Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Эмгэнэл

Бидний хамтран зүтгэгч ХасБанкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Питер Морроу 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо. Питер Морроу 2015 оны 7 дугаар сараас ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байв.  Тэрбээр Монгол Улсын банк санхүүгийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахад онцгой хувь нэмэр оруулсан мэргэшсэн банкир байсан төдийгүй баялаг мэдлэг, туршлагаараа бизнесийн хүрээ, Монголын нийгэмд танигдсан нэгэн байв. 

Питер Морроу 2000-2010 онуудад Хаан Банкны Гүйцэтгэх Захирлын албыг нэр төртэйгээр хашиж, Монголын хэд хэдэн олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн компанийг үүсгэн байгуулалцсан, Монгол Улсын санхүү, эдийн засгийн салбарын хөгжлийн тулгуур багана байсан юм.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд түүний оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2005 онд “Найрамдал” медалиар, 2007 онд гадаад иргэдэд олгодог дээд шагнал болох "Алтан гадас” одонгоор тус тус шагнаж байв.

Питер Морроу Харвардын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, Жоржтауны Их сургууль, Лойола Их сургуулийн хуулийн сургуульд тус тус суралцаж төгсжээ.

Тэрбээр АНУ болон хөгжиж буй орнуудын банк санхүүгийн салбарт 50 шахам жил, үүнээс Монгол Улсад 16 жил ажиллаж амьдарч байсан бөгөөд Монголын банк санхүүгийн салбарын хөгжлийн түүхэнд өөрийн нэрийг үлдээсэн, банк санхүүгийн нэртэй зүтгэлтэн байсныг хамтран зүтгэгч бид ямагт дурсан санах болно.

Түүний шулуун шударга, зарчимч, нөхөрсөг зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.

ХасБанкны хамт олон
Төлөөлөн удирдах зөвлөл
Хувьцаа эзэмшигчид