
ХасБанк азтануудаа шалгарууллаа
Хоёр дахь жилдээ үргэлжилж буй ХасЛотто аян энэ оны 10 дугаар сарын азтануудаа тодруулж, өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө.
Энэ удаагийн шалгаруулалтаар Улаанбаатар хот, Сэлэнгэ, Баянхонгор, Орхон аймгийн ХасБанкны харилцагчид тус бүр нэг сая төгрөгийн азтан болсон бол Өвөрхангай аймгийн харилцагч Л.Буянжаргал супер шагнал болох байрны эзнээр шалгарч, Дэлхийн Хуримтлалын өдрийн босгон дээр ийнхүү хуримтлалынхаа үр шимийг хүртсэн юм.
Тус банкны харилцагчдын хувьд дансандаа 100 мянган төгрөгөөс дээш орлого хийх бүртээ ХасЛоттонд оролцох эрхтэй болж байдаг. Хуримтлалаа нэмэгдүүлж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаадаа сэтгэл хангалуун яваа Хас банкны харилцагчид лоттоноос аз таарахыг битүүхэн хүлээдэг болсоор удаж байна. Тэдний нэг Л.Буянжаргал аравдугаар сарын азтан болж, өнөөдөр орон сууцны түлхүүрээ хүлээн авлаа. Өвөрхангай аймгийн Хужирт сумын эмнэлгийн ажилтан залуухан бүсгүй маань сувилагч мэргэжилтэй. Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд төрсөн нутагтаа ажиллахаар очиж байсан нь саяхан. Ажлын талбарт гараад удаагүй ч аль хэдийн хуримтлал, хадгаламжтай болжээ. Юуны өмнө орлого, зарлагаа зохицуулах, илүү гаргаснаа хадгалж сурна гэдэг тухайн хүнээс сахилга бат шаардах зүйл. Нөгөө талаас ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, амьдралдаа ахиц дэвшил гаргах анхны алхам. Тийм ч учраас энэ удаагийн азтан бүсгүй маань залууст үлгэр дууриал болох шилдгүүдийн нэг гэхэд болно. Тэрээр шагнал авсныхаа дараа бидэнд сэтгэгдлээ хуваалцахдаа “Хас Лоттод оролцож үзэх, азтан болох хүсэл байсан ч азтан болно гэдэгтээ итгэлгүй байсан. Гэхдээ өнөөдөр азтан болж, байр хожсондоо үнэхээр баяртай байна. Дүү нар маань бүгд нутагтаа дунд сургуульд сурцгаадаг. Хоёр жилийн дараа түрүүч нь оюутан болж, хотод ирнэ. Ямар ч байсан энд амьдрах байртай болцгоолоо” гэсэн юм.