Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


БҮХИЙ Л БИЗНЕС ХАРИЛЦААН ДЭЭР СУУРИЛДАГ

Бизнесньюс.мн сайт “ХасБанк”-ны Үйл ажиллагаа эрхэлсэн Ч.Мөнхбаяр захиралтай Монголын бизнес юун дээр тогтож явагддаг, яаж өргөждөг талаар маш сонирхолтой яриа өрнүүлснээ уншигчиддаа толилуулж байна.
 
Бидэнд цаг зав гарган ярилцлага өгөх болсон танд баярлалаа. Аливаа компанийн менежерийн ур чадварыг юугаар хэмжих вэ? Төгссөн сургуулиар уу, эсвэл туршлагаар нь уу? 
-Боловсрол болон туршлагаар нь үнэлнэ. Төгссөн сургууль мэдээж чухал түүнийг харах нь зүйн хэрэг. Гэхдээ хийсэн ажлын туршлага их чухал. Тодорхой нэг зүйлийг ямар байхад ямар төвшинд авчирч чадсан бэ? гэдгийг нь харах хэрэгтэй. Ийм тодорхой харагдахуйц амжилт гаргасан байх нь чухал. Ажилд орохыг хүсч буй хүний хувьд тодорхой төлөвлөгөө, санал гаргах хэмжээнд орох гэж байгаа ажлаа төсөөлж байна уу гэдгийг нь харж болно. Жишээ нь хүнсний зах зээл дээр цэвэр ус үйлдвэрлэдэг нэг компани байлаа гэж бодъё. Тухайн компани зах зээлийн 15 хувийн эзэлдэг бол хэдий хугацааны дараа зах зээлийн 30 хувийг эзэлдэг болгож чадах вэ? гэдгийг асуухад хариулахад бэлэн тооцоо судалгаа, бизнес төлөвлөгөө байх ёстой. Санааг ажил болгож, хэрэгжүүлэхэд менежерт мэдлэг чадвар, баг, хамгийн гол нь туршлага чухал. Мөн бизнес дахь харилцаанааас ихээхэн зүйл хамаарна. 
 
Та “харилцаа” гэдгийг зан араншингийн харилцааг хэлж байна уу эсвэл хүмүүс хоорондын харилцааг хэлж байна уу? 
-Хүмүүс хоорондын харилцаа юм. Америк ч юм уу гадаадад их дээд сургуульд мастер хамгаалж өндөр боловсрол эзэмшээд, томоохон компанид 10 гаруй жил ажиллаад эх орондоо ирж бизнес эрхлэх амар биш. Шинэ орчинд бүх юм шинэ л байдаг. Монголд бизнес хэрхэн явж байгааг ойлгоход хугацаа шаардлагатай. Тэгэхэд МУИС ч юм уу аль нэг өөр дээд сургуулийг бакалавр зэрэгтэйгээр төгссөн, гэхдээ Монголд бизнес хийж туршлага хуримтлуулсан хүн бол Монголд бизнес амжилттай эрхэлж, бизнесийн орчинд илүү зохицож ажиллаж чаддаг байж болно. Хүмүүс гадаадад төгссөн хүнийг илүү мундаг гэж бодох байх. Гэтэл нөгөө Монголдоо ажиллаж байсан хүн харилцаагаараа, сүлжээгээрээ давуу талтай байдаг. Хаана ч очсон танил тал нь байж л байдаг. Энэ бол бизнесийн харилцаа. 
 
