Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нийгмийн сайн сайхны төлөө тогтвортой үйл ажиллагаа явуулж байна

Бүх нийтээр мод тарих аяны хүрээнд Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашгийг дээдэлсэн эрхэм зорилго бүхий ТэнГэр Санхүүгийн Нэгдэл Группын нийт ажиллагсдын 300 орчим төлөөлөл Сонсголын Бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай сургуулийн орчныг тохижуулж өнгөрөгч амралтын өдөр 3,100 гаруй мод бут суулгалаа.

29 дүгээр дунд сургууль нь Монгол улсын хэмжээнд цорын ганц сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль юм. ТэнГэр Санхүүгийн Нэгдэл Группын нийт ажиллагсдын санаачлагаар тус сургуулийг цэцэрлэгжүүлэх, тохижуулах зэрэг олон арван ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа ба мод тарих ажил нь энэ бүхний эхлэл болж байгаа юм.

Цаашид 29-р сургуулийн ойр тойронд хүүхэд багачуудын сурч боловсрох орчныг бүрэн хангасан, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулж ногоон байгууламж барих, мод бут, зүлэг суулгах, сагсан бөмбөгийн, теннисийн талбай байгуулах, явган хүний зам, зурвас хашаа барих зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХасБанкны ажиллагсдын санаачлагаар байгуулагдсан Хөгжлийн Алтан Сан ТББ нь 2003 оноос байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, Нийслэлийн усны ундаргын сав газруудыг ахуйн хог хаягдлаас цэвэрлэж мод бут тарих, хамгаалах “ХасТөгөл” аяныг Монгол улс даяар хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 21 аймаг, 11 томоохон суурин газруудад нийт 25,000 гаруй мод, бут, суулгац тарьж ургуулаад байна. “ХасТөгөл” нь гишүүдийн хандивын сангаас санхүүжигддэг төсөл бөгөөд 2010 оноос хойш төслийн хугацаанд 9 томоохон суурин газар төгөл амжилттай байгуулсан. Энэ 2012 оны хавар 9 газар шинээр болон хуучин төглүүддээ өргөтгөл хийх байдлаар ТББ-ийн хандивын сангаас 11.6 сая төгрөгийн санхүүжилт гарч нийт 800 гаруй гишүүд идэвхтэн гар бие оролцоод байна. Энэ хаврын ХасТөгөлийн үйл ажиллагаанд JCI байгууллагын идэвхтэн гишүүд мод суулгац хандивлах ажлыг зохион байгуулсан байна.

Байгаль дэлхий, хүүхдийн төлөөх энэхүү ажилд Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ, ТэнГэр Санхүүгийн Нэгдэл группын охин компаниуд болох ХасБанк, ТэнГэр Даатгал ХХК, ХасЛизинг ХХК, ТэнГэр Солюшинс ХХК, ХасСекюрити ХХК-иуд санхүүгийн болон бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж байгаа ба Европын Холбооны Холбооны Санхүүжилт бүхий Каритас Монгол ТББ-ын буцалтгүй тусламжаар сурагч багачуудыг амьдрах ухаанд сургах, тэдний байгаль экологийн хичээлээ явуулахад дэмжлэг болох зорилгоор хүнсний ногоо тарих бага оврын хүлэмж барьж өгөхөөр болоод байна.

Түүнчлэн СанСтрой ХХК-ийн гаргасан ажлын зургийн дагуу Сорт Хээр ХХК ногоон байгууламжид зориулсан хашаа, хайс, сагсан бөмбөгийн талбай, бүтээн байгуулах ажил явагдаж байна.

Хүрээлэн буй орчин, хүүхдийн төлөөх бүтээн байгуулалтад гар бие оролцож, дэмжлэг туслалцаа үзүүлж буй иргэд, аж ахуй нэгж байгууллага Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

БИД ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