Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи – 2013” үзэсгэлэн яармагийг ивээн тэтгэлээ

Жижиг дунд үйлдвэрийн технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хэрэглэгчдэд танилцуулах, хамтран ажиллах, хөрөнгө оруулах сонирхолтой талуудыг холбох зорилготой үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд энэ сарын 7-11-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 17 дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэн яармагийг энэ жил ХасБанк ивээн тэтгэлээ. ХасБанк уг яармагт жил бүр оролцдог бөгөөд энэ удаад зохион байгуулагчаар оролцлоо.
 
Мөн ХасБанк энэ удаагийн үзэсгэлэнд бизнес эрхлэгчдэд хандан жижиг, жижиг дунд үйлдвэрийн зээл хэрхэн авах, хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг хэрхэн олох зэрэг тэдэнд тулгардаг асуудлуудаар мэдээлэл, мэдлэг олгож зөвлөгөө өглөө.
ХасБанкны санхүүгийн дэмжлэгээр өрхийн үйлдвэрлэлээ үндэсний үйлдвэрлэл болгон өргөжүүлсэн олон аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүнээр уг үзэсгэлэн яармагт оролцлоо. ХасБанк анх байгуулагдсан цагаасаа бичил ба жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тууштай дэмжин ажиллаж ирсэний үр дүн эдгээр аж ахуйн нэгжүүдийн амжилтаас тодорхой харагдаж байлаа. Монголын эдийн засаг төрөлжих, тэлэх, татвар төлөгчдийн бааз суурь өргөжихөд банкны салбарын дэмжлэг, тэр дундаа ХасБанкны гүйцэтгэсэн үүргийг үзэсгэлэн яармагийн нээлтийн үеэр холбогдох албаны хүмүүс онцолж байлаа.
 
Бизнес, үйлдвэрлэлээ өргөжүүлэх чиглэлд олон жил хамтран ажилласан ХасБанкны харилцагчид өнөөдөр зээлээс илүүтэйгээр бусад санхүүгийн үйлчилгээг цогцоор нь авах сонирхолтой болжээ. Энэхүү эрэлт, хэрэгцээг хангах, жижиг дунд үйлдвэрлэгчдээ санхүүгийн цогц үйлчилгээг хүргэхийг чухалчилж байгаагаа ХасБанкны гүйцэтгэх захирал Д. Бат-Очир хэллээ. Мөн тэрээр үйл ажиллагааныхаа талаар цааш ярихдаа “Харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээгхангах замаар нэмүү өртгийг бий болгон, баялаг бүтээдэг үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой” гэж тодотголоо. Энэ үүднээс ХасБанк сүүлийн жилүүдэд Корпорейт  банкны газар, Жижиг дунд бизнесийн банкны газруудыг тус тус  байгуулж, харилцагчийн сегмент тус бүрийн онцлогт тохируулан банкны болон банкны бус санхүүгийн үйлчилгээг багцлан санал болгож байна.