Ер нь Азийн бизнесийн тогтолцоо ямар байдаг вэ? Жишээлбэл БНСУ, Япон гэх мэт . . . 
-Өмнөд Солонгосын томоохон корпорациудыг Чейбол (Chaebol) гэж нэрлэдэг. Энэ нь 2 болон түүнээс дээш салбарт бизнес эрхэлдэг, толгой болон охин компани бүхий корпорациудыг хэлнэ. Хэд хэдэн томоохон гэр бүлийн бизнес энэ ангилалд багтдаг. Тухайлбал, Самсунг группын хувьд электрон бараа, даатгал, барилга, усан онгоц, LG групп электрон бараа даатгал, химийн үйлдвэр, цахилгаан холбоо, худалдаа, Хюндай групп автомашин болон төмрийн үйлдвэр, санхүүгийн бизнес эрхэлдэг. Харин Японы хувьд харилцан хамаарал бүхий бизнесийн харилцаа, хувь нийлүүлэгчтэй компаниудыг Кейрэтцу (Keiretsu) гэж нэрлэдэг. Мицуй (Mitsui), Сумитомо (Sumitomo), (Fuyo), Dai-Ichi Kangyo, Sanwa, Toyota зэрэг групп компаниудыг нэрлэж болно. Эдгээрээс Мицуй группыг авч үзвэл санхүү, барилга, хүнс, электрон бараа, худалдаа, шатахуун, хими, төмөр, цаас, усан онгоцны үйлдвэрлэлд бизнес эрхэлдэг. Азиуд бизнесийн харилцаагаар Европчуудаас илүү. Тэр дундаа Зүүн өмнөд Азийн бизнес цэвэр харилцаан дээр тогтдог гэж үзэж болох байх. Зүүн өмнөд Азийн орнууд гэдэгт Малайз, Тайланд, Филиппин, Индонезийг оруулж байгаа юм. Эдгээр улсуудын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) 50-70 хувийг хятад гаралтай хүмүүсийн бизнес эзэлдэг. Хятад гаралтай гэхээр өнөөдөр нүүж очсон хятадууд биш аав нь, өвөө нь 50, 60 жилийн өмнө нүүж очоод өнөөдрийн бизнесээ эхлүүлсэн хятадууд юм. Бодоод үз дээ, Хятадууд манай улсын ДНБ-ний 50-70 хувийг атгана гэвэл Монгол хүн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэгвэл яагаад Хятадууд нэг улсад очоод ДНБ-ийнх нь 50-70 хувийг барьж байдаг юм бэ? гэсэн асуулт гарч ирнэ биз. Эдгээр орны ихэнх баялагийг Хятад гаралтай бизнемэнүүд бүтээж байна. Хятад бизнесмэнүүд Тайланд, Филиппин, Индонез, Малайзын бизнесмэнүүдээс илүү мэдлэг, боловсролтой юм уу? Амжилтын нууц нь юу вэ? Таны бодлоор юу байж болох вэ? 
 
“Сүлжээ болон Харилцаа” гэх юм байна. Яагаад гэвэл та өмнө нь харилцааны талаар тодотгосон учраас шүү дээ. Тодотгоогүй байсан бол өөр хариулт өгч магадгүй. 
-Сингапур, Хонг-Конг, Хятадын эдийн засаг өндөр хөгжиж байна. Энэ нь миний дээр хэлсэн орнуудад амьдардаг хятад гаралтай бизнесмэнүүдэд дам нөлөөлж байгаа юм. Индонез, Филиппин, Тайландын хэрэглэгчдийн дунд Сингапур, Хонг-Конг, Хятадад үйлдвэрлэсэн, үйлдвэрлэдэг барааг хэрэглэх эрэлт бий. Түүнийг нь оруулж ирж, зах зээлийн хэрэгцээг хангахад л хятад гаралтай бизнесмэнүүдийн бизнес цэцэглээд эхэлдэг. Нэг малай нөхөр Хятадад эсвэл Хонг-Конгод очоод бараа авьяа гэхээр хятадууд өгөхгүй эсвэл олигтой хөнгөлөлт үзүүлдэггүй. Гэтэл хятад гаралтай нөхөр ирээд авъя гэхээр “болно” гээд зарахаас гадна бүр зээлээр хөнгөлөлттэй үнээр өгчихдөг. 
 
Нэг үндэстэн бие биенээ дэмжиж байна уу эсвэл бизнес харилцаан дээр тогтоод байна уу? 
-Индонез, Филиппин, Тайланд гэх мэт орнуудад худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг бизнесмэнүүдийн дунд Өмнөд Хятадаас гаралтай бизнесмэнүүүд маш олон. Тэр дундаа Гуанжоу, Хонг Конгоос гаралтай иргэд Зүүн Өмнөд Азид бизнес эрхэлдэг. Тэдгээр хүмүүс л Тайланд, Филиппин, Малайз, Индонезид гараад эргээд өөрийн нутгийнхаа хүмүүстэй холбоотой. Мэдээж дөч, тавин жил болсон ч гэсэн хамаатан ах дүү нар нь байж л байна биз дээ. Ингээд бие биенээ дэмжсэн бизнес хийдэг байна. Тэгж байж л тэр их баялагийг бүтээдэг. Нөгөө унаган Тай, Малай, Индонезуудад бизнесийн сүлжээ, харилцаа багатай учир бизнес хийх боломж харьцангуй бага байж болох юм. 
 
