Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанкны Ерөнхий Захирал Г.Амартүвшинтэй Монголын банк, санхүүгийн салбарын талаар ярилцлаа.

Монголд бэлэн мөнгөтэй хүн байхгүй боллоо гэж байна.Энэ байдал банкуудад яаж нөлөөлж байна. Банкны системээс ихээхэн хамааралтай Монголын санхүү, эдийн засгийн байдал үүнээс болж доройтох вий гэх айдас бий болчихлоо. Нөхцөл байдал одоо ямар түвшинд байгаа бол?
Эдийн засгийн амин судас бол мөнгө. Тэгэхээр үүнийг хөдөлгөгч гол хүч нь банк болж таарна. Манайд хөрөнгийн зах зээл олигтой хөгжөөгүй, компаниуд бонд гаргаад санхүүжилт босгох тогтолцоо бүрэлдээгүй байна. Томоохон компаниуд, ялангуяа уул уурхайн салбарынхан гаднаас шууд зээл авдаг байсан. Гэтэл одоо эрсдэлийн ерөнхий дүгнэлт буурангуут ийм санхүүжилт ч байхгүй болчихлоо. Эцэстээ банкууд л үлдэж байна. Хувь хүмүүсийн тухайд банкуудаасаа зээл авч мөнгөтэй болохоос өөр аргагүй болсон.
 
Санхүүгийн өөр эх үүсвэр байхгүй гэсэн үг үү?
Эдийн засаг 17 хувь хүртэл өсөж байснаа одоо бүр зургаа руу буурсан байна. Гэхдээ маш хурдтай өсөж байсан эдийн засаг гэнэт ингэж удаашрахаар бүр зогссон юм шиг санагдаж байгаа байх. Нөгөөтэйгүүр, төвлөрсөн эдийн засаг угаасаа хэцүү. Уул уурхай, үл хөдлөх, барилга гэсэн хэдхэн салбарт л ихэнх мөнгө эргэлдэж байгаа. Хөдөө аж ахуйн салбарын тухайд энэ онд харьцангуй боломжийн өсөлттэй байхаар нөхцөлтэй байна. Харилцагчдаа хараад байхад ургац сайн байсан учраас тун боломжийн байхаар ажиглагдсан. Харин уул уурхайнхан ямаршуу байгааг бүгд мэдэж байгаа. Үл хөдлөх, барилгын салбарын хувьд хүнд болсон. Орон сууцны үнэ унах төлөвтэй болж байна. Хүмүүсийн орон сууц авах сонирхол, чадвар ч тааруу болсон. Хүмүүс барьж дуусаагүй орон сууцыг худалдан авахаас эмээж байгаа. Өмнө нь барьж дуусаагүй барилгад захиалга өгч, урьдчилгаагаа төлөөд, авах орон сууцаа товлодог байсан бол одоо яг ашиглалтад орсон, эсвэл Улсын комисс хүлээж авсныг л худалдаж авах сонирхолтой болсон. Дээрээс нь гэрчилгээ гараагүй орон сууцанд найман хувийн зээл өгөхгүй журамтай.
 
Эдийн засаг төвлөрөх хэрээр банкуудад ч төвлөрөл бий болох уу?
Тэгнэ. Эдийн засаг яаж төвлөрнө банкуудын багц ч тийм байна. Өөрөөр хэлбэл, банкны томоохон харилцагчид ямар нэгэн байдлаар уул уурхай, барилгын салбартай холбоотой байдаг. Эдгээр салбарт өгсөн зээлийн хэмжээ ч зонхилох хувьтай байгаа. Тэгэхээр салбарын бууралт банкны зээлийн чанарт аажим аажмаар нөлөөлж эхэлж байгаа юм.
 
