Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболдын ХасБанкны 2011 оны тайлангийн хурал дээр хэлсэн үг.

2012.01.28

Эрхэм хүндэт Хасчуудаа,

Хүндэт зочидоо,

ХасБанкны 2011 оны тайлангийн хуралд оролцож байгаа та бүхэнд манай банк болон түүний толгой компани Тэнгэр санхүүгийн нэгдлийн хувь нийлүүлэгчид болон Төлөөлөн удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэнд дэвшүүлье. Өнгөрсөн он та бид бүгдийн хувьд үнэхээр онцгой жил байсныг дахин сануулахад илүүц биш болов уу. Арилжааны банкны үйл ажиллагааны зөвшөөрөл авснаас хойш яг арван жил өнгөрлөө. Энэ хугацаанд ХасБанк өөрийн салбарт 4 дэх том нэгж болон өсөн тэлсэн төдийгүй системийн ач холбогдол бүхий банк болтлоо хөгжин дэгжлээ. Энэ юу гэсэн үг вэ? Энэ бол нэг талаар бидний чансаа, чадлыг илтгэсэн үзүүлэлт. Нөгөө талаас энэ бол бид салбарынхаа өмнө урьд өмнө байгаагүй өндөр хариуцлага хүлээж байна гэсэн үг. Харилцагчид, үйлчлүүлэгчид маань бидэнд илүү их итгэл үзүүлж, биднээс улам ихийг хүлээж байна гэсэн үг.

Монгол орон маань хөгжлийнхээ шинэ шатны гарааг эхэлчихсэн энэ үед мэргэжлийн өндөр түвшин, онцгой мэдрэмж, бизнесийн авхаалж самбаа, үйлчилгээний өндөр соёл, онцгой нийгмийн хариуцлагыг та бид бүгдээс урьд урьдийнхаас илүү шаардаж байна. ТУЗ ч үүнтэй зохицуулан шинэ орчин нөхцөлд таарсан стратегийн болон бодлогын түвшний удирдамж дэмжлэгийг банкны удирдлагын багт шуурхай хийгээд тогтмол өгч байсны үр дүнд гүйцэтгэх удирдлагын шийдвэрүүд энэхүү орчинд цаг алдалгүй гарахад нөлөө үзүүлснийг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Банкны бизнес төлөвлөгөөний хэрэгжилт бидний анхаарлын төвд байнга байсан. Хувь нийлүүлэгчид болон ТУЗ ХасБанкны дүрмийн санг нийт 35 тэрбум төгрөгөөр нэг жилийн дотор нэмэгдүүлж, 2-догч зэрэглэлийн өөрийн хөрөнгө авах үйл ажиллагаанд хурдан шуурхай шийдвэр гаргах боломжийг Банкны удирдлагад олгож байсны ачаар банк энэ жилийн өсөлтийг хийх дараагийн жилийн үйл ажиллагааг тогтвортой явуулах боломжоо нэмэгдүүллээ.

ТУЗ-өөс ХасБанкны шинээр томилогдсон удирдлагын баг болон бүтцийн өөрчлөлтийг дэмжиж ажилласны үр дүнд аливаа бизнесийн нэгж тэр тусмаа банк шиг нарийн мэдрэмж бүхий байгууллагын хувьд тийм амар бус үйл явц зөв өрнөлттэй явагдаж бодлогын залгамж халаа тогтвортой байлгах мөн үйл ажиллагааны өсөлтийн хурдыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ. Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ХасБанкны удирдлагын төвшинд гарсан өөрчлөлтийг гадаад орчин цочролгүй энгийнээр хүлээн авах нөхцлийг хангахад ТУЗ-ийн гишүүдийн нэр хүнд, дэмжлэг чухал нөлөө үзүүлснийг тэмдэглэмээр байна. ХасБанк ТУЗ-өөс тодорхойлсон жилийн зорилтуудынхаа дийлэнх хэсгийг амжилттай хэрэгжүүлж чадсан явдалд Гүйцэтгэх захирал Д.Бат-Очир, түүний удирдлагын багийн гишүүд, банкны нийт хамт олонд ТУЗ-ийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Гэхдээ олсон амжилтаа улам зузаатгах, хөгжин дэвжиж ингэснээрээ алсын хараа эрхэм зорилгодоо хүрэх үүрэг даалгавар та бид бүгдийн өмнө бий. Үүний тулд ХасБанкны дараагийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, үндсэн зорилтуудыг тодорхойлох ажил туйлийн чухал бөгөөд үүнийг бид өнгөрсөн онд эхлүүлж аль болох эртнээс үйл ажиллагаагаа төлөвлөх нөхцлийг бүрдүүлэхийн тулд хувь нийлүүлэгчид, ТУЗ болон менежментийн баг хамтран хүчин чармайлт гаргаж байгааг тэмдэглэмээр байна. Ингэхээс ч өөр арга байхгүй. Учир нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын шинэ давалгаа Монголыг тойрохгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Өдрөөс өдөрт ширүүсч байгаа банкны салбар дахь өрсөлдөөн та бид бүгдийг өрсөлдөх чадавхаа эрс нэмэгдүүлэхийг шаардаж байна. Эдгээр сорилтыг ХасБанк амжилттай даван туулах бүрэн боломжтой. Монголын аль ч өөр банкинд байхгүй олон улсын нэр хүнд бүхий хүчтэй хувь нийлүүлэгчид манай банкинд бий. Юмаа мэддэг банкны төлөө гэсэн чадварлаг ТУЗ бидэнд бий. Монголын банкны салбарын системийн банкийг бий болгосон мэргэжлийн удирдлагын баг бидэнд байна. Бидний нүүр царай, бахархал болсон манай хамт олон Та бүхэн байна.

Бидний хайрт эх орон Монгол Улсынхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Энэ их үйлсэд тань амжилт хүсэн ерөөе. Анхаарал тавьсанд баярлалаа.