
Ногоон хөгжлийг дэмжсээр
Эрчим хүчний хөрөнгө оруулалт
Азийн тал нутаг дахь эрчим хүчний хувьсал: Монголын нэгэн банк зорилтот зээлээр дамжуулан сэргээгдэх эрчим хүчийг нутагшуулж байгаа туршлагаас.
Монгол нь жилийн 250-аас илүү хоногт нартай байдаг хөх тэнгэрийн орон гэдгээрээ алдартай. Энэ уудам нутагт тус улсын 3 сая хүн амын 800,000 орчим нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэн, нүүдэллэн амьдарч байна. Хэдий нартай цэлмэг ч, тэд хатуу хүйтэн өвлийг бэлчээр хайн хээр талаар нүүдэллэн өнгөрүүлдэг.
Уламжлалаараа, нүүдэлчид нь бүрэн алслагдмал байдаг. Гэхдээ нарны эрчим хүчний шинэ технологийн тусламжтайгаар өөрчлөлт хурдацтай явагдаж байна. Жилд 2500 цагийн нарны гэрлийг ашиглан эрчим хүч гарган авснаар гар утас болон телевизор зэрэг зүйлс өдөр тутмын хэрэглээ болж, дундаж орлоготой ямар ч хүн авах боломжтой байдаг учир нарны эрчим хүчний эрэлт огцом өсч байна.
Хөрөнгийг шинэ эрчим хүчинд
Монголын засгийн газар 2000 оноос марчин өрхийг цахилгаанжуулах хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд нүүдэлчин, малчин айл өрхийн 70 хувийг цахилгаанжуулж чаджээ. Зөөврийн нарны цахилгаан үүсгүүрийн тусламжтайгаар хөргөгч, сүүний машин зэргийг ашиглаж байгаа нь тал нутгийн амьдралыг хөнгөвчилж тав тухыг авчирсаар байна. Хувиараа бизнес эрхэлдэг Пүрэвдорж нь энэ зах зээлд чиглэн нарны цахилгаан үүсгүүр, баттерей, болон цахилгаан хэмнэлтийн төхөөрөмжийн багцыг импортоор оруулж ирдэг. Энэхүү бизнесийн үйл ажиллагаагаа ашигтай явуулахын тулд Пүрэвдорж санхүүжилтээ ХасБанкны эрчим хүчний зээлээр шийддэг.




ХасБанк нь Монголын Улсын 4 дэх том банк бөгөөд 80 гаруй салбараараа дамжуулан 500,000 гаруй харилцагчдадаа хүрч үйлчилдэг. 2001 онд үүсгэн байгуулагдсан тус банк Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашгийг дээдлэх эрхэм зорилгынхоо хүрээнд 2007 оноос байгаль орчинд ээлтэй, ногоон бизнесийг дэмжихэд чиглэсэн зээлийг олгож 2009 онд Ази тивдээ анхны Эко банкны хэлтсийг байгуулсан байна.
“Бид байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийг санхүүжүүлдэг”
ХасБанкны Эко банкны хэлтсийн захирал Г.Туул “Бид Байгаль орчны чиглэлд 50 орчим байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг Пүрэвдорж шиг иргэдээс эхлээд, эрчим хүчний хэмнэлт бүхий барилгаар дагнасан барилгын компаниуд хүртэл бүхий л түвшний харилцагчид байдаг.” хэмээн ярьлаа.
Хэдий тийм боловч тус банкны хамгийн олон зээлдэгчтэй бүтээгдэхүүн бол 2015 оны дундаас олгож эхэлсэн эко-машины зээл юм. “Энэхүү зээл нь хуучин машинаа сайжруулж, байгальд ээлтэй машинаар солиход түлхэц болдог төдийгүй хотын агаарын бохирдлыг багасгах бас нэгэн том шийдэл юм.”
Байгальд ээлтэй ногоон хөгжлийг хэрэгжүүлсээр
Нийслэл Улаанбаатар хотод хүн амын 40% оршин суудаг бөгөөд агаарын бохирдол хамгийн том асуудлуудын нэг болоод байна. Ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдол хотыг тэр чигт нь хучдаг. Хуучин, муу автомашинууд, халаалтын систем зэрэг нь хотын агаарын бохирдлын томоохон үүсгүүрүүд болдог. ХасБанкнаас эко зээл аван үйл ажиллагаа явуулж буй “АНУ сервис” компани нь нийтийн эзэмшлийн сургууль цэцэрлэг гэх мэт том байгууламжуудыг байгальд ээлтэй халаалтын системээр хангадаг бөгөөд ердийн халаалтын системээс 24%-иар бага нүүрс хэрэглэж байна. “Жилийн 210 өдөрт халаалт шаардлагатай, -40°C хүрдэг Монголын нөхцөлд энэ нь байгаль орчинд эерэг нөлөөтэй төдийгүй, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй” хэмээн Г.Туул захирал ярьсан юм.
Эрчим хүчний хэмнэлттэй халаагуур болон эко машины тусламжтайгаар илүү бага утаа: ХасБанкны байгаль орчинд чиглэсэн зээл энэхүү хөгжлийг дэмжиж байна.
Байгальд ээлтэй хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих зээл гэх мэт ХасБанкны энэ чиглэлд хийж буй ажил, санал санаачилгын тусламжтайгаар Монголчууд байгаль орчноо хордуулалгүйгээр хөгжил дэвшилд хүрч болдог гэдгийг илүүтэйгээр ойлгож байна. ХасБанк 2013 оноос “ResponsAbility” ОУ-ын байгууллагатай хамтран ажиллаж, эрчим хүчний зээлээ санхүүжүүлж байна. “Энэ хамтын ажиллагааны үр дүнд бид байгаль орчинд чиглэсэн зээлээ өргөжүүлж, шинэ сегментэд хүрэн ажиллах боломжтой болоод байна. Бидний ирээдүйн зорилго бол байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн том хэмжээний төслүүд юм.” хэмээн Г.Туул захирал мөн хэлж байлаа.
Эх сурвалж: http://www.responsability.com/investing/en/1276/Newsletter-September-2016.htm