Манай жишээн дээр ямар байх вэ? Монголд байгаа хятадууд бас ийм байж чадаж байгаа юу?
-Мэдээж Хятад гаралтай бизнесмэнүүд би хятад хүн гээд Зүүн өмнөд Азийн орнуудаар зарлаад явахгүй. Би Малайз, би Индонез хүн гээд л явж байгаа. Түүнтэй адил Монголд суурьшсан Хятадууд би Монголын иргэн, Монгол бизнесмэн гээд л явж байгаа байх. Нэг жишээ хэлье. Хятадууд Монголоос түүхий эд худалдан авлаа гэж бодьё. Авсан түүхий эдээ борлуулах суваг өөрөөр хэлбэл сүлжээ нь тэдэнд бэлэн байгаа. Монгол бизнесмэн, Монгол ченжтэй харьцуулбал энд тэгш биш бизнесийн орчин үүсч байна. Тэр Хятадуудын буруу биш. Тэд сүлжээгээ л ашиглаж бизнес хийж байгаа асуудал. Гол нь юу хэлэх гээд байна вэ гэвэл, Монголд ч гэсэн харилцаан дээр суурилсан бизнес явагдаж байгаагийн жишээ энэ юм. 
 
Дан ганц Хятад гаралтай бизнесмэнүүдэд ийм харилцаа байна уу? Ерөөсөө бизнес ийм харилцаан дээр явагдах ёстой юу? 
-Европын бизнесийг бодвол Азийн бизнес илүү харилцаан дээр тулгуурладаг. Тэр дундаа гэр бүлийн бизнес дээр илүүтэй суурилж явагддаг. Би Ази хүн ах дүү гурвуулаа гэвэл миний нэг дүү Индонез явлаа ч гэсэн байнга эргэх холбоотой байдаг. Авга, нагац эмээгийн өвөөгийн дүү, аавын ах, ээжийн дүү гээд бүгд эргэх холбоотой. Хятад өөрөө экспортлогч улс түүн дээр Хонг-Конг, Сингапур Азидаа хамгийн том эдийн засагтай орнууд учраас түүнийг дагаж эсвэл түүнтэй зэрэгцээд хөгжиж байгаа улсууд нь Филиппин, Индонез, Тайланд, Малайз болчихоод байгаа юм. Сингапур, Хонг-Конгод байгалийн баялаг гэх юм байхгүй. Технологи, ноу хау, менежмент л байна. Үүнийгээ шууд хөрш улсууд руугаа экспортолдог. Бизнес ингэж л өргөжиж байна. Бизнесийн харилцаа гэдэг бол энгийн үгээр бизнесийн сүлжээ, танил тал юм даа. Чи хэр сайн танил тал, бизнесийн хамтрагчтай байна бизнес чинь төдий хэмжээгээр өргөжиж томорно гэсэн үг. Ер нь бол бизнес хэвтээ (horizontal) болон босоо (vertical) гэсэн чиглэлээр өргөждөг. 
 
Та бизнесийг хэвтээ, босоо чиглэлээр өргөждөг гэлээ. Түүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. 
-Хамгийн энгийнээр тайлбарлахад нэг салбарт бие биенээ дэмжсэн чиглэлийн бизнес эрхэлдэг компанитай болж бизнесээ өргөжүүлэн зах зээлд эзлэх хувь, орлого ашгаа нэмэгдүүлэхийг босоо хэлбэрийн өргөжилт гэдэг. Жишээ нь, манай улсын хувьд бизнесийг босоо чиглэлээр өргөжүүлж байгаа хамгийн ойрын жишээ бол “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл” юм. Банк санхүүгийн салбарт гэхэд л “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл” нь банк, даатгал, хөрөнгө оруулалт, бичил санхүү, брокер дилерийн компанитай болсон. Хууль нь гарвал хөрөнгө оруулалтын сан ч бий болох байх. Энэ нь банк санхүүгийн салбар дотроо өргөжин тэлж, бизнес босоо чиглэлээр тэлж байгаагийн жишээ юм. 
 
