
ХасБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн хамт олон Сэлбэ голыг цэврлэлээ
Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХасБанкны хамт олон өнөөдөр УБ хотыг хоггүй цэвэр цэмцгэр байлгах, ирээдүй хойч үедээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх, хотын иргэдийн эрүүл, цэвэр орчинд аж төрөх нөхлийг бүрдүүлэх зорилгоор, “Зөв хөгжлийг хамтдаа бүтээцгээе” уриан дор хэрэгжиж буй Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээнд 100 айлын гүүрнээс хойших Сэлбэ голын эрэг дагуух 2.2км газрыг цэвэрлэлээ.
Хог цэвэрлэх арга хэмжээнд ХасБанкнаас гадна Тэнгэр санхүүгийн нэгдэл болон түүний охин компаниуд болох ХасЛизинг, Тэнгэр даатгал, Хас секьюрити компанийн 400 гаруй ажилтнууд оролцож, 3,000 орчим шуудай хогийг цэврлэж, Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн тохижилт үйлчилгээний ажилтнуудтай хамтран ачуулсан юм.
ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэн, Нийгмийн хариуцлага болон Байгаль орчныхоо өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан өөрийн бизнесийн үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд хөрөнгө оруулах, байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулсаар ирсэн.
Тогтвортой Санхүүжилт хөтөлбөрийн тухайд, Монгол Улсын нийт арилжааны банкууд 2015 оны I улирлаас эхлэн өөрсдийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг нэвтрүүлж, хөрөнгө оруулалт хийх, зээл олгох зэрэг аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөтэй эсэхийг харгалзаж байх, банкны дотоод үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэйгээр явуулж үлгэрлэн манлайлах зарчмуудыг баримтлан ажиллахаар болсон бөгөөд ХасБанк энэхүү хөтөлбөрийн 2015 оны манлайлагч банкаар ажиллаж байна.