
ХАСБАНКНЫ МЭДЭГДЭЛ
ХасБанкнаас бүтээгдэхүүн үйлчилгээний бодлого журмуудтай холбоотойгоор гаргаж байгаа шийдвэрүүдийг сүүлийн үед буруугаар тайлбарлаx, мөн зарим нэг улс төрчид болон иргэдийн үйлдэлд банкны нэрийг хамаатуулах байдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах боллоо. Эдгээр асуудалтай холбоотойгоор ХасБанк албан ёсны байр сууриа илэрхийлж, дараах тайлбарыг хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
- ХасБанк аль нэг нам, улс төрийн хүчний эрх ашигт үйлчилдэг байгууллага биш бөгөөд банкны аль нэгэн хувь нийлүүлэгч эсвэл өмнө нь банкинд ажиллаж байсан тодорхой албан тушаалтны илэрхийлж байгаа улс төрийн байр суурийг дэмжихгүй, нөлөөнд автахгүй, зохистой засаглалын хэм хэмжээгээ үргэлжлүүлэн хатуу мөрдөн ажилласаар байх болно. ХасБанк болон түүний толгой компани болох Тэнгэр санхүүгийн нэгдлийн хувь нийлүүлэгчид ч энэ зарчмыг бүрэн хүлээн зөвшөөрөн мөрдөж ажилладаг.
- ХасБанкны орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр өнөөдрийн байдлаар 30 хувь байна. ХасБанк нь 600 гаруй мянган харилцагч, хадгаламж эзэмшигчийн хуримтлалыг зуучлан зээл олгодог учир тэдний хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхад чиглэсэн өөрчлөлтүүдийг зээлийн үйл ажиллагаандаа тусгаж байх үүрэгтэй. Энэ нь Засгийн газрын хөтөлбөрийн зээлд ч мөн хамаатай юм. Тийм учраас талуудын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу орон сууцны хөтөлбөрийн зээлийн нөхцөлд тохирсон, шаардлагатай зохицуулалтуудыг тухай бүр хийж байна.
- Арилжааны банкууд 8 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд чанартай зээл гарган Монголын Ипотекийн Корпорацид шилжүүлэн өгөх зарчимтай. Тус корпораци уул уурхайн салбарын ажиллагсдад зээл олгох зарчмаа баталж зөвшөөрсний дараа ХасБанк энэ салбарт хөтөлбөрийн эх үүсвэрээр зээл олгох эрх үүснэ.
- ХасБанк зээлдэгч тус бүрийн эрсдэлтэй уялдуулан зээл олгох эсэхийг шийдвэрлэх зарчмыг баримталдаг. ХасБанк уул уурхайн салбарын ажиллагсдад өөрийн эх үүсвэрээрээ тухайн хүний эрсдэлийг үнэлэн орон сууцны зээлээ олгож байна.
ХасБанк нь Монгол улсын нийт хүн амын 20 орчим хувь буюу 600,000 гаруй харилцагчид, хадгаламж эзэмшигчдийн хуримтлалыг найдвартайгаар хадгалах, хариуцлагатайгаар зуучлах үүрэгтэй байгууллага болохын хувьд аль нэгэн улс төрийн хүчин, байгууллага, хувь хүний үзэл бодол нөлөөнд автахгүйгээр, зөвхөн харилцагч, хадгаламж эзэмшигчид, хувь нийлүүлэгчдийн нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажилласаар байх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.