Ийм нөхцөлд манай банкууд хангалттай дархлаатай байж чадах болов уу?
Банк бол итгэлцлийн бизнес. Монголбанкнаас тогтоосон хэмжээгээр банкуудын өөрийн хөрөнгө нийт активын 14 хувьтай байх ёстой. Бусад нь хадгаламж, гаднаас авсан зээл зэргээс бүрддэг. Тэгэхээр хувь хүмүүс, компани, аж ахуйн нэгжүүд итгэсний үндсэн дээр аль нэг банкийг сонгож мөнгөө хадгалуулж, зээл авдаг. Ганц манайд ч биш дэлхий даяар ийм тогтолцоотой. Гэтэл ямар нэг нөхцөл байдлаар тэр итгэлцлийн суурь хагарч, ганхаад эхэлбэл эргэлзээ үүсээд эхэлнэ. Яахав манайд банкуудын зээлийн багцийн чанар муудаж байгаа ч өөрийн хөрөнгийн хэмжээнүүдийг нь харахад нэлээд өндөр байгаа. Манай банк л гэхэд 20 хувьтай байна. Бусад банк ч тогтоосон доод хэмжээнээс илүү байгаа нь харагдсан. Энэ бол сайн үзүүлэлт. Ер нь банкууд засаглалд их анхаардаг болж. Өөрөөр хэлбэл, менежмент нь бусдын нөлөөнд авталгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Ашиг сонирхлын зөрчилгүй, хамгаалалт сайтай шийдвэр гаргах нь чухал байдаг гэдгийг ойлгодог болж байна. Банкууд ч тэр, томоохон харилцагчид ч тэр үүнийг маш сайн ойлгодог болсон.  Өмнө нь том зээл гарч л байвал сайн гэдэг байсан бол одоо арай өөр болж байна. Энэ бол манай эдийн засаг, банк санхүүгийн салбарын хөгжлийн үе шат юм. Одоо барууны стандартын дагуу өөрчлөгдөж байгаа. Үүнийг явах ёстой процесс гэж болно.
 
Гадны банкууд орж ирэх хэр эрсдэлтэй вэ. Хятадын банк л гэхэд бөөн асуудал үүсгэсэн.Улстөрчдийн тоглоомын сэдэв ч болж байх шиг?
Ер нь яаж ч бодсон орж ирэх хэрэгтэй гэж харагдаж байна. Эдийн засгуудыг харж байхад, Хятад, Япон, Солонгос, Хонгконг, Европ, АНУ-д ч гадны банкууд бий. Гэтэл бид хэдий болтол эрсдэлээс айж өөрсдөдөө хамгаалалт босгож суух вэ. Гадны банк орж ирсний давуу талууд бий. Наад зах нь, цус сэлбэх гэдэг шиг цоо шинэ, бидний мэдэхгүй, чадахгүй зүйлүүдийг тэд оруулж ирдэг. Тэднээс бид суралцаж, өөрсдийгөө хянаж, өрсөлдөх чадвараа дээшлүүлж, харилцагчид маань ч илүү шинэ үйлчилгээ авах боломжтой болно. Гэхдээ эрсдэл ч бий. Ямар банк орж ирж байгаагаас шалтгаалж аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлал өндөрсөнө. Барьцаа хөрөнгө гадныхны гарт орно ч гэдэг юм уу.
 
Мөнгө хүүлэх ч юм уу, ямар нэг байдлаар санхүүгийн гэмт хэргийн золиос болох вий гэж л болгоомжлоод байгаа юм?
Тийм айдас ч бий. Ер нь гадны том банкууд ороод ирвэл бид сандрах л байх. Манай банкуудын гаднаас татах эх үүсвэр Монголын эдийн засгийн ерөнхий өнгөөс л шалтгаална. Засгийн газрын бонд олон улсад арилжаалагдаж байгаа. Чингэс бондын өгөөж таван хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын төрийн эрсдэл таван хувийн үнэлгээтэй байгаа гэсэн үг. Банкууд төрөөс хямд үнээр мөнгө татах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр хамгийн багадаа тав, дээрээс нь тухайн банкны эрсдэлийн үнэлгээнээс хамаараад 1-2 хувь нэмэгдэнэ. Ингээд бодоход гадаадаас бидний татах боломжтой мөнгө долоон хувийн өртөгтэй орж ирдэг. Тэр мөнгийг бид зээл болгож гаргана гэхээр өртгийн долоон хувь дээр үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ. Гэх мэтээр хүү нь нэмэгдсээр 10-11 хувьтай болж байгаа юм. Түүнээс доош буулгахад маш хэцүү. Төгрөгийн тухайд Монголбанк л ганц эх үүсвэр. Эсвэл хадгаламж.
 
