
ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛ, ХАСБАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛД Ч.ГАНБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
2013.04.25
Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчидээ,
Манай хуралд оролцож байгаа нийт хүмүүст энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, ХасБанкны хувьцаа эзэмшигчдийн хамтарсан хуралд хүрэлцэн ирсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье. Түрүүчийн хурлаас хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд ТСН болон түүний охин компаниуд хэрхэн ажилласан талаар та бүхэнд тайлагнахаар өнөөдөр бид хуран цуглараад байна.
Санхүүгийн иж бүрэн үйлчилгээг өргөн олонд эрх тэгш үзүүлэх зорилго бүхий компаниудын иж бүрдэл болсон ТСН-ийн хувьд 2012 он цаашдын өсөлт хийгээд нэгдмэл үйл ажиллагааны бас нэгэн он жил байлаа. Ийм ч учраас амжилт бүтээлийн дээдээр санхүүгийн жилээ өндөрлөсөн манай Группын хувьцаа эзэмшигчид та бүхэнд баяр хүргэх нь зүйд нийцнэ хэмээн үзэж байна.
Тухайлбал ТСН-ийн нийт актив 2012 онд нэг их наяд төгрөгийн босгыг давсан нь манай байгууллагын түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал байлаа. Мэдээж холбогдох бүх нэгж байгууллагууд энэхүү гоц амжилтанд өөрийн хувь нэмрээ оруулсан хэдий ч манай санхүүгийн нэгдлийн ноён нуруу бөгөөд бахархал болсон ХасБанк түүний нийт хамт олны гүйцэтгэсэн хосгүй үүргийг энд нэн тэргүүнээ тэмдэглэх нь зөв болов уу.
ТСН-ийн өнгөрсөн оны үйл ажиллагааг өөдрөгөөр дүгнэх бүх боломж нөхцлийг бүрдүүлсэн М.Болд тэргүүтэй ТСН-ийн удирдлагын баг, манай охин компаниудын гүйцэтгэх удирдлагад та бүгдийн нэрийн өмнөөс болон ТУЗ-ийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн түүнчлэн иж бүрэн цогц үйлчилгээ бүхий тэргүүлэх банк болох зорилт дэвшүүлж үүний төлөө чамлахааргүй хүчин чармайлт гаргаж буй ХасБанкны менежментын баг, Гүйцэтгэх захирал Д.Бат-Очирт халуун баяр хүргэе.
Өнөөгийн зах зээл дэх хялбар бус орчинд манай санхүүгийн нэгдлийг оновчтой удирдлага болон зөв ухаанаар залж чадсан Төлөөлөн удирдах зөвлөлд талархал илэрхийлэхдээ би туйлийн баяртай байна.
Бизнесийн шинэ өндөрлөгт хүрэх урмыг ямагт тэтгэж, бодитой дэмжлэг үзүүлж байдаг бүх хувьцаа эзэмшигчиддээ ТУЗ-ийн өмнөөс болон хувиасаа гүн хүндэтгэл болон талархал илэрхийлье.
Одоо манай Группийн хэмжээнд болон түүний охин компаниудын гаргасан амжилтаас товч дурдъя:
ТСН-ийн нийт актив 1,1 их наяд төгрөгт хүрч 2011 онтой харьцуулахад 35 хувиар өссөний зэрэгцээ нийт цэвэр ашиг 15,9 тэрбум төгрөгт хүрч өмнөх жилийн үзүүлэлтээс 23 хувиар өндөр байв. Тайлангийн хугацаанд нэгж хувьцааны бүртгэлийн үнэ цэнэ 7,057.18 төгрөг болтлоо дээшилж 16 хувиар өслөө.
Дээрх тоон үзүүлэлтийн цаана манай компани бүрийн үйл ажиллагааны бодит үр дүн байгаа гэдгийг дахин цохон тэмдэглэмээр байна.
Хэдийгээр гадаад болон дотоод орчны эерэг бус нөлөөлөл их байсан боловч ХасБанк зах зээл дэх өрсөлдөх чадвараа бэхжүүлж, чадавхи чадамж сайтай бизнесийн байгууллага болохоо дахин нотлон өмнөө тавьсан гол зорилтуудаа амжилттай биелүүлсэнийг дуулгахад таатай байна.
ХасБанк активийнхаа хэмжээг 1 их наядад хамгийн хурдан хүргэсэн, Монгол Улсдаа энэ босгыг давсан 4 дэх арилжааны банк боллоо.
Энэ үзүүлэлтийн цаана банкны чанартай актив, өргөн сүлжээ, олон зуун мянган харилцагчид, улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн банк байгаа нь манай хувь нийлүүлэгчид, ТУЗ, банкны 1600 гаруй хүнтэй өнөр өтгөн өрхийн хамтын хүчин чармайлт, тогтвортой үр дүнгээ өгч байгаагийн тод илрэл юм.
