Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк OPEC-ийн олон улсын хөгжлийн сангаас 20 сая ам.долларын санхүүжилт авлаа

Дэлхийн буурай хөгжилтэй болон хөгжиж буй улс орнуудад ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, жижиг, дунд бизнесийн салбарт хөрөнгө оруулалт хийн, дэмжлэг үзүүлдэг OPEC-ийн Олон Улсын Хөгжлийн Сан /ООУХС/-гаас Монгол улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ХасБанкинд 20 сая ам.долларын санхүүжилт олголоо.
 
Санхүүжилт олгох гэрээнд гарын үсэг зурах ёслол Австрийн нийслэл Вена хотноо 2014 оны 9-р сарын 10-ны өдөр болсон бөгөөд ХасБанкийг төлөөлж Гүйцэтгэх захирал М.Болд, ООУХС-г төлөөлж тус сангийн Ерөнхий захирал Сулейман Жей Аль Хербиш нар гарын үсэг зурсан юм.
 
ХасБанкны Гүйцэтгэх Захирал М.Болд уг санхүүжилтийн талаар хэлсэн үгэндээ: “ООУХС-ийн Монгол улс дахь хамтрагч болсон нь манай банкны хувьд нэр төрийн хэрэг юм. Энэхүү санхүүжилтийн тусламжтайгаар бид жижиг, дунд бизнесийн болон корпорейт түвшний харилцагчиддаа тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн худалдааны санхүүжилтийн шийдлүүдийг таатай нөхцлөөр санал болгох бололцоотой болж байна. Цаашид ч манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцолж байлаа.
 
Харин хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар ООУХС-ийн Ерөнхий захирал Сулейман Жей Аль Хербиш: “Ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагынхаа хувьд, ООУХС нь улс орнуудын худалдаа эдийн засгийг хөгжүүлэх, дэлхий дахинд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажилладаг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид тухайн улс орнуудын энэ салбарт туршлагатай, томоохон санхүүгийн байгууллагуудтай тэдэнд санхүүжилт олгох замаар хамтарч ажилласаар ирсэн. Бид энэ удаад Монгол улсын жижиг, дунд бизнесийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахаар ХасБанктай хамтарч ажиллаж байгаадаа таатай байна.” гэсэн юм.
 
Жижиг, дунд бизнесийн зээл олголтоороо улсдаа тэргүүлдэг ХасБанк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах замаар тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа билээ.
 
Бичил болон жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ салбартаа жишиг тогтоож буй ХасБанк нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 97 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1700 мэргэшсэн ажилтан, 1300 гаруй мерчант, АМАР мобайл банкны агентуудаар дамжуулан 800 мянга гаруй харилцагчдаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэж байна.