Гэтэл хүмүүсийн орлого багасаад байгаа биз дээ?
Тийм. Хувь хүмүүсийн орлого хадгаламжийн эх үүсвэр бүрдүүлэхэд хангалтгүй болж байна. Томоохон компани, аж ахуйн нэгжүүд л хадгаламжийн ихэнхийг бүрдүүлдэг. Гэтэл гадны банкууд өөрийн зах зээлээс 1-2 хувиар эх үүсвэр татаад түүнийгээ Монголд оруулж ирвэл юу болох нь ойлгомжтой.
 
Банкуудын ашиг гэж байгаа ч нөгөө талаараа зээлдэгчдэд таатай боломж бий болох магадлалтай байх нь ээ?
Яахав, ирээдүйн эдийн засгийг бодоод үзвэл гадаадын хямд эх үүсвэртэй зээл Монголд орж ирвэл сайн л даа. Компаниудын өртөг багасч, өрсөлдөх чадвартай болж, урт хугацааны хөрөнгө оруулалт татах боломж нь нэмэгдэнэ гээд сайн талууд байгаа. Гэхдээ болохгүй зүйл нь ч олон. Тийм болохоор энэ асуудлыг шууд хар, цагаан талаар нь тэнцүүлээд шийдчихэж болохгүй байх.  Тухайлбал, гадаадын төрийн өмчит банк цэвэр арилжааны, ашгийн төлөөх банкийг бодвол илүү бодлого хэрэгжүүлдгээрээ ялгаатай. Гадаадын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байна уу, үгүй юү гэдэг нь ч асуудалтай.
 
Манай хөрөнгийн зах зээл яагаад ахиц гаргаж чадахгүй байгаа юм бол.Хуулиа өөрчилж, шинэ системүүд нэвтрүүлж, гадныхантай хамтраад ч олигтой урагшлахгүй юм?
Аж ахуйн нэгж, компаниудад хөрөнгийн зах зээлээс мөнгө татах сонирхол байгаа. Гэтэл хөрөнгө нь байхгүйд гол учир байгаа юм. Барууныхан яагаад банкнаас өөр салбараас хөрөнгө босгож чадаад байна гэхээр эх үүсвэр нь хангалттай бий. Наад зах нь тэтгэврийн сангууд байна. Америк, Канадын хамгийн том хөрөнгө оруулагч нь тэтгэврийн сангууд байх жишээний. Эдгээр сан маш их хэмжээний мөнгө татчихсан. Түүгээрээ өгөөжтэй хөрөнгө оруулалт хийхийн тулд бонд, хувьцаа худалдан авч, эсвэл шууд санхүүжилт хийдэг. Дээрээс нь даатгалын компаниуд маш том үүрэгтэй. Тэд даатгалын хураамжаас ашиг олдоггүй. Харин хөрөнгө оруулалтаас ашгаа олчихдог. Гэтэл манайд шимтгэл, хураамжаараа л амьдардаг. Гэхдээ хуульзүйн орчин их чухал. Манайд зээл авсан этгээд цагтаа зээлээ төлөхгүй бол банкуудад барьцаа хөрөнгө байгаа ч яг хөөцөлдөөд хохирлоо барагдуулна гэвэл бараг жил тойрно. Их зардалтай, сунжирсан асуудал болдог. Үүнээс болоод зээлийн чанарын үнэлгээ буурдаг. Харин АНУ, Англид зээлдэгч зээлээ төлөхгүй бол шүүх дор нь шийдвэрийг гаргаж, ямар ч гацах зогсох асуудалгүйгээр шийдчихдэг.
 
Төрөөс банкуудын үйл ажиллагаанд хэр оролцож байна. Манай банкуудыг төрөөс хараат бус гэхэд тун хэцүү санагдаад байдаг юм?
Төрийн оролцоо хоёр маягаар л явах юм уу даа. Нэгдүгээрт, бүх банк Монголбанкны зохицуулалтын дор байдаг. Сар болгон банкууд тайлангаа өгч, мөн жил бүр аудитаар хянана. Өөр бодлогын чанартай асуудлууд бий. Гаднаас хөрөнгийн эх үүсвэр орж ирвэл Монголбанктай своп хэлцэл хийх, үнэт цаас худалдан авах зэрэг харилцаа байна. Харин Засгийн газрын хувьд сүүлийн үед төслийн санхүүжилт их орж ирлээ. Арьс шир, 888 төсөл, экспортыг дэмжих гэх мэт олон төсөл орж ирлээ. Тэдгээрийг банкуудад байршуулж, банкууд зээл хүсэгчдийг судлан зээл гаргаж байна. Үүнтэй холбоотой төрийн хяналт шалгалт их байдаг.
 
