Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Б.ДЭЛГЭРЖАРГАЛ: ТА ХЭРЭГЦЭЭГЭЭ ТОДОРХОЙЛ БИД САНХҮҮГ ТАНЬ ШИЙДЬЕ

Эдийн засгийн хөдөлгөгч хүч нь банк, санхүүгийн салбар юм. Хүний биед зүрх тараагуур болон хураагуур судсаар дамжуулан цусыг эргэлдүүлж, бусад эд эрхтэнг тэжээн тэтгэж байдаг шиг эдийн засаг дахь мөнгөний урсгал банкаар дамжин явагдаж, мөнгөний илүүдэлтэй хэсгээс хадгаламж хэлбэрээр хуримтлагдан, дутагдалтай байгаа газарт зээл болон очиж байдаг. Мэдээж энэ процесс нь харилцагч болон банканд аль алинд нь харилцан ашигтай, үр өгөөжтэй байх хэрэгтэй.

ХасБанк ч байгуулагдсан цагаасаа энэ үүргээ амжилттай биелүүлж ирсэн бөгөөд сүүлийн үед зээлийн нөхцөл таатай боллоо гэсэн мэдээллийг гаргаж эхлээд байгаа. Тиймээс зээлийн үйлчилгээний талаар тус банкны Бизнес Хөгжил Хариуцсан захирал Б.Дэлгэржаргалтай ярилцлаа.

-ХасБанк зээлийн бүтээгдэхүүнийхээ нөхцөлийг сайжруулж, хугацааг уртасгалаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулж ярих уу?

-Тиймээ. ХасБанкны баримталдаг гол зарчим бол харилцагчид үнэ цэн авчрах, үр өгөөж өгөх бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх явдал юм. Улс орны эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ үед иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Түүнийг дагаад бизнес эрхлэгчдийн орлого багасан, үйл ажиллагаагаа хэвийн явуулах эргэлтийн хөрөнгө, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөтгөх санхүүгийн эх үүсвэр дутагдаж байна. Ийм үед ХасБанк бизнесийн зээлийнхээ нөхцөлийг харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн улам илүү таатай болголоо. Мөн урин дулаан цаг, аялал амралтын улирал эхэлж буйтай холбоотойгоор хэрэглээний зээл, тэр дундаа цалингийн болон өрхийн зээл, тээврийн хэрэгсэл худалдан авалтын зээлийн нөхцөлийг сайжрууллаа.

-Нөхцөл таатай боллоо гэдэг нь?

-Нөхцөл таатай болно гэдэг нь хүү буурч, хугацаа нь уртасч, зээлийн хэмжээ нэмэгдэн, барьцаа хөрөнгөд тавигдах шаардлага, зээлийн эргэн төлөлтийн нөхцөл зэрэг илүү уян хатан болж  байгаа хэрэг. Тухайлбал, цалин болон өрхийн зээлийн хугацаа 48 сар болон уртассан бол тээврийн хэрэгсэл худалдан авах зээлийн хувьд зах зээл дээрх хамгийн бага буюу 1.6% хувийн хүү, 10-20%-ийн урьдчилгаа төлбөрийг санал болгож байна. Ялангуяа 2008 оноос хойш үйлдвэрлэгдсэн, хосолсон хөдөлгүүр /hybrid/ бүхий тээврийн хэрэгслүүдэд 24-60 сарын хугацаатай зээл олгож байгаа. Мөн зуны улиралд хүмүүс орон сууцандаа засвар хийх, тохижуулах, зуслангийн болон хашаа байшин барих, худалдан авах хэрэгцээтэй байдаг шүү дээ. Үүнд зориулан бид зуслангийн болон амины орон сууц барих худалдан авах зээлийн хугацааг 15 жил болгон нэмэгдүүлж, хүүг нь буурууллаа.

Харин бизнесийн зээлийн хувьд эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зээлийн хугацааг 36 сар болгосон бол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг сайжруулах, барилга байгууламжыг өргөтгөх зориулалттай хөрөнгө оруулалтын зээлийн хугацааг илүү урт буюу 60 сар болгосон.

-Зээлийн хүү буурах нь харилцагчийн хувьд мэдээж ашигтай. Харин зээлийн хугацаа уртассанаар харилцагчид ямар давуу тал бий болох вэ?

-Энэ нь харилцагчийн авч болох зээлийн дээд хэмжээнд шууд нөлөөлнө. Жишээлбэл, сард 800,000 төгрөгийн цалинтай хүн дээд тал нь 8.9 сая төгрөгийн зээл авах боломжтой байсан бол хугацаа 48 сар болсноор 10.5 сая төгрөгийн зээл авах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл сард төлөх зээлийн эргэн төлөлтийн ачаалал буурснаар хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна ХасБанкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2 янзын сонголттой болсон. Эхнийх нь үндсэн төлбөр тэнцүү буюу зээлийн нийт төлбөр буурах зарчим, 2 дахь нь тэнцүү төлөлттэй буюу сар бүрийн зээлийн нийт төлбөр тэнцүү байх зарчим юм. Хоёр дахь зарчмаар тооцоолол хийвэл түрүүний жишээнд дурдсан 800,000 төгрөгийн цалинтай хүн бүр 13 сая төгрөгийн зээл авах боломжтой болно.

-Зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор урьдчилж төлөх асуудал иргэдийн дунд их яригддаг. Зээлээ хугацаанаас нь өмнө хаавал торгууль төлнө гэдэг ч юм уу?

-ХасБанкны хувьд зээлээ урьдчилж төлөх буюу хугацаанаас өмнө хаахад ямар нэг торгууль байдаггүй. Мөн эргэн төлөлтийн хуваарь сонголттой болсноор зээлээ урьдчилж төлсөн харилцагч өөрийн хэрэгцээнд тохируулах хэд хэдэн боломж нээгдэж байгаа. Жишээлбэл, үндсэн төлбөр тэнцүү төлөлттэй тохиолдолд илүү төлөлт хийсэн бол тодорхой хугацаагаар үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба сар бүрийн хүүг төлөөд явах боломжтой.

Харин нийт төлбөр тэнцүү төлөлттэй тохиолдолд илүү төлөлтийг дараах байдлаар хийж болдог. Нэг бол илүү төлөлтийг зээлийн үлдэгдлээс шууд хорогдуулах. Ингэснээр дараа дараагийн саруудад хүү бага бодогдох буюу эргэн төлөлтийн дүн буурна. Эсвэл илүү төлөлтийг сар бүрийн хуваарьт  төлбөрт урьдчилан төлөх. Энэ тохиолдолд харилцагч дараа сард зээлдээ ямар ч төлөлт хийхгүй байж болно. Гадагшаа урт хугацаагаар явах эсхүл их хэмжээгээр орлого орж ирсэн харилцагчдын хувьд энэ боломжууд нь ихээхэн ач холбогдолтой юм л даа.

-Улирлын чанартай бизнес эрхлэгчдийн хувьд зээлийн эргэн төлөлт бас их чухал хүчин зүйл байдаг?

-Тиймээ. Бизнесийн орлого нь улирлын хамааралтай иргэд, ААН-үүдэд бид зээлийн шугамыг санал болгож байна. Зээлийн шугам нь орлоготой сарууддаа болон хугацааны эцэст зээлийн төлбөрийг төлөөд бусад саруудад зөвхөн хүүгээ төлөөд явах боломжийг олгодог юм. Мөн зээлийн шугам нь ашигласан хугацаандаа л хүү төлдөг учир бодит хүүг бууруулах, улмаар зардлыг багасгах давуу талтай.

Ташрамд хэлэхэд, ХасБанк сая Олон Улсын Санхүүгийн корпораци болон Нидерландын Хөгжлийн банкнаас 108.5 сая ам.долларын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ санхүүжилт нь бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоход чиглэгдэнэ. Тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчид болон эмэгтэй эзэнтэй компани, ААН-үүдэд 30 орчим сая ам.доллар нь зориулагдана гэдгийг дуулгахад таатай байна.

-Сайхан мэдээ байна. Иргэдийн дунд банкууд миний хүссэн зээлийг олгосонгүй. Бага зээл өглөө гэсэн гомдол яригддаг. Энэ тал дээр хариулт өгвөл?

-Банк бол хадгаламж эзэмшигч, хөрөнгө оруулагчдын мөнгөөр бизнес хийдэг байгууллага. Тиймээс бид зээлийн үйл ажиллагаандаа ихээхэн болгоомжтой хандаж, эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахыг зорих нь зүйн хэрэг юм. Зээлийн шийдвэр гаргах процесс нь өргөдөл хүлээн авах, судалгаа, шинжилгээ хийх, шийдвэр гаргах гэсэн шат дараалалтай явдаг. Тухайн зээл хүсэгчийн бизнесийн туршлага, зээлийн түүх, барьцаа хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн үр өгөөж гээд маш олон хүчин зүйл дээр тулгуулан шийдвэр гардаг. Нөгөө талаас бизнесийн ёс зүй гэж байна. ХасБанк дан ганц ашгийн хойноос хөөцөлддөггүй, харилцагчид үр өгөөжтэй байх, тэдний цаашид өсөн дэвжих боломжийг бий болгохыг зорьж ажилладаг. Ийм учраас “Харилцагчийг хамгаалах ухаалаг хөдөлгөөн” хэмээх дэлхийн даяар 4,000 гаруй санхүүгийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн хөдөлгөөнд манай банк өнгөрсөн оноос нэгдэж, тус хөдөлгөөний зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж байна. Ил тод, нээлттэй байх, харилцагчийг өрийн дарамтаас хамгаалах зэрэг эдгээр зарчмуудын хүрээнд зээлийн хэмжээг бодитой тогтоож өгдөг гэж ойлгож болно.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. 

С.Баяр