Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


АНУ-ЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН REACH ТӨСӨЛ ХАСБАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

7 сарын 7, Пүрэв гараг – ХасБанк, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH төслийг хэрэгжүүлэгч Хөгжлийн Шийдэл ТББ хамтран ажиллахаар санал нэгдэж, санамж бичигт ХасБанкны Иргэдийн банк хариуцсан захирал Г.Цэвэгжав, Хөгжлийн Шийдэл ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Бат-Орших нар гарын үсэг зурлаа.

Энэхүү гарын үсэг зурах ёслолын үеэр ХасБанкны Иргэдийн банк хариуцсан захирал Г.Цэвэгжав: "ХасБанк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн жижиг, дунд бизнесийг эрхлэгчдийг илүүтэй дэмжин ажилласаар ирсэн ба энэхүү төсөлтэй хамтран ажиллах болсондоо туйлын их баяртай байна" хэмээн онцолсон юм. 

REACH төсөл нь банк, санхүүгийн байгууллагаас санхүүжилт авч чаддаггүй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээлжилтийн чадавхийг олгохын зэрэгцээ зээлийн боломжуудад зуучлах бөгөөд төслийн үйл ажиллагаа нь 2016 оны 5 сараас 2018 оны 4 сар хүртэлх хугацаанд үргэлжлэн Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорнод болон Дундговь аймагт хэрэгжинэ. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ХасБанк болон Хөгжлийн Шийдэл ТББ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлжилтийн чадавхийг нэмэгдүүлэх, банкны санхүүжилтэд бэлдэх чиглэлээр хамтрах бөгөөд REACH төслийн зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ХасБанкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүүжилтийн талаарх мэдээ мэдээллийг хуваалцан, чадавхижуулах сургалт, семинар, уулзалт зөвлөгөөнүүдийг хамтран зохион байгуулахын зэрэгцээ банкны зээлд тавигдах шаардлагыг хангахад нь бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, зээл авахад нь зуучлан ажиллах юм.