
ХасБанк ОУСК болон Нидерландын Хөгжлийн Банкнаас 108.5 сая ам.долларын санхүүжилт авлаа
Улаанбаатар хот, 2016 оны 6-р сарын 9-ний өдөр - Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) Нидерландын Хөгжлийн Банктай (НХБ) хамтран ХасБанкинд 108.5 сая ам.долларын санхүүжилт олгох гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Санхүүжилтийг ОУСК (15 сая ам.доллар), НХБ (25 сая ам.доллар) болон олон улсад үйл ажиллагаа явуулдаг 8 санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид хамтран бүрдүүлж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл Монгол Улсын арилжааны нэг банканд олгогдсон хамгийн том синдикат санхүүжилт болж байна.
Уг санхүүжилт нь бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнд шаардлагатай урт хугацааны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд 30 орчим сая ам.доллар нь зориулагдах юм.
Гарын үсэг зурах ёслолын үеэр ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Туеэн Нгуен хэлэхдээ: “Энэхүү хамтарсан санхүүжилт нь Монголын бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч олон мянган иргэд, ялангуяа эмэгтэйчүүдэд санхүүгийн томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Тус улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр бид цаашид ч ХасБанктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэсэн бол ХасБанкны Ерөнхий захирал Г.Амартүвшин: “Энэхүү үйл явдал нь ОУСК, НХБ болон бусад хамтран зээлдүүлэгчид ХасБанканд итгэл хүлээлгэж байгаагийн илрэл төдийгүй зах зээлд эерэг дохио өгч буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм. Мөн энэ санхүүжилт дотоодын ААН, компаниудад дэмжлэг болох, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зэргээр эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлнө.” хэмээн онцолсон юм.
Харин Нидерландын Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалт хариуцсан захирал Линда Брөкүйзен: “Бид Монгол улс дахь стратегийн гол түнш ХасБанктай дахин нэг шинэ хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа, тэр тусмаа тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд голлох нөлөөтэй бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна.” гэлээ.
Дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээг Монголдоо үзүүлэх зорилготой ХасБанк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах замаар тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа билээ.
Дашрамд дурдахад, ХасБанк хэрэглээний болон бизнесийн бүх төрлийн зээлийн нөхцөлөө харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн илүү уян хатан, таатай болгоод байна.
Амьдралд – Ашид хамтдаа.