ХасЛизингийн хувьд ч энэ бол мэдэгдэхүйц өөрчлөлтийн он байв. Тус компанийг шинэ гүйцэтгэх захирал Филипп Марксен удирдах болсноос хойш эрсдлийн удирдлагад тавих шаардлагыг улам нарийн болгосон байна. Тус компани өнгөрсөн жил цэвэр ашгаа 3 дахин өсгөж 1.26 тэрбум төгрөгт хүргэсний зэрэгцээ санхүүжилтийн олон эх үүсвэртэй болох, түүний өртгийг аль болох бууруулах талаар нэлээд хүчин чармайлт гаргасан нь үр дүнгээ өглөө.
Салбартаа байр сууриа хадгалан даатгалын тэргүүлэх гурван компанийн нэг хэмээн МХАҮТ-аас хүлээн зөвшөөрөгдсөн компани бол Тэнгэр Даатгал юм. Тус компанийн нийт хөрөнгө өнгөрсөн жил 28 хувиар өссөж 7.4 тэрбум төгрөг болсон ба нийт харилцагчдын тоо 3 дахин буюу 20 мянгаас 60 гаруй мянга болтлоо нэмэгдлээ. Мөн давхар даатгалын үйл ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийд эхний гуравт багтдаг давхар даатгалын компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.
2011 онд ТСН-ийн бүрэлдэхүүнд шинээр нэгдэж орсон Тэнгэр Капитал ХХК өнгөрсөн жил үйл ажиллагааны цар хүрээгээ зөвхөн брокер-дилерийн чиглэлээр хязгаарлалгүй орлогын шинэ эх үүсвэрийг хайх талаар ажиллаа. Эдүгээ тус компани ЖДҮ болон корпорейт харилцагчдад хөрөнгө босгох, хөрөнгийн төсөв боловсруулах, үнэлгээ хийх, санхүүгийн менежментын талаар зөвлөгөө өгөх, олон улсын хөрөнгийн зах зээл хийгээд хөрөнгө оруулагчидтай манай үйлчлүүлэгчид харилцахад зуучлах үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Үүнээс гадна Группийн хэмжээнд огтолцоо худалдааг өрнүүлэх гол нэгжийн үүргийг гүйцэтгэхээр ажиллаж байна.
Бид 2 жил уйгагүй зүтгэсний үр дүнд БНХАУ-ын ШУӨЗО-ны Урумчи хотод манай хөрөнгө оруулалттай бичил зээлийн байгууллага болох ТианРонг өнгөрсөн 9 дүгээр сард албан ёсоор байгуулж, ТСН хилийн чанадад тэр тусмаа манай бүс нутгийн санхүүгийн асар уудам орон зайд өөрийн гарцтай болох гэсэн төлөвлөгөө маань хэрэгжиж эхэллээ.
Энэ ажил эхлээд удаагүй байна. Менежментийн багийг бүрдүүллээ. Боловсон хүчнээ дадлагажуулж байна. Зээл олгоод эхэллээ. Гэхдээ бид манай шинэ төслийн ирээдүйг өөдрөгөөр харж байна. Учир нь бидэнд ХасБанкыг амжилтанд хүргэсэн арвин их туршлага байна. Манай өмнөд хөршийн эдийн засгийн давшингүй хөгжил, хүчээ хараахан авч чадаагүй байгаа ШУӨЗО дахь бичил санхүүгийн үйлчилгээ бидэнд бизнесийн амжилт гаргах угтвар нөхцөлийг олгож байна.
ТСН урьдаа тавьсан том зорилтуудыг болон өнгөрсөн жил баталсан ХасБанкны 5 жилийн стратегийг хэрэгжүүлэхэд та бид бүгдийн хамгийн үнэт баялаг болсон манай хамт олон шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх учиртай. Өнөөдөр манай халуун ам бүл нийт 1932 гишүүнтэй болоод байна. Энэ бол өмнөх жилтэй харьцуулахад 20 гаруй хувийн өсөлттэй байна гэсэн үг.
Тайлангийн хугацаанд менежментийн багийг бэхжүүлж, чадваржуулах талаар нэлээд алхмууд хийгдсэний дотор ХасБанк, ХасЛизинг, Тэнгэр Капитал компанийн гүйцэтгэх удирдлагын хэд хэдэн албан тушаалд шинээр хүн томиллоо.
Группийн хэмжээнд байгууллагын чадамжийг бэхжүүлэх асуудал урьдийн адил анхаарлын төвд байлаа. Үүний тулд эрсдэлийн удирдлага, санхүүгийн төлөвлөлт, эрх зүйн зохицуулалт, компанийн засаглал болон хүний нөөцийн менежментийн асуудлаар ТСН-ийн охин компаниудийг нэгдсэн хийгээд уялдаа холбоотой удирдлагаар хангахад их ач холбогдол өгч ажиллаа.
