Эрчим хүчний хэмнэлттэй усан халаалтын зуухыг Улаанбаатар хотын 6 дүүргийн гэр хорооллын иргэдэд нийлүүлэхээр боллоо
Засгийн Газрын Тусгай Сан – Цэвэр Агаарын Сангаас 2012-2013 онд Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айл өрхөд эрчим хүчний хэмнэлттэй усан халаалтын зуух нийлүүлэх Төслийг ХасБанктай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийн хүрээнд эдгээр дүүрэг бүрт байгуулагдах ХасБанкны борлуулалтын гэр цэгүүдээр нийт 20,000 ширхэг усан халаалтын зуухыг борлуулах бөгөөд төсөл 2014 он хүртэл үргэлжлэх юм.
Энэ удаагийн төслийн онцлог нь гэр хорооллын байшинтай, байшингаа усан халаалтын систем ашиглан нам даралтын зуух болон ханан пийшингээр халаадаг айлуудын зуухыг утаа бага ялгаруулдаг, эрчим хүчний хэмнэлттэй зуухаар солиход оршиж байгаа юм. Уг зуухыг Канадын инженерүүд Монголын нөхцөл, ахуй амьдралд зориулан тусгайлан үйлдвэрлэсэн бөгөөд биомасс шаталтын технологийг ашигласан тул бараг утаагүй зуух юм. Канад Улсад үйлдвэрлэсэн уг зуух нь Улаанбаатар хотын айл өрхөд ашиглагддаг бусад нам даралтын зуухнуудтай харьцуулахад 50 хувийн түлш хэмнэлттэй, түлшийг бүрэн шатаадаг буюу бага хаягдалтай, тоос болон утааг усаар шүүдэг, төвийн дулаанд холбогдоогүй газарт халаалтын зорилгоор ашиглахаас гадна хоол хийхэд бүрэн тохирсон гэх мэт олон давуу талтайгаас гадна манай улсын лабораторийн шинжилгээгээр физик химийн болон хаягдал бодисын хэмжээ нь /азотын исэл, хүхэрлэг хий, угаарын хий/ Монгол Улсын стандарт тоо хэмжээг давуулан нийцсэн байна.
Энэхүү өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй технологи бүхий зуухыг худалдан авч буй иргэнд зуухны үнийн 86 хувийг Цэвэр Агаарын Сангаас татаасаар хөнгөлж өгөхөөс гадна зуухыг суурилуулах үнийг 100 хувь татаасаар хөнгөлснөөр 75,000 төгрөгийн үнэтэйгээр хэрэглэгчдэд хүрэх юм. Уг зуухыг нийлүүлэгч компани болох “Хүрд” ХК нь зуухыг хэрэглэгчид хүргэж, угсарч суурилуулах бол Нийслэлийн Агаарын Чанарын Албанаас хэрэглэгчдэд хүргэсэн зуухны чанар байдал, суурилуулалтад мэргэжлийн хяналт тавьж ажиллах юм.
Дүүрэг бүр дэх ХасБанкны борлуулалтын гэр цэгүүд нь дараах газруудад байрлана:
- Сүхбаатар дүүргийн гэр цэг - 7-н Буудлаас урагш, төв замын зүүн талд, СБД 14-р хорооны хашаан дотор;
- Чингэлтэй дүүргийн гэр цэг - Дэнжийн Мянгын хуучин эцсийн буудал дээр ЧД 12-р хорооны хажууд;
- Баянзүрх дүүргийн гэр цэг - БЗ дүүрэг болон Цагдаагийн хэлтсээс урагш, Дүүргийн 9-ийн өргөн гудамжинд;
- Баянгол дүүргийн гэр цэг - Өргөө кино театрын арын замаар хорооллын эцэс явах замд 13-р сургуулийн хойно БГД 10-р хорооны хажууд;
- Сонгинохайрхан дүүргийн гэр цэг - Баянхошууны эцэс дэх ХасБанкны салбарын урд гудмаар өгсөөд СХД 10-р хорооны хашаан дотор;
- Хан-Уул дүүргийн гэр цэг - Яармагын эцэс явах замын дараагийн уулзвар буюу Цэцээ гүн цогцолбор сургуулийн баруун хойно, ХУД 8-р хороо Ахмадын байрны хажууд;
Дашрамд дурьдахад 2010-2012 онд Мянганы Сорилтын Сангийн санхүүжилтээр эрчим хүчний хэмнэлттэй 80,000 гаруй зуух, Мянганы Сорилтын Сан болон Цэвэр Агаарын Сангийн хамтарсан санхүүжилтээр 29000 зуух, нийт 110,000 орчим зуухыг хөнгөлөлттэй үнээр хэрэглэгчдэд нийлүүлж байгаа нь 2010 оны хүн амын тооллогоор “Улаанбаатар хотод 180,000 өрх гэр хороололд амьдардагаас 8 хувь нь нам даралтын зуухаар халаадаг байшинд амьдарч байна” гэсэн статистик тоо гарч байсантай харьцуулбал төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн талаас илүү хувийг эрчим хүчний хэмнэлттэй, утаа бага ялгаруулдаг зуухаар хангасан нь харагдаж байна. Харин энэ удаагийн төсөл нь өмнөх төсөлд хамрагдаагүй үлдсэн буюу нам даралтын зуухаар байшингаа халаадаг айл өрхүүдийг түлшний зардлаа 50 хувь бууруулах боломж бүхий эрчим хүчний хэмнэлттэй, утаа бага ялгаруулдаг усан халаалтын зуух буюу бойлероор хангаж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах юм.