Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк Эрчим хүчний хэмнэлтийг санхүүжүүлэх зорилгоор Deutsche Bank-ны Global Climate Partnership Fund сангаас зээл авсан Монголын анхны банк боллоо

ХасБанк нь Deutsche Bank-ны Global Climate Partnership Fund S.A., SICAV-SIF сантай 20 сая америк долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Таван жилийн хугацаатай энэхүү зээлийг ХасБанк эрчим хүчний хэмнэлтийг санхүүжүүлэхэд зориулах бөгөөд 9 сая ам.доллар буюу нийт зээлийн 45 хувийг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй жижиг дунд бизнес эрхлэгчдэд, үлдсэн 55 хувь буюу 11 сая ам.долларыг эрчим хүчний хэмнэлттэй байшин, хувийн орон сууц худалдан авахад нь зориулж иргэдэд олгох моргейжийн зээлийг санхүүжүүлэхэд зориулах юм.
 
Дэлхийн дулаарлын үндсэн шатгаан болоод буй хүлэмжийн хийн асуудал нь манай улсын хувьд ч тулгамдсан асуудал болоод байна. Сүүлийн арван жилийн байдлаар Монгол Улсын нэг хүнд ногдох хүлэмжийн хий, бага болон дунд орлоготой бусад орнуудтай харьцуулахад тэдгээрээс даруй 2 дахин их хэмжээнд хүрч, 2009 оны байдлаар бүр 3.3 дахин их болтлоо өссөн үзүүлэлттэй байна. Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийн хотуудаас 2 дугаарт орж, агаарын бохирдлоос болж хотын хүн ам эрүүл мэнддээ жилд 470 сая хүртэл ам,доллар зарцуулж, 10 хүн тутмын 1 нь нас барж байна.
 
ХасБанк нийгмийн чиг баримжаа бүхий өөрийн “Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашиг” гэсэн гурван талт эрхэм зорилгынхоо хүрээнд Та бидний амьдран буй орчинг сайжруулахад энэхүү зээл тодорхой хувь нэмэр оруулна гэж бид үзэж байна. 2009 оноос хойш бид гадаад дотоодын хамтран ажиллагч түнш байгууллагуудын хамтаар эрчим хүчний хэмнэлттэй зуух болон гэрийн дулаалгыг гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлж, тэдгээрийг худалдан авахад нь зориулж бичил зээл олгож эхэлсэн нь ХасБанкнаас эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнд олгож эхэлсэн анхны зээл байсан бөгөөд энэ нь улмаар эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд олгох жижиг дунд бизнесийн зээл болон моргейжийн зээл болтлоо өргөжөөд байна.
 
Эрчим хүчний хэмнэлттэй зуух, гэрийн дулаалга, сайжруулсан түлш, дулааны хэмнэлттэй вакуум цонх болон эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал, барилгын дулаалгын материал үйлдвэрлэх болон гаднаас импортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Жижиг дунд бизнес эрхлэгчдэд ЖДБ-ийн зээлийг олгох бол гэр хорооллоос орон сууцанд нүүн орж буй айл өрх, мөн хуучин орон сууцнаасаа нүүж эрчим хүчний илүү хэмнэлттэй болох нь нотлогдсон орон сууц худалдан авч буй иргэдэд моргейжийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох юм.    
 
The Global Climate Partnership Fund нь 2009 онд байгуулагдсан бөгөөд санхүүгийн байгууллагуудад болон хүлэмжийн хийг 20 хүртэл хувиар бууруулах төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж зээл олгодог сан юм. Тус сангийн хөрөнгө оруулагчид нь Холбооны Германы Байгаль орчны яам (German Federal Ministry for the Environment), KfW Хөгжлийн Банк (KfW Development Bank),  Олон улсын Санхүүгийн Корпораци (The International Finance Corporation) болон Данийн Засгийн Газар бөгөөд Монгол Улс нь тус сангаас зээл авч буй 6 дахь орон тэр дундаа Ази тивээс зээл авч буй 2 дахь орон болж байна.