Манай группийн удирдлагын баг энэ чиглэлийн ажил үүргээ гүйцэтгэхэд ТСН-д шинээр ажилд орсон залуу мэргэжлийн боловсон хүчин зохих үүрэг гүйцэтгэснийг энд онцгойлон тэмдэглэхийг хүсч байна.
Компанийн засаглалын шалгарсан практик үйл ажиллагааг тасралтгүй хэвшүүлэх асуудал урьдын адил бидний анхаарлын төвд байлаа. Амжилттай яваа аливаа бизнесийн байгууллагыг гарцаагүй тодорхойлж чадах нэгэн шинж тэмдэг бол хүчирхэг бөгөөд аливаа ажлын цаана гарч чаддаг Төлөөлөн удирдах зөвлөл байдаг.
ТСН-ийн ТУЗ өнгөрсөн жил өөрийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөхдөө манай ТУЗ-ын ажлын гүйцэтгэл, үр өгөөж ямар түвшинд байгаа, түүний өнөөгийн бүтэц, бүрэлдэхүүн шаардлага хангаж байгаа эсэх талаар задлан шинжилж, улмаар ажлаа эрчимжүүлэхэд чухам юу хийх талаар санаа оноо хуримтлуулах зорилго тавьсан юм. Энэ ажил зохих үр дүнгээ өгсөн хэмээн үзэж байгаа, цаашид ч энэ чиглэлээр багагүй зүйлийг хийнэ.
ТУЗ-ийн нийт гишүүд хувь хүний болон мэргэжлийн ёс зүйн горимыг чандлан мөрдөж, компани болон хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн хариуцлагаа өндрөөр ухамсарлан ажилласныг энд онцгойлон тэмдэглэхийг хүсч байна. Үүний нэг тод жишээ бол ТУЗ-ийн бүх гишүүд Ашиг сонирхлын зөрчилдөөний тухай Мэдэгдлийг 2012 онд гаргасан явдал юм.
Тайлангийн хугацаанд манай Групп, Банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд шинээр орж ирсэн гишүүд дээр дурьдсан зарчмуудыг ажил хэрэг болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байгаа. Гуч гаруй жилийн ажлын туршлага бүхий банкны салбарын тэргүүлэх мэргэжилтэн хатагтай Б.Саран, Монголын бизнесийн гарцаагүй манлайлагчдын нэг болох МАК-ийн дэд ерөнхийлөгч хатагтай Н.Цэлмүүн нарт бид их найдлага тавьж байгаа. Энэ ялдамд тэдэнд баяр хүргэхийн зэрэгцээ амжилт хүсье.
Энд нэгэн зүйлд та бүгдийн анхаарлыг хандуулмаар байна. Жендерийн тэнцвэртэй байдалд бид маш их мэдрэмжтэй ханддаг. Манай ТСН-ийн ТУЗ-ийн 9 гишүүний 3 нь эмэгтэй бөгөөд энэ нь дэлхий нийтийн хэмжээнд компанийн ТУЗ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг 25 хувиас доошгүй байлгая гэсэн хүсэл эрмэлзлэлийг бид аль хэдийнээ бодит байдал болгосныг дуулгахад юутай бахдалтай вэ.
Манай зарим хувьцаа эзэмшигчид хувьцаагаа зарах шийдвэр гаргасан явдал өнгөрсөн онд гарсан нь бас нэгэн онцлох зүйл байв. Өмчлөлийн бүтэц өөрчлөгдөнө гэдэг аливаа бизнесийн байгууллагын хэтийн хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц өрнөл байдгийг та бид бүгд сайн мэднэ.
Өнөөдрийг хүртэл бид энэ талаараа туйлийн азтай бизнесийн бүтэц. Манай эгнээнд багтаж байгаад явцын дунд гарсан бүх хувьцаа эзэмшигчид ТСН, ХасБанкны хөгжилд түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж хэлж болно.
Стратегийн ач холбогдол бүхий олон улсын хөрөнгө оруулагчид, үндэсний бизнесийн төлөөлөл болон дотоодын байгууллагуудаас бүрдсэн хувьцаа эзэмшигчдийн оновчтой бүтэц нь ямагт бидний ололт амжилтын хөшүүрэг, ирээдүйн дэвшлийн хөтөч байх болно.
Эдүгээ явагдаж байгаа арилжааны хэлцэл ч гэсэн ийм үр дүн авчирна гэдэгт бид итгэж байна.
Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчидээ,
Хатагтай, ноёдоо
Алдаж болохгүй асар их боломжууд, шантралгүй даван туулах ёстой бэрхшээл сорилтууд, умартаж болохгүй өндөр хариуцлага биднийг угтан хүлээж байна.
“Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашиг” хэмээх эрхэм зорилгыг агуулсан бизнесийн амжилтын их өндөрлөгт саадгүй хүрэх өлзийтэй сайхан ерөөлийг манай бүх хувьцаа эзэмшигчид, ТСН, түүний нийт охин компаниуд, удирдлагын баг, хамт олонд ТУЗ-ийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.