Бизнес босоогоор хөгжих нь сайн талтай юу? Нэг нэгэнтэйгээ хэтэрхий холбогдчихож байгаа юм биш үү? Яг л аалзны тор шиг. 
-Босоо эсвэл хөндлөн тэлэлтийн аль нэг нь илүү гэсэн ойлголт байхгүй. Зах зээлийн хуулийн дагуу л зохицуулагдана. Зах зээл дээр амьдарч чадаад дээрээс нь өргөжин тэлэх нь менежментийн л ур чадвар. Бид “Тэнгэр Санхүүгийн Нэгдэл”-д харьяалагддаг тиймээс ганцхан ХасБанкинд үйлчилнэ гэхгүй. Байгаа бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр л борлуулна. Харин нэг гэр бүл гэдэг утгаараа бол толгой компани, цаашилбал охин компаниуд хожих ёстой, хэрэглэгч зах зээлээс хямд, чанартай бүтээгдэхүүнийг гинжин холбооны огтлолцлоос хожих ёстой. 
 
Тэгвэл “Лобби” байна гэсэн үг үү? ХасБанкнаас зээл авч байгаа юм чинь “Тэнгэр Даатгал”-аар даатгуулах ёстой гэдэг ч юм уу? 
-Заавал даатгуулах ёстой гэсэн юм байхгүй. Үүнийг хуулиар зохицуулсан. Компаниуд групп болж, өргөжихийн давуу тал огтлолцоо худалдаа хийх явдал юм. Огтлолцоо худалдаа нь хэрэглэгчдэд багц бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, тэгснээр борлуулалтаа нэмэгдүүлэх нөгөө талаас харилцагчдын хувьд явдал чирэгдэлгүйгээр нэг дороос, чанартай, хямд бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломж олгодгоороо давуу талтай. Өөрөөр хэлбэл, банк, даатгал, хөрөнгө оруулалтын үйлчилгээг тус тусад нь авах нь хэрэглэгчийн хувьд өртөг өндөртэй, цаг хугацааны хувьд үр ашиг багатай. Гэтэл хэрэглэгчийн хувьд үүнийг нэг дороос авбал цаг хугацаа хэмнэх талаасаа ч тэр, эдийн засгийн талаасаа ч тэр үр ашигтай байдаг. Ер нь босоо өргөжилт, тэлэлт гэдгийг барилгын компани дээр тайлбарлавал илүү тодорхой болох юм шиг байна. Би барилгын бизнес эрхэлдэг бизнесмэн гэвэл барилга барихад шаардлагатай бараа материалыг энд тэндээс худалдаж авах нь тодорхой. Цемент, обой, арматур, хадаас, банз, радиатор гэх мэт маш олон зүйл барилга барихад хэрэгтэй болно. Энэ бүх бараа материалыг өөр хэн нэгнээс авснаас өөрөө үйлдвэрлэдэг болчихвол надад илүү ашигтай, би ирэх таван жилийн турш барилга барих тул зардал хэмнэгдэнэ гэсэн тооцоо хийгээд түүнийгээ хэрэгжүүлж болно. Эхлээд зуурмаг эсвэл тоосгоны үйлдвэртэй болно цаашилбал барилгын материалаа үйлдвэрлэх бололцоог судална Үүнийг дагаад бусад үйлдвэрлэл хөгжөөд ирдэг. Бас худалдааны компани байгуулагдана. Дээр нь илүүдэл бараагаа зуун айл дээр зарахад лангуу хэрэгтэй гэх мэтээр бие биеэ дагаад өргөждөг үүнийг л босоо өргөжилт гэж нэрлээд байгаа юм. 
 