Төвбанк Засгийн газраас хараат бус байхаа больсон гэдэг. Мөнгөний бодлогын тал дээр ч асуудал их гэдгийг шүүмжлэх хүн олон.  Ялангуяа төгрөг ихээр хэвлэдэг гэх мэт. Санал нийлэх үү?
Арай ч тэгж хэлэхгүй ээ. Ямар ч гэсэн хяналт зохицуулалтын үйл ажиллагаа хараат бус гэдэгт найддаг. Мөнгөний бодлогын тухайд хараат бус, эсэхийг хэлж мэдэхгүй. Эдийн засгийн онолоор харвал, аль нэг валютын өгөөж их байх тусам мөнгөний урсгал тийш чиглэдэг. Гадаадын хөрөнгө оруулагч хонгконг доллар, төгрөг хоёрын алинд мөнгөө оруулах вэ. Төгрөгийн өгөөж хэд байгаа билээ. Бодлогын хүү 12 хувь. Тэгэхэд хонгког долларынх 2.5 хувь. Хонгконг, Монголын эдийн засгийн эрсдэлийн ялгаа юу билээ. Энэ тохиолдолд хонгконг руу хөрөнгө оруулалт чиглэж, монгол төгрөгийн ханш суларна. Тэгэхээр Монголбанкны баримталж буй бодлого бол төгрөгөөр илэрхийлэгдсэн активуудын өгөөжийг өсгөж хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг татахад чиглэж байгаа. Ингэхээр хүү өснө. Үүнийг дагаад аж ахуйн нэгжүүдэд очих зээлийн хүү өснө. Ингээд зээл авах сонирхол буурч, эдийн засгийн өсөлт ч дагаад доошилно гэсэн үг. Үүнээс харахад мөнгөний бодлогыг чангаруулах нь сайн, муу аль ч нөлөөг үзүүлдэг. Монголын эдийн засгаар яривал зөвхөн мөнгөний бодлогоор зохицуулагдах асуудал биш. Манай эдийн засаг гадаадын шууд хөрөнгө оруулалтаас ихээхэн шалтгаалдаг. Томоохон хөрөнгө оруулалт орж ирэхээр манай эдийн засаг сэргэж дээшилдэг. Тэгэхээр гол орлогыг бүрдүүлж буй хэдэн том компаниа татвар, бас бус аргаар дарамталж байхын оронд дэмжиж, хөрөнгө татаж, орлого нь тогтворжсоны дараа татвараа авах хэрэгтэй.
 
Ийм зохицуулалт руу ганц үсрээд орно гэж байхгүй учраас эхлээд юу хийх ёстой вэ?
Монгол Улс дэлхийд цор ганц баялагтай орон биш. Бид өөрсдийгөө цор ганц гэж бодоод байгаа юм. Гэтэл гадны хөрөнгө оруулагчдад сонголт хангалттай бий. Өөрсдийгөө Хятад, Оростой жиших хэрэггүй. Үүний оронд Индонези, Африкийн том уурхайнуудтай харьцуулж, бидний гол өрсөлдөгч гэж хараад тийшээ урсаж буй мөнгийг яаж татах вэ гэж бодох ёстой юм. Тэгэхийн тулд бид улстөр, бодлогын тогтвортой байдал, нэгэнт гаргасан шийдвэртээ үнэнч байх шаардлагатай. Хөрөнгө оруулагчийг чангалж, дарамтлаад ямар хэрэг байна. Хамаг юмаа хаяад явчихвал яах вэ.
 
