Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк 8(±1) хувийн хүүтэй орон сууцны зээлээ олгосоор байна

ХасБанк 8(+1) хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгааг 30 хувиас 50 хувь болгосон талаар олон нийтийн сувгаар ихээхэн гарч байгаа билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус хөтөлбөрийн зээлийг хариуцаж байгаа Хэрэглээний санхүүжилтийн хэлтсийн захирал Г.Чимэгсүрэнтэй уулзлаа.
 
Сайн байна уу? Сүүлийн үед гараад байгаа мэдээллийг баталгаажуулах зорилгоор тантай уулзаж байгаа юм. ХасБанк 8(+1) хүүтэй орон сууцны зээлийг олгож байгаа юу? Зээлийн явц хэр байгаа вэ?
 
Сайн байна уу. Монгол Улсын Засгийн Газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй “Орон сууцны ипотекийн санхүүжилтын тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-т ХасБанк идэвхитэй оролцон орон сууцны зээлийг салбар, нэгжүүдээрээ дамжуулан хэвийн олгож байна. Өнөөдрийн байдлаар бид 639 иргэнийг орон сууцжуулж, өөрийн эх үүсвэрээр олгогдсон 1,397 зээлдэгчийн зээлийг хөтөлбөрийн зээл уруу шилжүүлэн, нийт 70 гаруй тэрбум төгрөгийг энэ зорилгоор зарцуулаад байна. Бид хөтөлбөрийн хүрээнд авсан эх үүсвэрийг хамгийн түрүүнд зах зээлд байршуулж чадсан банкуудын нэг болсон.
 
Хөтөлбөрийн зээлийн урьдчилгаа төлбөрийг өсгөх болсон шалтгаан юу вэ? 50 хувь болсон гэсэн мэдээлэл байна. ХасБанк туршлагын хувьд дутмаг учир нөхцөлөө өөрчлөв үү.
ХасБанк орон сууцны зээлийн зах зээл дээр үргэлж анхдагч нь байсаар ирсэн. Орон сууцны зээлийг 2005 онд санхүүгийн зах зээлд анх удаа өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж, нэвтрүүлсэн, орон сууцны хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын Ипотекийн Корпорацийг анхны санаачлагч, үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй тус байгууллагад анхны зээлийн багцаа үнэт цаасжуулан худалдсан зэрэг түүхэн амжилтууд ихтэй банк.
 
ХасБанк орон сууцны санхүүжилтын зах зээлийн 10 хувийг эзэлдэг, орон сууцны зээлийг өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд идэвхтэй олгож ирсний хувьд хөтөлбөрийн үйл ажиллагаанд анхнаас нь идэвхтэй оролцсоор ирсэн бөгөөд хөтөлбөрийг зорилгын дагуу явуулж, орон сууцны зээлийг тасралтгүй олгоход онцгойлон анхаарч ажиллаж байна.
 
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи сүүлийн 2 сард зээлийн хүсэлт эрс өсч, өдөрт дунджаар 1.0 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгож байгаа нь хөтөлбөр хэрэгжихээс өмнөх үеийнхтэй харьцуулахад даруй 3 дахин нэмэгдлээ. Хөтөлбөрийн зээлд хамрагдах иргэдийн хүсэлт бидний анх тооцоолсноос ийнхүү огцом нэмэгдсэнээс гадна мөн орон сууцны үнэд урьдчилгаа төлбөрийг шингээж, орон сууцны үнийг хиймлээр өсгөх зөрчлүүд ихэсч байгаа нь хөтөлбөрийн гол зорилгуудын нэг болох эдийн засгийг дэмжсэн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилго зарим талаараа алдагдах сөрөг хандлага бий болж байна. Иймээс ХасБанк хөтөлбөрийн ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд хамгийн гол хүчин зүйл болох зээлийн багцын чанар дээр онцгойлон анхаарч маш богино хугацаанд олгогдсон зээлийнхээ чанарт хяналт тавих зорилгоор зээл олголтын хурдыг сааруулан урьдчилгаа төлбөрийн хувь, хэмжээнд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд түр зохицуулалт хийсэн юм.
 
Одоо хөтөлбөрийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хувь, хэмжээ бусад банкуудын адил 30 хувь байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар энэ нөхцөлөөр 200 зээлийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэгдэх шатанд явж байна.
 
ХасБанк хөтөлбөрийн зээлээс гадна өөрийн эх үүсвэрээр орон сууцны зээл олгож байгаа юу?ХасБанкны бүтээгдэхүүний онцлог юу вэ?
 
Тиймээ. Энэ хөтөлбөрт орон сууцны мерт квадратаар хамрагдаж чадахгүй байгаа иргэд манай өөрийн эх үүсвэрээр олгож байгаа орон сууцны зээлийг 20 жилийн хугацаатай, 25 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр өөрийн ойр байрлах манай салбар, нэгжид хандан авах боломжтой. ХасБанк харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхийг үргэлж зорьж ажилладаг. Манай орон сууцны зээл ч мөн өргөн сонголттой байдаг. Тухайлбал орон сууцны багц зээлийг бид 2011 онд анх зах зээлд нэвтрүүлсэн нь харилцагчдаас ихээхэн сайшаал авсан бүтээгдэхүүн болсон. Энэ зээлийн онцлог нь нэг зээлээр орон сууц, автомашины граж, худалдан авч буй орон сууцны засвар, тохижилтоо нэг дор шийдвэрлэх боломжийг бид харилцагчиддаа олгож байна. Мөн нөхцөл сайжруулах зээл, 100 хувийн санхүүжилтийн зээл, гадаадад байгаа монголчуудад зориулсан орон сууцны зээл гэх зэрэг харилцагчийн шаардлага сонирхолд нийцсэн бүтээгдэхүүнүүд олон бий.
 
Банкны орон сууцны зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.