Компанийг босоо өргөжилттэй байна уу, хэвтээ өргөжилттэй байна уу гэдгийг яаж хардаг вэ? Засаглалыг нь харах уу эсвэл салбарыг нь харах уу? 
-Зөвхөн компанийн засаглалаас нь бол харах арга байхгүй. Тухайн компанийн үйл ажиллагааг бүхлээр нь харахад л ямар хэлбэрээр өргөжин тэлж байгаа вэ гэдэг нь мэдэгдэнэ. 
 
Хөндлөн өргөжилттэй бизнесийн талаар? 
-Компаниуд хоёр ба түүнээс дээш салбар руу хөрөнгө оруулалт хийгээд эхэлбэл хэвтээ өргөжилттэй бизнес болдог. Бидний мэдэх Монгол компани гэвэл “Эм Си Эс” (МCS) компани байж болох юм. Гэхдээ эл компанид бие биенээсээ хамааралтай босоо өргөжилтийн шинж чанар ч байдаг байх. Зүгээр л хэвтээ хэсгийг нь сонгоё л доо. Ингэж тайлбарлахад илүү тодорхой байх болов уу. “Эм Си Эс” компани анх бизнесийн зөвлөгөө өгдөг байж байгаад гадаад худалдаа руу, ноолуур руу, барилга руу түүний дараа уул уурхай руу орсон гэж саная. Нийтдээ 20 орчим жилийн дотор хөнгөн үйлдвэр, уул уурхай, харилцаа холбоо, худалдаа гэх мэтээр өөр салбарын бизнес рүү өргөжин тэлжээ. Гадаад худалдаа нь барилгатайгаа, барилга нь уул уурхайтай, уул уурхай нь хөнгөн үйлдвэртэй шууд холбоогүй. Хэдийгээр бие биетэйгээ шууд холбоотой бизнес биш боловч эдгээр бизнесүүд шууд биш замаар бие биенийгээ дэмжиж байдаг. Нөгөө талаас бизнесийн эрсдэлээ удирдаж байгаа хэрэг юм. Нэг үгээр хэлбэл бие биеэ дэмжсэн сүлжээ болж өргөжжээ. Өөр өөр бизнесийн салбар боловч нэг эзний л бизнес цаана нь явж байна. Үүнийг л хэвтээ өргөжилт гээд байгаа юм. 
 
Хэвтээ, босоо өргөжилттэй бизнесийн аль нь илүү ашигтай гэж та бодож байна вэ? 
-Яг энэ нь ашигтай, тэр нь ашигтай гэсэн юм байхгүй. Бизнесийн өргөжилт, тэлэлтийг тодруулж өгч байгаа юм. Хэвтээ өргөжилтийн ойрын үеийн жишээ гэвэл өндөр технологийн үйлдвэрлэлд амжилттай байгаа APPLE байж болох юм. Apple компани бизнесийн гинжин холбооны дагуу өргөжин тэлж, техник хангамж, програм хангамж, контент, түгээлт, худалдааг холбох арга замыг эрэлхийлснээр одоо их бага хэмжээгээр эдгээр бизнес нь нэг компанийн хяналтад байх болсон. Тус компани сүүлийн үед компьютерийн түүхий эд болох чип хийдэг болох тухай зарлаж, мөн дижитал хөгжмийн компанийг авсан. Манай хувьд хүмүүс өнгөрсөн хорин жилийн дотор маш олон амжилттай бизнесийг эхлүүлсэн. Тэдний зарим нь гэр бүлийн оролцоотой бизнес байдаг. Хэн ч гэсэн өөрийн үр хүүхдүүддээ илүү итгэнэ. Гэтэл хүүхэд чинь тэр том компанийг авч явж чадах болов уу, авч явах хүсэл сонирхол байна уу гэсэн асуудал гарна. Үр хүүхэд нь тухайн бизнесийг авч явж чадах эсэх нь эргэлзээтэй бол яах вэ гэсэн асуулт бас гарч ирнэ. Хүүхэд нь зураач болох хүсэл, мөрөөдөлтэй байхад заавал бизнесээ залгамжлуулна гэвэл хэцүү.Тиймээс Монголд мэргэшсэн “хөлсний менежер” бий болж, тэдэнд итгэдэг соёл бий болох ёстой. Өмчийн эзэн мэргэшсэн менежер хөлслөөд миний хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүл, би чамд ийм хэмжээний цалин хангамж, шагнал өгье гээд гэрээ байгуулна. Бизнесээ мэргэшсэн хүнээр удирдуулж, өөрөө түүнд хяналт тавьж ажиллах нь зураач болох хүсэлтэй хүүхэддээ бизнесээ өвлүүлэхээс хамаагүй найдвартай арга юм. 
 
