
Майкрософт, ХасБанк болон Ай Ти Зон компаниуд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Улаанбаатар хот, 2014 оны 9-р сарын 29. Програм хангамжийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн хандлагыг дэлхийд тодорхойлогч Майкрософт болон ХасБанк, Ай Ти Зон компаниуд мэдээллийн технологийн дэд бүтцийг бий болгох “Open Value Licensing Program” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү гурван талт хэлэлцээрт Майкрософт компанийн Төв Азийн Бизнес хөгжил хариуцсан дарга Алексэй Трубинов, ХасБанкны Ерөнхий захирал Д.Бат-Очир болон Ай Ти Зон компанийн Ерөнхий захирал Н.Баттулга нар оролцлоо.
Тус хамтын ажиллагаагаар Microsoft Open Value лицензийн хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд ХасБанкинд хэрэгжүүлэхээр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд нийт 1000 гаруй компьютерүүд албан ёсны Windows, Office зэрэг лицензтэй програмтай болж, олон тооны серверүүд дээр албан ёсны лицензтэй сервер бүтээгдэхүүн ашиглан, мэдээллийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг өндөр түвшинд хангах боломжийг бүрдүүлээд байна.
Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 107 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1700 мэргэшсэн ажилтан, 1300 гаруй мерчант, АМАР мобайл банкны агентуудаар дамжуулан харилцагчдаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэдэг ХасБанкны Open Value лицензийн хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Мэдээллийн технологийн тэргүүлэгч Ай Ти Зон компани ажиллаж байгаа ба Ай Ти Зон компани нь Майкрософт компанийн “Silver Application Development Partner” статус бүхий Монгол дахь албан ёсны түнш юм.
Ийнхүү банк санхүүгийн салбараас эхлээд мэдээллийн технологийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангахаар албан ёсны лицензтэй програмыг хэрэглэх хандлага өсч байгаа нь манай улсын технологийн салбар хүчирхэгжиж, эргээд хэрэглэгчдэд найдвартай, чанартай үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлж буй нилээдгүй ач холбогдолтой үйл ажиллагаа юм.