
ХАСБАНК “ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ БИЗНЕС – 2015” ОУ-ЫН ШАГНАЛД НЭР ДЭВШЛЭЭ
Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC) Файнаншл таймс (Financial Times) сэтгүүлтэй хамтран жил бүр зохион байгуулдаг “Өөрчлөлт авчрах Бизнес – 2015” шагналд ХасБанк Эко банкны үйлчилгээгээрээ нэр дэвшээд байна.
Байгаль орчин, нийгмийн сайн сайхны төлөө болон компанийн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны, дорвитой, эерэг өөрчлөлт авчрахуйц аливаа бизнесийн санал санаачлагуудыг шалгаруулдаг энэхүү арга хэмжээнд энэ жил дэлхийн 140 орны 167 байгууллагаас ирүүлсэн 191 төсөл, материалаас шүүн 5 төрөл тус бүрт 6 шилдэг бизнесийн үйл ажиллагааг шигшин, нэрлэсэн бөгөөд ирэх 6-р сарын 11-ний өдөр Их Британийн нийслэл Лондон хотноо шилдгийн шилдэг бизнесийн үйл ажиллагаа, шинэ санаачлагыг тодруулах ёслолын ажиллагаа болох юм.
ХасБанк 2009 онд Монголын банкны салбарт анх удаа Эко банкны хэлтсийг байгуулснаасаа хойш эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлж эхэлсэн бөгөөд хүлэмжийн хийг бууруулах бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч болон эцсийн хэрэглэгч, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.