Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон Hana Financial Group түншлэлийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

2012 оны 10 дугаар сар 9, Улаанбаатар. ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон БНСУ-ын Hana Financial Group нь өнөөдөр түншлэлийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ түншийн холбоо нь хоёр байгууллагын хоорондын урт удаан хугацааны хамтын ажиллагааны эхлэл болж байгаа юм.
 
ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон Hana Financial Group нь олон төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг улсынхаа тэргүүлэгч байгууллагууд бөгөөд олон улсын хэмжээний санхүүгийн нэгдэл болохоор зорин ажиллаж байна. Энэхүү удаан хугацааны хамтын ажиллагаагаар дамжуулан талууд харилцан ашигтай ажиллаж, олон улсын хэмжээнд өргөжин тэлэх зорилгодоо хүрэхэд илүү дөхөм болно. Иймээс уг хамтын ажиллагаа нь хоёр байгууллагын хөгжлийн дараагийн шатанд гарч буй чухал алхам болж байна.
 
Хамтын ажиллагааны үр дүнд ТэнГэр Санхүүгийн Нэгдэл түнш байгууллагын дэмжлэгтэйгээр БНСУ-д өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Hana Financial Group ТэнГэр Санхүүгийн Нэгдэлийн тусламжтайгаар Монгол улсад үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа талуудын удирдлагууд гарын үсэг зурах үеэр илэрхийлж байлаа.
 
Тэнгэр Санхүүгийн Нэгдэл
ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг Монголын тэргүүлэгч компани юм. Тус компанийн гол хувь нийлүүлэгчид нь ОУСК, ЕСБХБанк, Голландын Триодос банк, Швейцарын Блю Орчард, АНУ-ын Мерси Кор зэрэг олон улсын байгууллагууд юм. Нийт өөрийн хөрөнгийн 70 гаруй хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэлдэг. ТСНэгдэл нь ХасБанк, ХасЛизинг, Тэнгэр Даатгал, ТэнГэр Капитал, ТэнГэр Солюшн, Хас Секьюрити зэрэг охин компаниудтай. Тус нэгдлийн охин компани болох ХасБанк нь нийт хөрөнгийн хэмжээгээрээ Монгол улсын 4 дэх том банк юм. 
 
Hana Financial Group
Hana Financial Group нь 1971 онд анх Солонгосын Хөрөнгө Оруулалт, Санхүүгийн Корпораци нэртэйгээр байгуулагдсан. Тус байгууллага нь1991 онд Hana банк болон өөрчлөгдсөн ба түүнээс хойш тогтвортой өсөлт гарган БНСУ-ын үлгэр жишээ санхүүгийн нэгдэл болсон. 2012 онд Korea Exchange банкыг охин компани болгосноор Hana Financial Group нь тэргүүлэгч санхүүгийн байр сууриа нэмэгдүүлсэн ба өдгөө олон улсын санхүүгийн нэгдэл болохоор зэхэж байна.