүрийг та бүхний чин сэтгэл, гүн зүтгэл тэгшлэн өнгөлж байсан юм.

Ирэх 10 жилд бид Монголдоо дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээтэй байгууллага болох алсын хараатай ажиллаж байгаа билээ. Улс орны эдийн засгийн нөхцөл төдийлөн сайнгүй байгаа үед энэ зорилго амаргүй санагдаж болох ч та бүхэн шиг сэтгэл зүтгэлтэй, ажилч хичээнгүй хамт олонтой байхад бидний амжилтын түүх өртөөлсөөр, бодит хөгжил дэвшлийг эх орондоо цогцлоон бүтээсээр байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Бид бүхний хичээл зүтгэлийг өндөрөөр үнэлж, энэ онд дэлхий дахинд нэр хүндтэй Global Finance, The Banker сэтгүүлүүдээс ХасБанкийг "Монгол Улсын шилдэг банк"-аар 2 дахь удаагаа тодруулж, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2016 оны "Банкны салбарын онцлох банк"-аар шалгаруулж, "Хүрэл Меркури" цомоор шагнасан, мөн International Finance сэтгүүлээс Тэнгэр даатгал компанийг "Монгол Улсын шилдэг даатгалын байгууллага"-аар шалгаруулсан нь үүний нэгэн баталгаа болно.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл, ХасБанк болон ТэнГэр Даатгал компаниудын 15 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн Тэнгэрчүүд, Хасчууд, ирээдүйд энэ их айлыг авч явах идэр залуу ажилтнууд та бүхэнд ойн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд ирж буй 2017 онд ажил үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн, 

М.БОЛДОО
Гүйцэтгэх Захирал
ТэнГэр Санхүүгийн Нэгдэл
ХасБанк