
ХасCup - 2014 Гольфийн нээлттэй тэмцээн амжилттай болж өнгөрлөө
ХасБанкнаас Монголын Гольфийн Холбоотой хамтран зохион байгуулдаг XacCup Гольфийн Нээлттэй тэмцээн 2014 оны 9 дүгээр сарын 6-ны Бямба гарагт “Tuul River Country Club” гольфийн талбайд 7 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
ХасБанкнаас бизнес харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудаа хүндэтгэн, тэдэнтэй харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бизнесийн санал шийдлээ солилцох, мөн цэвэр агаар, тав тухтай орчинд харилцагчдынхаа оюуны болон биеийн алжаалыг тайлах зорилгоор энэүү гольфийн нээлттэй тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн тэмцээнд гадаад, дотоодын 70 гаруй гольфчин оролцсон бөгөөд Медалист, Handicap, хамгийн хол, хамгийн ойр цохилт, Шилдэг эмэгтэй тоглогч гэсэн 10 төрөлд шилдгүүдийг шалгаруулж цом, мөнгөн шагналаар шагналаа. Сонирхогчдын хүрээгээ жил бүр тэлж буй, нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан энэхүү спортын тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой болж өндөрлөсөн юм.
Ингээд тэмцээний дүнг танилцуулъя:
Нийт 4 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээний ялагчаар О.Оюунболд шалгарч нэг сая төгрөг болон ХаcCup цомын эзэн болсон бол хоёрдугаар байрыг Я.Баярхүү, гуравдугаар байрыг Б.Мөнхбаатар нар эзэлсэн юм. Харин эмэгтэй тамирчдаас 2-р байранд Б.Батнаран, шилдгээр А.Энэрэл шалгарсан байна. Handicap төрөлд Ч.Гантөмөр нэгдүгээр байр, Kook Jung Eyoul хоёрдугаар байр, Л.Дорж гуравдугаар байрыг тус тус эзэллээ. Хамгийн хол цохисон тамирчинаар Г.Баяраа шалгарсан бол, Нацагаа хамгийн ойрхон цохисон гольфчин болж, зохион байгуулагчдын шагналыг хүртлээ.
Жил ирэх тусам хүрээгээ тэлж буй “XacCup” Гольфийн нээлттэй тэмцээнд өрсөлдөх тамирчдын тоо өсөж байгаа бөгөөд тэдний ур чадвар ч сайжирч байгаа нь энэ спорт манай оронд хурдацтай хөгжиж буйг илтгэн харуулж байна. Үүнийг ч баталж, Монголын Гольфийн Холбоо, тус холбооны гишүүд, тамирчид, гольф сонирхогчдын нэрийн өмнөөс гольфийн спортыг Монгол улсад хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлэн ХасБанкинд талархалын бичиг гардуулсан юм.
Тэмцээний өдөр салхи, бороотой жиндүүхэн өдөр байсан ч тэсвэр хатуужил, хичээл зүтгэл гарган амжилттай оролцсон бүх тамирчиддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын тэмцээн уралдаан, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!