
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Хөгжлийн Алтан Сан ТББ-ын үе үеийн нийт гишүүд, дэмжигчид, удирдах зөвлөлийн гишүүд, ажилчид болон хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж эхэлсний 10 жилийн ойн мэндийг удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс хүргэе!
Хувь хүний, хэсэг хүмүүсийн чин сэтгэл нь зөв, хүсэл эрмэлзэл нь тууштай байх тохиолдолд зөв санаачилга хэрхэн түмнийг хамарч, түгэн дэлгэрдэг болохын гайхамшигтай жишээ нь Хөгжлийн Алтан Сан ТББ гэдгийг энэ үйлсийн санаа төрж байх үеийн нэгэн тохиолдлын гэрч болсон хүний хувьд, үйл ажиллагааных нь өсөлтийн гэрч болон явж байгаа нэг гишүүнийхээ хувьд эргэн дурсахад сайхан байна. 2003 оны урин дулаан нэг өдөр, одоо санаж байгаагаар ХасБанкны тухайн үеийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, хуульч Д.Ундрал болон томилолтын багийн бусад гишүүд маань Хэнтий аймгаас буцах замдаа замын хоолны газар түр саатах зуураа хоолны ширээний ард, банкныхаа хамт олныг уриалан нийгмийн тулгамдсан асуудлуудаас цөөнийг нь ч гэсэн шийдэхэд хувь нэмрээ оруулах төрийн бус байгууллага байгуулж болох талаар ярилцаж байсан нь эдүгээ олон зуун гишүүнтэй, нийгэмд танигдсан, хийсэн ажлуудтай, магадгүй хамгийн том, тогтвортой, дорвитой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нэг болсон байгааг харахад энэ ажлыг санаачилсан, удирдан манлайлсан, дэмжин оролцсон үе үеийн Хасчуудаараа бахархахгүй байхын аргагүй билээ.
ХАС ТББ-ын үйл ажиллагаа зөвхөн ХасБанкны хүрээнээс халин ТСН болон түүний охин компаниудын ажилчдын хувь хүнийхээ хувьд нийгэмдээ өгөх хүсэл эрмэлзэлийг нэгтгэсэн өргөн далайцтай үйл ажиллагаа болж чаджээ. Ийм ч учраас бид сүүлийн жилүүдэд илүү өргөн далайцтай, үлдэцтэй үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж чадсан болохыг та бүхэн энэ байгууллагын 10 жилийн ололтуудаас харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Цаашид ч гэсэн бидний өмнө ирээдүйн гишүүдийн өмнө нийгэмдээ боломжоороо өгөх дуусашгүй олон арван жилүүд үргэлжлэх болно гэдэгт та бүхний нэгэн адил итгэлтэй байна.
ХАС ТББ-ынхаа үе үеийн гишүүд, дэмжигчид, гүйцэтгэх болон удирдах зөвлөлийн гишүүд та бүхний өгөх, сайнаар өөрчлөх өгөөмөр сэтгэл лугаа адил эрхэм таны, таны гэр бүлийн, хамт олны ажил үйлс үргэлж өөдлөн дэгжиж аз жаргалаар дүүрэн байхын ерөөлийг ХАС ТББ-ийн гүйцэтгэх алба, удирдах зөвлөлийн нийт гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье!
Бусдын төлөө сэтгэлээ зориулах үйлс бүхэн дэлгэрэх болтугай!