Монголд аль аль нь хөгжиж чадаж байна уу? 
-Компанийн засаглалын асуудал сүүлийн хэдэн жил яригдаад, хүмүүс бага багаар ухаарч байна. Гэхдээ яг зориглоод хөлсний менежерээр бизнесээ удирдуулаад явж байгаа жишээ одоохондоо бага байж магадгүй. Өнөөдөр хэн нэг залууд бизнесээ даатгаж орхиод өөрөө наран шарлагын газраар амарч яваа Монгол бизнесмэн тийм ч олон биш байх. Зүй нь бол өөрөө амраад явж байхад тайлангууд нь ирж байна, түүнийгээ хараад, компанийн үйл ажиллагаагаа хянаад явж байх ёстой юм. 
 
Өнгөрсөн ерээд оноос хойш өөрийн бизнесээ бий болгоод удирдаад яваа хүмүүс эхнээсээ нас ахиж байгаа байж болох юм. Тэгэхээр итгэлцлээс болоод ингэж өвлүүлэхгүй байна гэж ойлгож болох уу. Нэг нь итгээд бизнесээ өгч чадахгүй нөгөө нь итгэлийг нь даагаад бизнесийг нь аваад явж чадахгүй байна уу. Яг юунаас болж байна гэж та дүгнэж байна вэ? 
-Бизнесийг удирдаад авч явж байгаа хүмүүст бизнесийг удирдаж буй хоёр төрлийн хэлбэр байх шиг байна. 
 
Монголчуудын хувьд уу?
-Тийм. Бизнестээ өөрөө оролцоод, өөрөө өдөр тутмын ажлаа хийлцээд явдаг нэг хэсэг бизнесмэн байна. Уул нь, бүх юмыг чаддаг байх гэж, хийх гэж оролдох нь цаг үрсэн ажил нөгөө талаас энэ нь илүү сайн боломжийг алдаж байгаа хэрэг байж болно. Нөгөө хэлбэр нь менежментийн багаар бизнесээ удирдуулаад , тэр багт итгэж, хүнээр ажлаа хийлгэдэг нэг хэлбэр. Ийм л хоёр хэлбэр байх шиг. Манайхан хоёр дахь хэлбэр рүү нь орохгүй байгаа юм шиг санагддаг. Яваандаа энэ байдал өөрчлөгдөөд менежментийн багтай гэрээ хийдэг болно байх. Дэлхийн бизнесийн түүх ч энэ замаар л явж ирсэн. Монголын хөрөнгөтэй хүмүүс ч гэсэн менежментийн багийн тендер зарлаад төслийг нь аваад, судалж үзээд эрх мэдлээ шилжүүлдэг болох байх. Хөлсний менежер нь жишээлбэл “манай баг хүний нөөцийн хувьд ийм байна, санхүүгийн хувьд ийм байна” гэх мэтээр өөрийн багийн танилцуулгыг хийх хэрэгтэй болох байх. Хөрөнгө оруулагчийн эсвэл эзний хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх бизнес төлөвлөгөө чухал байх болно. Ийм хэлбэр лүү явмаар байгаа юм. 
 
“ХасБанк” хоёр дахь хэлбэрийн жишээ биш гэж үү?
 -ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөл нь банкны гүйцэтгэх захирал болон менежментийн багтай гэрээ хийгээд ажиллаж байна. Ер нь хоёр дахь хэлбэр гэж хэлж болох юм.
 
Та одоогоор “ХасБанк”-ны үйл ажиллагаа эрхэлсэн захирал хийж байна. Ер нь хөндлөнгийн нүдээр харахад хоёр дахь хэлбэрээр хөгжиж байгаа Монголын компани гэвэл ямар компанийг нэрлэх вэ?
 -Яг тэр гээд компанийн нэр хэлмээргүй байна. Гэхдээ ойрхон байгаа компанийн жишээ бол “НьюКом” байж магадгүй.
 
