
ХАСБАНК “ХҮҮХЭД БҮР САНХҮҮЧ” АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хүүхэд залууст зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тэргүүлэгч ХасБанк Банкны Монгол Улсад банкны тогтолцоо үүсч, хөгжсөний 90 жилийн ой, Дэлхий даяар 7 хоногийн турш зохион байгуулдаг “Global Money Week” хөдөлгөөний хүрээнд "Хүүхэд бүр санхүүч" арга хэмжээг Хөгжлийн Алтан Сан ТББ-тай хамтран өөрийн салбар, тооцооны төвүүдээрээ дамжуулан 3-р сарын 10-аас 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Дорноговь, Хэнтий, Дархан, Багануур, Хөвсгөл, Ховд, Төв, Говь-Алтай зэрэг 17 аймаг, Улаанбаатар хотод зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн 1000 орчим хүүхдийг хамруулж, тэдэнд санхүүгийн боловсрол олгох сургалт хийж, мөнгөтэй харьцах арга ухаан, хуримтлал бий болгохын ач тусыг сонирхолтой, хөгжөөнтэй байдлаар таниулан ойлгуулж, мөн банкны салбарт зочлуулан банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцуулан, дурсгалын зүйл гардуулсны зэрэгцээ хамгийн чухал нь “Тэмүүлэл” охидын болон хөвгүүдийн хадгаламж нээж өглөө.
Мөн 3 сарын 15-ны өдөр ХасБанкны санаачлагаар 2006 оноос зохион байгуулагдаж эхэлсэн Дуулиан-2020 хөлбөмбөгийн тэмцээнд оролцогч 200 орчим хүүхэд багачуудад санхүүгийн боловсрол олгох сургалтыг явуулсан юм.
ХасБанк нь өөрийн ажиллагсдын үүсгэл, санаачлагаар хүүхэд залуусын хөгжилд хувь нэмэр оруулах, тэднийг нийгмийн Зөв хүн болгон төлөвшүүлэх үйлсэд санхүүгийн болон бусад арга замаар дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан Хөгжлийн Алтан Сан ТББ-тай хамтран хүүхэд залуусд нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох Афлатон, Тэмүүлэл хөтөлбөрүүдийг 2009 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн арвин туршлагатай билээ.
Тэмүүлэл - 2009 оноос Дэлхийн Эмэгтэйчүүдийн Банктай хамтран 14-18 насны охидод санхүүгийн боловсрол эзэмшүүлэх Тэмүүлэл хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад 13 багц сургалтаар санхүүгийн боловсролын хичээлийг орон даяар ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байна. 2013 онд бид 117 сургуулийн 3,500 хүүхдийг хөтөлбөрт хамруулснаар эдгээр хүүхдүүд мөнгөө үр ашигтай зарцуулах арга ухаанд суралцаад байна.
Афлатон - Дэлхийн 100 оронд амжилттай хэрэгжиж байгаа 8-13 насны хүүхдүүдэд нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох Афлатон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Уг хөтөлбөрийг хот хөдөөгийн 17 сургуулийг сонгож хэрэгжүүлсэн бөгөөд нийт 2,500 сурагчийг хамруулсан байна. Уг хөтөлбөрийн хүрээнд сурагчдад хичээлийн нэмэлт цагаар 30 цагийн хичээлийг оролцооны арга дээр тулгуурлан заасан бөгөөд хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, нийгэм хамт олны дунд өөрийн байр суурийг олох, аливаа асуудлын мөн чанарыг бодитойгоор дүгнэж шийдвэр гаргах болон мөнгөний үнэ цэнийг зөв ойлгож ухаалаг зарцуулах зэрэг ур чадварыг эзэмшүүлдэг юм.
ХасБанкны санаачлан хэрэгжүүлсэн эдгээр санхүүгийн болон нийгмийн боловсролын хөтөлбөрүүдэд 2013 оны байдлаар нийт 35,000 хүүхэд хамрагдаад байна.
“Хүүхэд бүр санхүүч” аян гэрэл зургаар

Мөрөөдлийн мод нэртэй ханын сонин хийж хүүхэд бүр мөрөөдлөө тусгасан байлаа. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өнөөдрөөс эхлэн эхний алхмаа хийж хадгаламжийн дэвтэртэй болсон юм. Мөрөөдлийн модныхоо үндсийг мэдлэг боловсрол болон хуримтлалаар төлөөлүүлэн зурсан байлаа. Модоо сайн тарьж ургуулахын тулд хуримтлалаар услах хэрэгтэй гэж тайлбарлаж байсан юм.

Хэнтий аймгийн 4-р сургууль
Өдөрлөгөөр АФЛАТОН хөтөлбөрийн танилцуулга, сурах бичиг сурагчийн дэвтэртэй танилцан, хүүхдүүд сурсан мэдсэнээ шалгуулж, Афлатон дуугаа ирсэн зочиддоо дуулж сонирхуулан, бяцхан бодлого бодлоо.


Дархан хотын Жигүүр цогцолбор сургуульд “Тэмүүлэл” хөтөлбөрийн 4-р хичээл “Миний хуримтлалын зорилго” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай явууллаа. “Тэмүүлэл” хөтөлбөр хэрэгжиж байгаа 10б ангийхан өөрсдын гараар бүтээсэн ханын сонин гаргаж, мөн “Тэмүүлэл” хөтөлбөрт зориулж оролцогч бүрт энгэрийн тэмдэг хийлгэсэн байлаа.
Багануур дүүрэг дэх Боловсрол цогцолбор сургуулийн ахлах ангийнхантай санхүүгийн боловсролын талаар харилцан ярилцаж, хуримтлалын гол тулгуур болох зардлаа хэрхэн удирдах талаар сургалт хийв.

Төв аймгийн 4-р дунд сургуулийн ахлах дунд ангийн хүүхдүүдэд , санхүүгээ хэрхэн зөв удирдах талаар сургалт явуулж, банкны үйл ажиллагаатай танилцуулан гарын бэлэг гардууллаа.
ХасБанк нь “Дуулиан- 2020” хөл бөмбөгийн” тэмцээнийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2014 онд 8 дэх жилдээ зохион байгуулагдсан уг тэмцээнд оролцогч 200 тамирчин хүүхдэд “Хүүхэд бүр санхүүч” уриан дор санхүүгийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.
Хойч үедээ гэрэлт ирээдүйг бэлэглэцгээе!
Зөв банк ХасБанк