2011 оныхтой адил хөрөнгө оруулалтыг одоо татаж чадах болов уу. Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль хэр болсон гэж үзэж байна?
Зөвхөн хууль өөрчилсөн төдийд байдал дээрдэхгүй. Мэдээж хуулиа сайжруулсан нь анхны зөв алхам болж байгаа юм. Одоо бид үл ойлголцол, улстөрийн тогтворгүй байдлыг өөрчлөх хэрэгтэй. Дараагийн алхам руугаа орох хэрэгтэй гэсэн үг. Оюутолгой байна. Энэ асуудлыг хурдан шийдмээр байна. Гадаадын хѳрѳнгѳ орүүлагчид юу ярьж байна гэхээр, Монгол тун сонирхолтой, ирээдүйтэй улс. Гэхдээ одоо Оюутолгойг хэрхэн шийдэхийг харъя гэж байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгой хэмээх энэ асуудал биднийг илтгэх гол жишээ, benchmark болчихоод байгаа юм. Хөрөнгө оруулагчид Монгол руу мөнгө хийж, түүгээрээ хэрхэн ашиг олох вэ гэдгийн модель болчихсон. Одоо бол өгөөж багатай, асуудал ихтэй хөрөнгө оруулалт шиг л харагдаж байгаа.
 
Та Казахстаны Казкоммерц банкинд ажиллаж байсан. Энэ улсын хувьд бидэнтэй адилхан нэг замаас гараанд гарсан ч хөгжлийн хувьд хол түрүүлж байгаа. Үүний учир юу юм бол?
Бас л байгалийн баялаг ихтэй улс .Энд бодлогын л ялгаа байгаа. Манай улс бүрэн утгаар ардчилсан нийгмийн зарчмаар урагшлах гэж хичээж байгаа бол Казахстан тийм биш. Төрийн эрхийг атгаж буй хүн шийдэмгий учраас алив асуудлыг шууд нэг мөр болгоод явсан. Гол нь Казахстан улс хөрөнгө оруулагчдыг тун зөв аргаар татаж чадсан. Хөрөнгө оруулагчдыг оруулж ирээд, зохих салбарт мөнгийг нь хийлгээд дараа нь аажим аажмаар өөртөө авахыг нь авч чадсан юм. Ямар нэг төслийн эрсдэл дандаа эхэндээ байдаг. Бүтэх, бүтэхгүй нь 50:50 хувьтай. Үүнийг цаашид зөв авч явбал ашигтай байх магадлал өсөөд явчихдаг. Казахстан яг ийм бодлого баримталсан. Эрсдэлийг тэд дааг, харин техник, технологи, know how гээд суралцах зүйл их гэдгийг ойлгосон.
 
Эрсдэлийг тэд даана гэдэг нь яг ямар зарчим бэ?
Гадныханд төслийн хувь эзэмших эрхийг түлхүү өгнө. Үүнийг дагаад хөрөнгө оруулалтын дийлэнхийг гадныхан хийж, эрсдэлийг ч даана гэсэн үг. Казахстаны төрийн өмчит компани, төр нь эхэндээ бага хувийг эзэмшиж байгаад төслийн үйл ажиллагаа жигдрэхийн хэрээр хувиа өсгөж, ашиг хүртдэг. Гадныхны хувьд эхэндээ дийлэнх хөрөнгийг оруулсан ч тодорхой хугацааны дараа түүнийгөө нөхнө. Ингээд аажмаар өөрийн хувийг багасгаад явчихдаг жишээтэй.
 
2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал чухамдаа Америкийн банкуудаас үүдэлтэй гэдэг. Ялангуяа моргейжийн зээл. Энэ хямрал банкуудад ямар сургамж үлдээсэн бэ?
Тэр хямрал олон шалтгаантай байсан. Ганц моргейжоос болсон юм биш. Америкийн банкууд гаргасан моргейжийнхоо эрсдэлийг өөрсдөө даахаа больчихсон. Тэгэнгүүтээ ямар ч хамаагүй өндөр эрсдэлтэй зээл гаргаад, түүнийгээ зарж эхэлсэн. Эцсийн эцэст өөр дээрээ аваагүй эрсдэлүүд нь буцаж ирэх зэргээр асуудал даамжирчихсан. Ингэхээр хариуцлага, эрсдэлийг хэн даах вэ гэдэг нь маш чухал. Монголын тухайд банкууд алив эрсдэлийг өөрсдөө л даадаг. Энэ бүх хөтөлбөрийн эх үүсвэрийг л төр гаргаж байгаа болохоос эрсдэл нь банкинд үлдэж байгаа.
 
Ярилцсанд баярлалаа.