Монголын бизнес эрхлэгчид нэг зүйлээс айдаг юм шиг санагддаг. Бүх бизнесээ итгэж найдаад даатгадаг гэтэл нөгөө хүн нь өрсөлдөгч компанид нь ороод ажиллаад “ноу хауг” нь аваад явчихна гэдэг ч юм уу. Эсвэл ижил төрлийн бизнес эрхлээд бизнест нь гай болно ч гэдэг юм уу.
 -Таны хэлээд байгаа шиг жишээ дэлхий дээр онол болтлоо хөгжсөн байдаг. Үүнийг эзэн төлөөллийн онол гэдэг (Agency theory). Тухайн компанид ажиллаж байсан нөхөр хамаг “ноу хауг” нь аваад өрсөлдөгч компанид ажиллах нь ёс суртахууны хувьд байж болохгүй зүйл. Үүнийг хуулиар л зохицуулахаас өөр аргагүй. Тухайлбал, Чи компаниасаа гарвал ижил төрлийн компанид гурван жил ажиллахгүй ч гэдэг юм уу. Саяхан хүртэл манайд ийм жишээ гарлаа. Ер нь бизнес ёс зүйгүй хүмүүсээс хол байх ёстой. Ганц манайд ч бус дэлхий даяар ийм жишээ олон байна. Тайландад рестораны бизнес эрхэлдэг нэгэн эмэгтэй Вьетнам тогоочийг ажилд аваад хоол хийх бүх нууцаа зааж өгсөн байдаг. Гэтэл удалгүй нөгөө Вьетнам бүсгүй эсрэг талд нь “Тай” хоолны ресторан нээсэн байна. Тайланд рестораны эзэн эмэгтэй өөрийн хоолны жороо ахиж хэнд ч зааж өгөхгүйгээр шийдсэн иймэрхүү тохиолдол хаа сайгүй л байна.
 
Яаж хамгаалах вэ?
-Бизнест хувь хүний ёс зүй өндөр байх хэрэгтэй. Мэргэшсэн санхүүчийн шалгалт гэхэд л нөгөө олон тоо боддогийг нь багасгаад ёс зүйн асуулт, даалгавар илүү их өгдөг, түүнд ач холбогдол өгдөг болсон.
 
Хэд орчим жилийн дараа Монголчууд ёс зүйтэй бизнес хийдэг болох бол?
-Хэлж чадахгүй байна. Ер нь бол бид дэлхийн болон Азийн тэр дундаа Зүүн Өмнөд Азийн орнуудаас л гэхэд хол хоцроод байна.
 
Тэгвэл яаж ойртуулах вэ? 
-Хөрөнгө оруулалт, олон улсын компаниудын сайн менежментийг оруулж ирэх хэрэгтэй. Тэднээс л суралцаж, өөрсдөө хичээж ёс зүйтэй бизнес хийж сурна.
 
Та банкны салбарт ажиллаж байна. Банкны хөгжил хаашаа чиглэж байна вэ?
-Банкыг уламжлалт буюу сонгодог банк, хөрөнгө оруулалтын банк гэж ерөнхийд нь 2 ангилдаг. Уламжлалт буюу сонгодог банк хөгжлийн хувьд өмнө нь бүтээгдэхүүнд суурилж байсан бол одоо дараагийн үе буюу цахим банкны чиглэлээр хөгжиж байна. Харин дараагийн шат нь нөгөө л харилцаанд суурилсан банк болж хөгжинө байх. Энэ бол харилцаан дээр суурилсан банкны бизнес. Харилцаан дээр суурилсан бизнес бүх салбарт бий болж байна. Бүхий л бизнес харилцаан дээр үүсч, харилцаан дээр суурилж, харилцаан дээр хөгжиж байна даа.
 
Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсье.
 
 Ярилцсан А.Мөнхбаяр
 
/Эх сурвалж: http://businessnews.mn/read-article/14551/has_banknii_uil_ajillagaa_erhelsen_zahiral_ch_munhbayar_buhii_l_biznyes_hariltsaan_deer_suurildag/